Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл өнтэй өвөлжих үү


Наадмын дараа намар гэдэг. Магадгүй “Өвөл мөдхөн боллоо шүү” хэмээн сануулах гэсэн дээ биз. Үнэхээр ч Монголд өвлийн уур амьсгал эрт орж, жаргалтай ч богинохон намар тохиодог. Өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар НИТХ-н дарга Д.Баттулга болон тэргүүлэх гишүүд, агентлагуудын дарга нар хуралдлаа. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл болон их ба урсгал засварын ажлыг долдугаар сарын 30-ны байдлаар дүгнэж үзэхэд 64 хувьтай байгаа аж. Хурал дээр “Бүх сургууль, цэцэрлэг наймдугаар сарын 25-нд хүүхдүүдээ авахад бэлэн болно”, “Энэ өвөл ямар ч цахилгааны хязгаарлалт болохгүй”, “Орон сууцны айлуудыг жиндүүхэн хонуулахгүй” гэж хурлын үеэр холбогдох агентлагийн дарга нар амлалт өгцгөөсөн.

Зарим засварын болон бэлтгэл ажил бага зэрэг удаашралтай явж байна. Тухайлбал, одоо засч буй авто замуудад хучилт хийгдэхгүй байгаа гэнэ. Учир нь, хөрсний чийг хатсан үед л хучилт хийх ёстой аж. Гэтэл ус нь шингэж дуусаагүй байтал бороо залган орсоор буйн нь ажлаа зогсохоос өөр аргагүйд хүргэлээ хэмээн НАЗГ-ын дарга Д.Од учирлав. Мөн сонгуулийн үеэр цахилгаан тасалдуулахгүй байх үүднээс УБЦТС ТӨХК зургадугаар сарын 15-наас бүтэн сарын хугацаанд урсгал засвар хийгээгүй тул төлөвлөсөн хугацаанаас хоцорч буйгаа ч хэлэв. Гэсэн хэдий ч засварын ажлыг хугацаанд нь багтаан дуусгах болно гэсэн амлалтыг тус компанийн гүйцэтгэх захирал Ч.Саранжав НИТХ-ын даргад өгсөн. Албан байгууллагууд хамгаалалтын бүсэд нь хашаа барьснаас болоод дулааны шугам шинэчлэх ажил урагшлахад бэрхшээлтэй байгаагаа ч тэрээр нэмж хэлэв. Хурал дээр агентлагууд ажил явахгүй буй шалтгаанаа улиг болсон эдийн засгийн асуудалтай холбон тайлбарласан ч үнэндээ уялдаа холбоогүй ажиллаж байгаатай холбоотой гэдэг нь ажиглагдав. 

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын бүх хуучирсан дулааны шугамыг шинэчлэхэд 38 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог УБДС ХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал дуулгав. Хуучирсан шугамыг хэсэгчлэн шинэчлэхдээ тус бүр гурав орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Гэтэл үүнтэй зэрэгцэн Ч.Саранжав гуай “Хэрэв бидэнд 27 тэрбум төгрөг өгчихвөл гэр хорооллын утаатай бүсийг цахилгаанаар бүрэн хангаж чадна” хэмээн ярьж байх юм. Харин үүнээс илүүтэй олны санааг зовоож буй замын эвдрэлийг хэзээ засах талаар НИТХ-ын дарга Д.Баттулга хөндсөн юм.  Тэрээр нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одоос “Офицер – Чулуун овоо, Долоон буудал, Энхтайвны гүүрээс урагш зам зорчих аргагүй болтлоо эвдэрсэн байна. Энэ жил засвар, нөхөөс хийх үү” хэмээн асуусан. Тэрээр ”Эдгээр замыг удахгүй засна” хэмээн товчхон бөгөөд тодорхой хариулав. Гэвч цаг хугацааны хувьд есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхтэй давхцаж байх юм. Ямартай ч хурлын эцэст “шугам сүлжээний ажлыг есдүгээр сарын 15-н өдөр гэхэд дуусга”, “Замын ажлыг тасалдуулалгүй явуулах” даалгаврыг холбогдох албаныханд даалгаж, “яригдсан асуудлуудын зураг, төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, наймдугаар сарын 5-ны дотор НИТХ-д танилцуул. Үүний дараагаар ахин НИТХ-ын тэргүүлэх гишүүдийн хурал зарлаж болох юм” гэсэн шийдвэр гаргалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан