Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн хэвлэлийг тольдохуй

Эзнээ бичих эрх чөлөө

Австрали орноос уул уурхай, хэвлэл мэдээллийн салбарынх нь туршлагыг судлахаар  ирсэн бидний хэдэн сэтгүүлч энэ улсын хэвлэлийн зах зээлийн нөхцөл байдал тун эгзэгтэй үед ирж таарчээ. Австралийн уул уурхайн магнат эмэгтэй хэвлэлийн салбарт хөрөнгө оруулж эхэллээ хэмээн хэдэн сарын өмнө хайнгадуухан уншиж байсан мэдээ жинхэнэ сенсаацтай үйл явдлын эхлэл байсныг чухам л энд ирснийхээ дараа ойлгов.  Яг судлах гээд ирсэн хоёр салбарын маань эрх ашгийн зөрчил болоод огтлолцлыг харуулсан маш сонирхолтой үйл явцыг бид ирснээсээ хойш нэг сарын хугацаанд нүдээр үзлээ.

Хэрэв уншигчид маань санаж буй бол “Монголын нүүрсэнд нүд унагаж буй Австралийн магнат Жина Райнхарт гэж хэн бэ” гэсэн гарчигтай нийтлэл манай сонинд хэдэн сарын өмнө нийтлэгдэж байсан. Тэр нийтлэлийн гол дүрийн баатар болсон Жина Райнхарт хэмээх эмэгтэй өнгөрсөн нэг сарын хугацаанд Австралийн хэвлэлийн салбарыг бужигнуулаад авсан юм. Эцгээс өвлөж авсан уул уурхайн компаниа өөрийн хүчээр томруулж, дэлхийн хамгийн баян эмэгтэй болтлоо хөрөнгөжсөн Жина Райнхартыг саяхныг хүртэл уул уурхайн магнат гэж олон нийт хардаг байсан.

Гэтэл тэрээр нөлөөллөө зөвхөн уул уурхайгаар хязгаарлахыг хүссэнгүй. Өөрөөсөө тэс хөндлөн хэвлэлийн салбарт гар дүрж, Австралийн хамгийн том хэвлэлүүдийн редакцын бодлогод оролцох гэж санаархаж буйгаа илт мэдэгдэв. “Age”, “Australian Financial Review”, “Sydney Morning Herald” зэрэг Австралийн хамгийн  том хэвлэлүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Fairfax” группийн 15 хүрэхгүй хувийн хувьцааг Жина Райнхарт хэдэн сарын өмнө худалдаж авсан юм. Тэр үед сонинууд энэ тухай мэдээлэхдээ “Уул уурхайн магнат хэвлэлийн салбарт хөл тавилаа” хэмээн тун ч ажиг сэжиггүй байсан билээ.

Гэтэл Ж.Райнхарт “Fairfax”-ын хувьцааг зүгээр нэг худалдаад авчихаагүй гэдгээ  өнгөрсөн сарын эцсээр дэгдсэн цочир сонин мэдээгээр батлав. Тэрээр жилийн 2.48 тэрбум ам.долларын орлоготой, 8800 гаруй ажилтантай “Fairfax Media” группийн удирдах зөвлөлд гурван хүнээ оруулах, тэр дундаа ерөнхий захирлын суудлыг авах “хүсэлт” тавьжээ. Энэ нь тэртээ тэргүй цаг үеийн өөрчлөлт шинэчлэлээ дагаад үйл ажиллагааныхаа хэлбэрийг өөрчлөх хүнд сорилттой тулгараад байгаа Австралийн хэвлэлүүдэд том цохилт болсон юм. 100 гаруй жилийн түүхэн замналтай энэ том групп хэнээс ч хараат бус бие даасан редакцийн бодлого барьсаар өнөөг хүрсэн байтал хэн нэг баян эмэгтэй гэнэт гарч ирээд даргын суудлыг нь шаардаад, бодлогод нь оролцох санаа агуулж эхэлсэн нь зөвхөн хэвлэлийн салбар гэлтгүй нийгэм даяар томоохон хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Жина Райнхартын эзэмшдэг хувьцаа нь ердөө 15 хувь боловч групп дотроо хамгийн том хувьцаа эзэмшигчид тооцогдох учраас ийн том дуугарах эрхтэй гэж тэрээр өөрийгөө бодсон бололтой.

Ингээд нэг талаас редакцийн бие даасан байдлаа хамгаалах гэсэн хэвлэлийнхэн, нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн дуу хоолойгоо болгож, хяналтаа тогтоох гэсэн нөлөө бүхий хүчний хооронд “дайн” эхэлсэн. Энэ дайнд “Fairfax” группийн өөрийгөө хамгаалсан гол бамбай бол Редакцийн бие даасан байдлыг хангах тухай баримт бичиг байсан юм. Тэд олон арван жил мөрдөж ирсэн энэ л баримт бичиг, зарчмынхаа ачаар Австралийн хамгийн итгэл хүлээсэн, нөлөө бүхий хэвлэлийн групп болж чаджээ. Гэтэл Ж.Райнхартын талынхан энэ баримт бичгийг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, удирдлагын багт өөрсдийн хүнээ оруулах шаардлага тавьсан нь олон нийтийг хамгийн ихээр гайхашруулж бас эсэргүүцэхэд хүргэсэн юм.   

 Хэт нуршихгүйгээр энэ дайны ялагч нь хэн байсныг уншигчид илүү сонирхож буй биз ээ. Хөндлөнгөөс ажиглаж байсан хүний хувьд энэ дайнд хоёр тал хоёулаа байр сууриа 50:50-ийн харьцаатай хамгаалаад дууссан гэж харагдаж байгаа юм. Учир нь, Жина Райнхарт Удирдах зөвлөлд өөрийн хүсч байсанчлан гурван хүнээ оруулж чадаагүй ч группийн захирлын суудалд өөрийн дотны найз, Австралийн бас нэгэн баян эрийг суулгаж чадсан. Тэр бол Австралийн гудамжинд хэд алхаад л тааралдах “Hungry Jacks” хэмээх түргэн хоолны сүлжээ бизнесийг эрхэлдэг саятан Жэк Ковин. Түргэн хоолны сүлжээ бизнесээр хөлжсөн энэ эр Австралидаа гайгүй сайн CEO-гийн тоонд ордог бөгөөд “Ten Network” хэмээх телевизийн сувгийг дампуурах шахаад байхад нь босгож ирж, амжилтад хүргэсэн нэгэн аж. Энэ намтар нь түүнийг улсынхаа хамгийн том хэвлэлийн группийг толгойлоход чухал түлхэц болсон гэж хэвлэлүүд бичиж байна. Хэдий Жэк Ковин гаргуун бизнесмэн боловч Жина Райнхартын л халаасны хүн шүү дээ гэсэн бодлоор олон нийт түүний томилгоонд тийм ч таатай хандахгүй байгаа юм. Харин тэрээр өөрөө бол бие даасан удирдагч байж, группийнхээ хэвлэлийн бодлогод гадны нөлөөллийг тусгахгүй байж чадна, редакцийн бие даасан байдлыг хангах тухай баримт бичгийг хүлээн зөвшөөрнө хэмээн амлаж байна.

Жэк Ковиноос өмнө “Fairfax” группийг Рожер Корбетт хэмээх өөр нэгэн шилдэг бизнесмэн удирдаж байсан. Алдарт “Woolworth”-ийн сүлжээг Австралид амжилтад хүргэсэн гол хүн гэгддэг Рожер Корбетт хэдий чадварлаг удирдагч боловч Жина Райнхартын талынхны хүчтэй түлхээсэнд суудлаа өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Гэхдээ тэрээр өөрөө сайн хэлэлцээр хийдгийн хүчинд Ж.Райнхартын удирдах зөвлөлд гурван хүнээ оруулах саналыг няцааж, оронд нь захирлын суудлаа өгсөн хэмээн ажиглагчид үзэж байна.

 Ямартай ч, үүгээр нэг сар шахам Австралийн хэвлэлийн салбарыг донсолгосон томоо­­­хон шуугиан түр намжсан ч түүнээс гарах үр дагаварыг ирэх жилүүд илүү тод харуулах биз ээ. Харин энэ бүх үйл явцаас жирийн сэтгүүлч надад ажиглагдсан хамгийн сонирхолтой зүйл бол Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзнийхээ тухай бичих эрх чөлөө байлаа.  Дээр дурдсан бүх мэдээллийг бид “Fairfax” группийн эрхлэн гаргадаг “Australian Financial Review”, “Age” зэрэг сонин хэвлэлээс авсан юм.  Тэд эзнийхээ тухай ингэж дуугарч чадаж байгаа нь  мэргэжил нэгт сэтгүүлчийн хувьд бахархмаар сайхан санагдаж байлаа. Тэд өөрсдийн эздийн тухай хөндлөнгийн байр сууринаас харж, ямар нэгэн нөлөөнд авталгүйгээр зөвхөн сэтгүүлчийнхээ ажлыг хийж чаддаг юм байна. Аль ч газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэл ардаа эзэдтэй байдаг. Энэ нь тухайн улс орон, хэвлэл мэдээллийн салбар нь өндөр хөгжсөн эсэхээс бараг л үл хамаарна. Гэхдээ магадгүй ялгаа нь дээрх шиг жишээн дээр л илэрч гардаг бололтой. Хэвлэл мэдээллийн салбар өндөр хөгжсөн оронд редакцын бие даасан байдал гэдэг амин чухал байж, түүнийхээ хүчээр уншигчаа татаж, оршин тогтнодог ажээ.
Австралид ирээд танилцсан үзэг нэгт нөхөр, “Age” сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Ричард Бэйкер манай сэтгүүлчидтэй ярилцаж суухдаа үүнийг өөрийн жишээгээр баталсан юм. Олон ч дуулиантай хэргийг сонины хуудаснаа сөхөн тавьснаараа Австралийн шилдэг сэтгүүлчдийн тоонд зүй ёсоор багтах болсон тэрээр хамгийн сүүлд Холбооны нөөцийн банк авлигын хэрэгт орооцолдсон тухай сенсаацтай мэдээллийг илрүүлэн гаргажээ. Австралийн холбооны банк гадаад орнуудын мөнгөн тэмдэгтийг хэвлэхийн тулд тухайн улсын төр засгийн албан тушаалтнуудыг хахуульдсан тухай Ричард бичсэн аж. Хамгийн сонирхолтой нь, “Age” сонины удирдах зөвлөлд тус Холбооны нөөцийн банкны зөвлөлийн гишүүн багтдаг боловч хариуцсан ажлынхаа “но”-г дэлгүүлэхгүйн тулд Ричардын нийтлэлийг сониндоо хэвлэхээс татгалзаагүй гэнэ. Эндээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах нэг л өөр соёл ханхлаад байгаа биз.


ХЭВЛЭЛИЙН САЛБАР ХЭР ИРЭЭДҮЙТЭЙ БИЗНЕС ВЭ

Австралийн тэргүүлэх хэвлэлүүдийн нэг “Australian Financial Review” сонины редакцад зочилж, Мельбурн дахь салбарынх нь дарга Мэттью Данклитэй ярилцаж байх үед нэг ийм асуулт өөрийн эрхгүй гарч ирсэн юм. Орчин үеийн техник технологио дагаад цаасан хэвлэлээс илүүтэй онлайн хэвлэл, дижитал сонин руу хөгжлийн чиг хандлага явж буйг бид бүгд мэднэ.

Гэвч яг хэзээ цаасан хэвлэлийн орон зай бүрмөсөн хаагдаж, дижитал хэлбэр рүү шилжих вэ гэдгийг бид тооцоолоо ч үгүй яваа. Өглөө бүхэн сонины хуудас эргүүлж, хорвоо ертөнцийн сонин хачныг шимтэн унших кайфтай зуршил маань хэзээ үгүй болох тухай нухацтайхан төсөөлж ч байсангүй.

Гэтэл энд аль эрт бүхнийг тооцоолжээ. Техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн явдаг орны хувьд энэ нь зүй ёсны хэрэг мэт боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нэгэн төрлийн бизнес учраас үүгээр хэдий хүртэл хоолоо олж идэж болох вэ гэдгийг тэднээс нэг алхмын хойно яваа бид хүртэл бодох цаг ирчихсэн байна. Магадгүй бидний хувьд Австралийн хэвлэлүүдээс арай ахиу цаг хугацаа олдох хэдий ч хөгжлийн чиг хандлага нэгэнт эргэчихсан байгааг сануулах юун.
“Australian Financial Review” бол санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн талдаа Австралидаа №1 сонин. Таблойд буюу  А3 хэмжээгээр хэвлэгддэг энэ сонины бие нь жижиг боловч бэлчээр нь том оо. Долоо хоногтоо зургаан удаа хэвлэгддэг, 75 мянган захиалагчтай тус сонины гол уншигчид нь хөрөнгө оруулагч, бизнесмэнүүд, санхүүгийн шинжээч, улстөрчид гээд нэлээд дээд төвшний хүмүүс бий. 1951 оноос анхны дугаараа гаргаж эхэлсэн тус сонин 62 жилийнхээ түүхэнд Австралийн санхүү бизнесийн хүрээнийхний хамгийн итгэлтэй хэвлэлийн эх сурвалж болж чадсан. Тиймдээ ч өнөөгийн хэвлэлийн зах зээлийн өмнө тулгараад байгаа бэрхшээлийг ажрахгүй давж яваа аж. Сиднейд төвтэй, зөвхөн уран бүтээлчдийн редакц нь гэхэд 270 гаруй сэтгүүлч, редактортой нэлээд том бүтэц бүрэлдэхүүнтэй энэ сонины Мельбурн дэх салбар 15 хүнтэй, “Fairfax Media” группийнхээ байранд “Age” сонины редакцтай хаяа залган суудаг юм байна.
Хаа газрын сэтгүүлчдийн гал тогоо ямар байдаг яг тэр жишгээр л тэд ажлаа явуулдаг. Тэд биднээс нэг зүйлээр илт давуу байгаа нь ирээдүйгээ харж, түүндээ эртнээс бэлтгэж байгаа нь. Тэд цаасан сониныхоо амьдрах хугацааг 10-15 жил гэж харж байгаа гэнэ. Энэ хугацааны дараа тэд сониноо цаасаар хэвлэхээ болиод, дижитал сонин буюу онлайнаар захиалан уншдаг хэлбэр рүү бүрмөсөн шилжинэ гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Одоогийн онлайн захиалагчидтайгаа нийлээд бараг 100 мянган уншигчтай энэ том сонин гэхэд цаасан хэвлэлийн ирээдүйг 10 жилээс цааш явцгүй гэж харж байна. Гэтэл манай зах зээл ямар билээ. Жижиг зах зээлээ хэчнээн сонин хувааж эзэмшдэг билээ гээд бодоод үзвэл хэвлэлийн салбарынхны хувьд толгойгоо ажиллуулах цаг тулаад ирчихжээ.

Орчин үеийн техник технологи, өнөө цагийн амьдралын хэт хурдан хэмнэлийг дагасан уншигчдын хандлага гэдэг зөвхөн “Australian Financial Review”-д тулгараад байгаа асуудал биш ээ. Нийтдээ хэвлэлийнхний өмнө гарч ирээд байгаа том сорилт гэдгийг тэдэнтэй нэгэн дээвэр дор үйл ажиллагаагаа явуулж буй “Age” сонины жишээ бас харуулна. Өдөр тутам 170 гаруй мянган хувь хэвлэгддэг энэ сонин бас л орчин үеийн шинэ чиг хандлагын шуурганд өртөж,  таван жилийн дараа гэхэд хэвлэмэл сониныхоо үйл ажиллагааг зогсоож, дижитал хэвлэл руу шилжсэн байхаар төлөвлөн, одооноос шахуу бэлтгэлтэй ажиллаж байгаа гэнэ.
Сонины уламжлалт уншигчид цахим хэлбэр рүү урваж, хэвлэлийн орлогын гол эх үүсвэр болсон реклам сурталчилгааг нь ч бусад мэдээллийн хэрэгсэл булаах болсон тул сонин хэвлэлүүд оршин тогтнож үлдэх арга бараг үгүй болжээ.  150 гаруй жилийн түүхтэй, мянга гаруй сэтгүүлч, редактортой энэ сонин орчин үеийн уншигчидтайгаа хөл нийлүүлэн алхах гэж нүсэр том бүтцээ хүртэл багасган, орон тооны цомхотгол хийж, ирэх таван жилийн дотор хэвлэлтээ зогсоох хүртлээ одоогийн өргөн форматаа А3 хэмжээгээр солих гэж байна. 

Ийнхүү Австралийн томоохон хэвлэлүүд бүгд л дор бүрнээ өөрчлөлтөд аажим аажмаар бэлтгэж байна. Үүнээс харвал дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн чиг хандлага эргэлт буцалтгүй онлайн хэвлэл рүү шилжиж, бид шинэ бизнест хүч сорих цаг мөдхөн тулаад ирэх нь ээ.

Б.СЭВЖИДМАА

0 Сэтгэгдэл
bi l lav tsaasan sonin unshih durtai
Sevjee chinii article-s taalagdaj bna. Daraa daraagiinhiig huleegeed l ...
Eznee bichih erkh chuluu gedeg garchig chini undsen garchgaasaa ch iluu sain bn.
sain bichjee Sevjee. Amjilt. Garchig n uneheer gaihaltai.
Хамгийн их уншсан