Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын нам дахин задрах уу



Хуучин нь шинэдээ халаагаа өгдөг зарчим алдагдаад удаж байна. Засаг дарга нар л гэхэд ажлаа солилцох болохоор тамга, тэмдгээ аваад албан тасалгаагаа түгжээд зугтаж алга болчихдог заншилтай. Энэ нь дээд шатандаа халдварлаж эхэлсний жишээг МАН-ынхан яруу тодоор харуулж байна. Тав дахь парламент хаалтаа ч хийгээгүй байтал шинэ гишүүд нь тангаргаа өргөчихсөн. МАН-ынхан энэ янзаараа гүрийсээр байвал УИХ-ын анхдугаар чуулган хэдэн сараар ч үргэлжлэх төлөвтэй. Анхдугаар чуулганаа хийж дуусаагүй байж намрын ээлжит чуулгантай ч золгож магадгүй нь.

Гэхдээ гэдийснээр асуудал шийдэгдэхгүй  гэдгийг МАН-ын зарим гишүүн ойлгож эхэлсэн бололтой. Онцлог нь гэвэл эрх ашгаа хамгаалах гэсэн цөөхөн хэд нь амбийцлаад эхэлсэн гэсэн үг. Тэднийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тэргүүлж буй аж. АН-ынхан нэгэнт МАН-тай хамтрахгүй гэдгээ олон нийтэд зарласан.
Харин Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар фракц АН-ынхантай уулзаж, эвсч, нэгдэх тухай санал тавьж байгаа мэдээлэл бий. Тэгэхдээ даварсан гэхэд дэндүү даварсан саналууд хэлсэн гэх. Насаараа ХЗДХЯ-тай зууралдсан Ц.Нямдорж гэхэд энэ яамыг л өгчих гэж гуйж буй сурагтай. Түүнчлэн “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй  битгий хамтарч Засгийн газраа байгуул. Бид өмнөх дөрвөн жилд хамтраад Засгийн газар байгуулж, амжилттай ажиллаж чадсан туршлага бий. Энд тэндээс гологдож шоовдорлогдсон нөхдүүд нийлж эвсэл байгуулчихаад одоо бүр Засгийн газарт орж улс орныг бужигнуулах гэж байна” хэмээн АН-ынхныг шахаж эхэлсэн гэв. Ямар ч байсан АН-ын хамтарсан засагт багтах хүсэлтээ байнга шахуу илэрхийлж буйг эх сурвалжууд хэлэв. Тэдэнтэй хамтрах хүсэлгүй буйгаа удаа дараа илэрхийлсээр байхад ингэж гуйж гувшиж явааг МАН-ын одоогийн удирдлагууд мэдээгүй ч байж магадгүй гэнэ.

Өөрчлөгдөж шинэчлэгдэх гэж намынхаа дарга нарыг, Удирдах зөвлөлтэй нь хамт сольж, өөрчлөөд сүржин хурал хийгээд удаагүй байгаа ч чухам хэн нь энэ намыг удирдаад буй нь тодорхой бус гэдгийг үүнээс харж болохоор. Ингэж АН-ынхны царайчилж яваа хүмүүс дунд МАН-ын одоогийн удирдлагуудын нэгийнх ч нэр дуулдаагүй нь хачирхалтай. Харин энэ саналыг нь АН-ынхан хүлээж авах хэрэггүй гэсэн байр суурьтай гишүүн олон байгаа аж. Ямар ч байсан олонхи болсон намын удирдах төвшинд болсон эл нууц уулзалтыг мэдэж буй хүрээнийхэн Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ынхны саналыг хүлээж авахгүй байхыг сануулжээ. Олонхи болж буйгаа мэдсэн даруйд л аль яамыг хэн нь авахаа шийдчихсэн АН-ынхан мэдээж, ХЗДХЯ-ыг Х.Тэмүүжин гишүүнээс булаахгүй нь тодорхой. Ер нь ч өөр санал тавилаа гэхэд, АН дахин МАН-тай ажиллахгүй гэсэн байр суурьтай бат зогсохыг намын дарга нартаа сануулах гишүүн олон бий гэнэ. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, нарын саналыг хүлээж авбал зууны тэнэг шийдвэр болох биз. 
 
Үүгээр ч зогсохгүй МАН-аас МАХН руу урвах сонирхолтой хэдэн гишүүнээ торгоож тогтоох гэсэн ээлжит арга эл нууц уулзалтууд гэв. АН-ынхантай хийсэн уулзалт үр дүнтэй байгаа гэж гишүүддээ тайлбарлаж эхэлжээ. Р.Раш, Д.Арвин, Д.Загджав гэсэн хуучнаар бол нам дотроо Н.Энхбаярын талыг баримтлагч хэд хэдэн гишүүн МАХН-д элсэх чимээ гараад удлаа. Энэ нь ч тийм цуурхал төдий мэдээлэл биш гэдгийг намынх нь гишүүд хэлээд байгаа юм. УИХ-ын гишүүн байсан төдийгүй намдаа нэр нөлөөтэй хүмүүс МАХН-д хайр зарласан учир “Бид удахгүй АН-тай эвсч засгийн эрх барилцах болно. Тэгэхээр та бүхэнд албан тушаал өгнө” хэмээн тайтгаруулж, тайвшруулах болсон нь АН-ыг царайчилж буйг нотлох бус уу. Заримд нь бүр тэр агентлаг, тийм албан тушаал өгнө гэж нэр цохон хэлэх бол. Тиймдээ ч Д.Загджавт Улаанбаатар төмөр замын даргын албан тушаал амласан гэх болов. Одоогийн МАХН-ын удирдлагууд болох Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нартай ерөнхийдөө нэг фракцад багтаж байсан дээрх гишүүдийн хувьд ямар нэг байдлаар тайлбар өгөөгүй. Гэхдээ л “МАХН-д орохгүй” гэж байгаад л нэг өдөр МАН-ын бат илэрхийлэхээ МАХН-ынхаар сольчихсон хүмүүс. Тэгэхээр МАН доторхи бужигнаан нэлээд хурцадмал байдалд хүрч, Н.Энхбаярын нам руу гурав дахь хэсэг бүлэг нөхдүүд урваж мэдэхээр хүнд байдалд орсныг хэн хүнгүй хэлж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан намд ард түмэн үнэлэлт дүгнэлт өгчихөөд байхад дахин итгэл олж авна гэдэг хэцүү. Тийм байтал нам дотроо зөрчилдөж, хэсэг бүлэг болж ганцаарчилсан тоглолт хийгээд эхэллээ гэдэг МАН дахин задрахыг зөгнөөд ч байх шиг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан