Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: УИХ-ыг тараах сонирхол байвал ард түмэндээ шууд хэл

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаад МАН-аас ирүүлсэн гурван хүсэлтэд хариу өгөх шийдвэр гаргаж. АН-ын бүлгийнхэн МАН-ынханд товч бөгөөд тодорхой хариу барихаар бэлджээ.
Ингээд МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд “Хүсэлтийг чинь хүлээж авах боломжгүй” гэсэн үгээр бэлэг барихаар болж.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзах үеэрээ нэгдүгээрт, УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, хоёрдугаарт Өвөрхангайн тойргийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, гуравдугаарт, сонгуулийн таван тойргийн хорооны автомат машинаар тоолсон санал хураалтын дүнг гараар тоолохыг хүссэн аж.
Гэвч Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, “УИХ-ын даргыг томилох процесс хуулийн дагуу явсан тул УИХ-ын дарга З.Энхболд дахин тамга тэмдэг хүлээлцэх шаардлагагүй гэж үзжээ. Харин Өвөрхангайн тойргийн хороонд гарсан сонгуулийн маргааныг  УИХ, улс төрийн нам шийдэх нь хууль эрх зүйн талаасаа боломжгүй. Эл асуудлыг шүүх шийднэ гэдгийг МАН-ынханд уламжлав. Гуравдугаарт, гараар санал тооллого явуулах боломжгүй, УИХ-ын сонгуулийн тухай хуульд автомат машинаар саналын хуудсыг тоолно гээд заачихсан.
Дээрх асуудлыг хуулийн хүрээнд шийднэ гэсэн байр суурьт АН-ынхан хатуу зогсоно гэнэ. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс автомат машинд асуудал байхгүй гэж үзсэн учраас аль нэг улс төрийн хүчний шаардлагад нийцүүлж ажиллах ёсгүй юм” хэмээн үзжээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Анхдугаар чуулган ху­ралдаж, АН-ынхан дун­даасаа УИХ-ын даргаа сон­госон. Гэтэл МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй энэ долоо хоногт ч хуралдах нь байна шүү дээ. УИХ-ыг АН, Засгийн газрыг нь МАН-ынхан удирдан явуулж буй энэ байдал хэзээ цэгцрэх юм бэ?
-Эрх зүйн чадамж нь сонгуулиар дууссан Засгийн газар маш олон шийдвэр гаргаж буйг АН буруутгаж байна. Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, төсөв эдийн засагтай холбоотой асууд­луудыг энэ Засгийн газар ямар хэмжээнд шийдвэрлэснийг судалж байна. Үүнээс гадна УБЕГ-ын үйл ажиллагаа болон цахим үнэмлэх хэвлэх, тараах ажлын явц ямар байгааг шалгах ажлын хэсгийг бүлгээс байгуулаад байна. Төрийн ажил гацах ёсгүй. Төрийн эрх нэг намаас нөгөө намд шилжсэн. Тиймээс урагшаа харж л ажиллах ёстой. УИХ-ын гишүүд төрийнхөө үйл ажиллагааг тасралтгүй авч явах ёстойгоо ард түмнээс бидэнд хүлээлгэсэн үүрэг гэж ойлгож байгаа.

-УИХ-ын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орох уу?
-УИХ-ын бүтцийг яаралтай байгуулах нь тулгамдсан асуудал яах аргагүй мөн. Өнөөд­рийн байдлаар МАН албан ёсоор бүлэг бай­гуулаагүй. МАН-ынхан 25 гишүүнтэй. Байнгын хороодыг байгуулах нь зайлшгүй шаард­лагатай. Шинээр байнгын хороо байгуулах талаар одоогоор яриагүй байна.

-Хууль эрх зүйн хүрээнд МАН-ын бүлэг хэзээ байгуулагдах боломжтой вэ?
-Хуулиар яривал УИХ-ын дарга тамга тэмдгээ авснаас хойш МАН 24 цагийн дотор бүлгээ байгуулах хүсэлтээ УИХ-ын даргад өгөх ёстой. Өнөөдрийг хүртэл МАН энэ бичгээ өгөөгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Үүнээс гарах гарц бүдэгхэн байна. МАН-ынхан бүлэггүйгээр сул гишүүнтэй ажиллах магадлал хуулийн хүрээнд өндөр байгаа. Бидэнд хууль зөрчих эрх байхгүй. Хуулийг нэг нам өөртөө тохируулан хэрэглэдэг зүйл байхгүй болсон шүү гэдгийг анхааруулъя.

-Байнгын хороодыг бай­гуулахад УИХ-д олон­хийг бүрдүүлж байгаа гишүүд МАН-ын тусламжийг авах шаардлагатай. Учир нь, Байнгын хороодод ажиллах гишүүдийн тоо хүрэхгүй шүү дээ?
-Өнөөдөр бид УИХ-ын даргад Байнгын хороодоо байгуулахын тулд гишүүдийн тоог бууруулах санал тавина. Болж өгвөл Байнгын хороодыг энэ долоо хоногт байгуулах хүсэлт тавиад байна.

-УИХ-ын гишүүн Н.Бат­баяр өнгөрөгч долоо хоногт чуулганы танхимыг орхин гар­сан. Ямар учраас ийм бай­дал гаргасан талаар албан ёсны тайлбар өгөхгүй юү?
-Н.Батбаяр гишүүний үйлдлийн талаар бид ярилц­сан. АН-д нууц гэж байхгүй. Нам дотор жаахан зөрчил байс­ныг үгүйсгэхгүй. Энэ тийм том зүйл биш. Гэхдээ энэ нь АН-ыг тараах, 1996 оныг давтах, албан тушаалын араас хөөцөлдөөд нэгнийгээ ойлгохоо больсон гэсэн үг биш. Өнөөдөр бүлэг дээр нээлттэй ярилцлага болсон. Энэ ярилцлагад Н.Батбаяр гишүүн өөрөө оролцсон. Тиймээс бидний шийдэл хор уршигтай зүйл болохгүй.

-Хэрэв цаашдаа МАН-тай зөвшилцөлд хүрч чадахгүй бол яах вэ?
-МАН-ын шинэ дарга Энхтүвшин УИХ-ын даргатай уулзсаныхаа дараа ташаа мэдээлэл өгсөн. Тэр юу гэвэл зарим аймгийн машинаар тоолсон саналын хуудсыг гараар тоолохоор болж ойлголцлоо гэж хэлсэн. Ийм яриа болоогүй. УИХ-ын дарга болон МАН-ын дарга нар хууль хяналтын байгууллагын шийдвэргүйгээр хууль зөрчиж хоорондоо ойлголцоно гэж байхгүй. Өнөөдөр АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчид энэ УИХ-д олонхи байгаа нь үнэн. Гэхдээ бид олонхи гээд хүчээр асуудлыг шийдэхээс татгалзаж байгаа нь үнэн. Тийм ч учраас Дэмбэрэл даргыг дөрөв хоног хүлээсэн нь үнэн. Монголын маргааш байдаг гэдгийг Дэмбэрэл дарга хоёр удаа хэлсэн нь ч үнэн. Бид маргааш гэж ажлыг хойш тавьж болохгүй. Өнөөдрийг хүртэл бид хүлээцтэй хандаж байгаа. Бүгдээрээ нийлж, улс орны ажлыг урагшлуулах цаг болсныг хэлье. Хууль бус үйлдэл рүү хэзээ ч явж болохгүй. Урьд нь тохиролцож байсан юм, одоо тохиролцъё гэдэг ойлголт энэ сонгуулийн маргаашаас байхгүй болсон гэдгийг улстөрчид ойлгох хэрэгтэй. Хэрэв төрийн ажлыг санаатай гацаах, төрийг тараах сонирхол байгаа бол ард түмэндээ шууд хэл. Харин улс төрийн тайзан дээр хоёр хувилбартай жүжиг тавьж болохгүй. Бидэнтэй хамт урагшаа явах байх гэж МАН-д найдаж байгаа шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан