Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Тэмүүжин: Засгийн газрын гишүүдийн олонхийг УИХ-аас бүрдүүлнэ

АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн шинэ Засгийн газарт хэрхэн хамтарч ажиллахаа зөвшилцөж дуусчээ. АН-ын зөвшилцөх ажлын хэсгийн гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
 
-Хамтарсан Засгийн газрын өнгө төрх эхнээсээ тодорч байх шиг байна. Гэрээ хэлэлцээрийн дүнд ямар шийдэлд хүрэв?
-АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН гэсэн субьект Засгийн газар бүрдүүлэхээр боллоо. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшигчээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Үүний дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ ярина.

-Олон намаас бүрдсэн Засгийн газрыг тогтвортой байлгахаар Хамтарсан Засгийн газрын гэрээнд ямар заалт оруулсан бэ?
-Гэрээгээр тодорхой зохицуулалт хийнэ. Гэхдээ бид гэрээнд зааснаас илүүтэйгээр хийх ажил, зорьсон зорилгоороо л нэгдэнэ. Хийх ажил, зорилгогүй хамтарна гэвэл цаас болж хувирна. Тиймээс бид хамтын ажиллагаагаа цаас болгохгүйн тулд яах гэж нэгдэж байна, хамтарсны үр дүн юу байх вэ гэдэгт анхаарч ажиллах болно. Засгийн газар үр ашигтай ажиллахын тулд чиг үүргээ тодорхой болгоно. Ингэхийн тулд сайдуудын тоо болон хариуцаж байгаа яамдын бүтэц задарна. Сайдуудын тоо нэмэгдэж, бүтэц задарч байгаатай холбоотойгоор Засгийн газрын төвшинд нэг ч орон тоо нэмэгдэхгүй. Мөн зардал нэмэгдэх ёсгүй. Ингэхийн тулд давхардсан бүтцийг цомхотгоно. Нөгөөтэйгүүр илүү үр ашигтай ажиллах бүтэц бий болгоно.

-Яамдын дэд сайдгүй  болгоно гэсэн яриа гараад байгаа. Гэрээнд энэ талаар дурдсан зүйл бий юу?
-Одоогоор дэд сайдуудын орон тоог хэвээр үлдээхээр ярьж байна. Ингэхдээ дэд сайдын ажлын чиг үүргийг тодорхой болгоно. Ажил хийдэггүй хүмүүсийг тэжээхгүй гэсэн зарчим баримтална.

-Засгийн газарт орж ажиллах сайдуудад тодорхой шаардлага тавих уу?
-Хамтарсан Засгийн газар үндсэн дөрвөн зарчимтай ажиллана. Ингэхдээ чиг үүргээ тодорхой болгоно. Үүнийг дагаад хариуцлагын асуудлыг хөндөнө. Мөн Засгийн газарт авлига, сонирхлын зөрчлөөс ангид хүн оруулна гэсэн шалгуур тавина. Авлига, хууль, шүүхтэй холбогдож байсан хүнийг Засгийн газарт оруулахгүй. Орсон байсан ч элдэв асуудал нь хөндөгдөх юм бол дараа нь гомдох зүйл байхгүй. Манай, танай нам гэхгүйгээр хариуцлагыг нь үүрүүлээд явна. Хамтарсан Засгийн газрын гэрээнд сайдууд авлига, ашиг сонирхолтой холбоотой хууль тогтоомжийг баримтална гэдгийг нь баталгаажуулж гарын үсэг зуруулах заалт оруулсан.

-Өнгөрсөн парламентад танай нам МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингэхдээ УИХ-ын сонгууль болох нь гэсэн шалтаг хэлж хамтарсан Засгийн газраас гарсан шүү дээ. Хэрвээ “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-аас танай намтай адил байдал гаргавал яах вэ?
-Ийм байдалд орохгүйн тулд бид ажлаа сайн хийх ёстой. Өнгөрсөн парламентад манай нам хамтарсан Засгийн газраас гарсан нь сонгуультай холбоогүй. Хамтарсан Засгийн газар хийнэ гэсэн ажлаа хийхгүй байсантай холбоотой. АН Засгийн газраас гарч байж л  Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны шинэтгэлийг  хийж чадсан.
Гэхдээ цаашдаа нөхцөл байдал яаж эргэхийг би хэлж мэдэхгүй. Бидний хувьд Засгийн газраас аль нэг улс төрийн хүчин гарлаа гэж гомдоллохоос илүүтэйгээр энэ ажил зогсох уу, үгүй гэдэгт анхаарлаа хандуулна.

-Хэдэн яам, хэдэн сайдтай болохоор тогтов?
-16 яам, 19 сайдтай болох байх. Тэргүүн Шадар сайдын орон тоог үгүй болгосон.

-Засгийн газрын бүтэц гээд ярихаар УИХ-ын гишүүд яам толгойлох нь буруу, зөв гэсэн яриа байнга л гардаг. Энэ асуудлыг гэрээнд хэрхэн тусгав?
-Манай нам УИХ-д шууд олонхи болсон бол Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс илүүгүйг УИХ-аас үлдсэнийг нь гаднаас гэсэн зарчимтай байя гэж ярьж байсан юм. Харамсалтай нь, бид энэ бодлогоо хэрэгжүүлэх хэмжээний суудал авч чадсангүй. Одоо бол гурван намаас бүрдсэн Засгийн газрыг тогтвортой байлгах нь нэн чухал асуудал болоод байна. Тогтвортой байдлаа хадгалахын тулд нөгөө гадна, дотроос Засгийн газраа бүрдүүлнэ гэсэн асуудал хөндөгдөж эхэлнэ.
Ийм нөхцөлд гаднаас Засгийн газрын гишүүн тавибал гүйцэтгэх засаг маш хурдан унах аюултай. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн эрх ашгийг зөв холбож өгөхгүй бол эрсдэл дагуулна. Тиймээс ажлаа хийж чаддаггүй Засгийн газар байсан нь дээр үү, нэг зарчмаас ухарч тогтвортой үйл ажиллагаа явуулах Засгийн газар байгуулах нь хэрэгтэй юу. Энэ бүх асуудлаас үүдэж шинэ Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг УИХ-ын гишүүдээс бүрдүүлнэ. Мэдээж хэрэг гаднаас сайд болох хүн оруулна.

-Энэ удаагийн парламентад есөн эмэгтэй орсон. Тэд хоёр эмэгтэй сайд томилох санал гаргасан гэсэн. Үүнийг хүлээж авах уу?
-Ойролцоогоор эмэгтэй сайд хоёр байхаар тохирсон.

-Нэг талд маш хүчтэй сөрөг хүчин, нөгөө талд олон намаас бүрдсэн Засгийн газар байгуулагдлаа. Энэ хоёрын дунд ирэх дөрвөн жил нэлээн хүчтэй тулаан болох нь ээ?
-Тийм. Хүчтэй сөрөг хүчинтэй үед Засгийн газар тогтвортой байдлаа сайн хангах хэрэгтэй. Манай нам дангаараа олонхи байсан бол тогтвортой байдалд дээр санаа зовохгүй л байхсан. 

-Засгийн газрын тогтвортой байдалд илүү их анхаарсан учраас л яамдын тоог нэмсэн гэж нэг гишүүн ярьж байсан. Үнэхээр яамдыг задалж байгаа нь тогтвортой байдалд нөлөөлөх зүйл болж чадах уу?
-Үүнийг үгүйсгэхгүй. Засгийн газарт УИХ-ын гишүүдийг түлхүү оруулна гэдэг нь тогтвортой байдлаа хадгалж байгаа хэрэг. 

-16 яамтай болно гэлээ. Тэгэхээр таван яаманд зориулж барилга барих ажил гарах нь ээ?
-Үгүй ээ, тийм биш. Яамдыг салгалаа гээд шинэ байшин нэмэхгүй. Бүх яам нэг байшинд байсан ч яадаг юм. Тийм биз дээ. Бодлого нь салж байгаа болохоос биш ямба нь салахгүй гэсэн зарчим барьж ажиллана. Сайдууд, яам тамгын газрынхны бензиний зардлыг нь л өгнө. Өөр бусад тансаглалд нь зориулж төсөв гаргаж өгөхгүй. Ажлаа хийх гэж байгаа бол ажлаа л хий. Сайдууд хоногт найман цаг ажилладаг бол одоо 14 цаг ажилладаг болно. Мөн долоо хоногийн таван өдөр ажилладаг бол зургаан өдөр ажилладаг болно. Эхний хоёр жил сайдуудад ээлжийн амралт гэсэн ойлголт байхгүй гэсэн заалт оруулна. Сайдууд ингэж ажиллаад ирэхээр мэргэжилтнүүд ч гэсэн хоногт 14 цаг ажиллахаас өөр аргагүй. Магадгүй ингэж ажиллаж чадахгүй хүнд уучлаарай л гэж хэлэхээс өөр аргагүй. Ийм ажлын ачаалал дийлэх хүн л бидэнд хэрэгтэй.

-Таны сая ярьсан зүйл хэрэгжинэ гэхээр нэг л итгэж өгөхгүй байна. Магадгүй надтай адил итгэхгүй хүн олон байгаа байх?
-Засгийн газрын бүтцэд зааж өгнө. Мөн хуулиар шийднэ. Ингэж байж энэ дөрвөн жил Засгийн газрын хийхээр төлөвлөсөн том шинэтгэлүүдийг хийнэ. Энэ бүхний дүнд улсын өнгө төрх өөрчлөгдөнө шүү дээ.

-АН-ынхан шинэтгэл гээд яриад эхлэхээр төрийн албан хаагчид түгших боллоо. Намайг одоо ажлаас халах байх гэсэн айдастай хүн олширсон нь ойлгомжтой. Магадгүй “би МАН-ын гишүүн байсан юм чинь ажилгүй болно” гэсэн бодолтой хүн цөөнгүй. Энэ тал дээр танай нам ямар бодлого барих бол?
-Үйлдвэрчний эвлэлээс төрийн албан хаагчийг ажлаас нь халахгүй байх талаар бичиг ирүүлсэн байна билээ. Уг нь, Үйлдвэрчний эвлэл баялаг бүтээдэг хүмүүсийн төлөө ажиллах ёстой. Бүтээсэн баялаг дээр ажилладаг нь төрийн алба. Тиймээс Үйлдвэрчний эвлэл баялаг бүтээдэг хүмүүсийн эрх ашгийн төлөө дуугарах ёстой. Баялаг бүтээдэг хүмүүс юу ярьдаг билээ. “Төрийн албаныхан хүнд сурталтай, ааш муутай. Үүнийг өөрчил” гэж шаардаж байхад Үйлдвэрчний эвлэл “төрийн албан хаагчийг ажлаас нь халж болохгүй” гэж дуугарч болохгүй.

-Танай нам төрийн албыг нийтийн алба болгоно гэж ярьдаг.
-Иргэнд үйлчилдэг албан тушаал тогтвортой байдаг юм. Харин яаманд ажилд орж байгаа хүн бодох хэрэгтэй. Яам бол сайдын ажлын алба. Тиймээс сайд солигдоход миний ажил өөрчлөгдөнө гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Харин иргэдэд үйлчилдэг Татвар, Гаалийн байцаагчдад сайд солигдох эсэх нь хамаагүй, албан тушаалдаа хэвээрээ л үлдэнэ. Үүнийг л төрийн албаныхан бодох хэрэгтэй.

-Таныг Хууль зүйн сайд болно гэсэн яриа гараад байгаа?
-АН-ын хийх шинэчлэлийн цөөнгүй хэсэг нь хууль зүйн салбарт хийгдэнэ. Тийм учраас энэ салбарт манай нам анхаарлаа тавьж байгаа. Миний сайд болох эсэхийг нам л шийднэ. Хийх ажил их байгаа учраас сайд болох бодол байна. Хууль зүйн сайд болбол өнгөрсөн 20 жилийн хууль зүйн салбарын ажлыг үргэлжлүүлнэ гэж хэлэхгүй. Том шинэчлэлийг эхлүүлнэ. Энэ шинэчлэл нэлээн олон хүний уурыг хүргэх байх. Мөн цөөнгүй хүнтэй муудалцах байх. Тиймээс Хууль зүйн сайд болохоосоо өмнө эрсдлээ тооцсон.

-ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таны хууль зүйн салбарт хийнэ гэж ярьдаг шинэтгэлийг шүүмжлээд эхэлчихсэн шүү дээ. “Хууль зүй, дотоод хэрэг хоёрыг салгаж болохгүй. Би энэ салбарыг 16 жил толгойлсны хувьд мэдэж байна. Х.Тэмүүжин буруу зүйл хийх нь” гээд …?
-ХЗДХЯ-ыг салгахгүй. Энэ салбарт нэлээн их өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Хууль зүйн яам нь өөрөө зохион байгуулалттай гэмт хэрэг, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлнэ.Тиймээс авлигачид их ууртай болох байх. Албан тушаалаараа амьдардаг хүмүүст таагүй байх болов уу. Тэдний хариу үйлдэл УИХ-ын чуулганы танхимд Тэмүүжинг огцруулая гэсэн үгээр илрэх байх.

-АН-ыг  өнгөрсөн парламентад дараагийн Хууль зүйн сайдаа бэлдсэн гэж ярьдаг. Та ч мөн хуулийн шинэтгэлийн талаар дуугүй суугаагүй. Одоо харин энэ бүхнээ хэрэгжүүлэх боломж олдох нь гэж ойлгож болох нь ээ?
-Ямар ч байсан энэ салбарт хийх шинэтгэлүүдийг маш сайн бэлтгэсэн. Цогцоор нь шинэтгэх урт хугацааны хөтөлбөр гарсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуульчдын дэмжлэг хэрэгтэй байна. Би нэг зүйлийг хэлье. Хууль зүйн сайд болсон ч болоогүй ч хууль зүйн салбарт хийх энэ шинэтгэлүүдийг хийхийн төлөө л ажиллах болно. Яагаад энэ үгийг давтан хэлж байна гэхээр Тэмүүжин сайд болох гэж дурлаад байгаа юм биш. Сайд байна уу үгүй гэдэг нь хамаагүй. Зүгээр л энэ ажлыг хийх ёстой гэж бодсон. Өнгөрсөн дөрвөн жил жирийн гишүүн юу хийж болдгийг харсан. Зарим хүн Тэмүүжин сайд болчихвол яана аа гээд сандраад байгаа юм шиг байна лээ.

-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт анхаарлаа хандуулдаг гишүүдийн нэг нь та. Магадгүй Хууль зүйн сайд болчихвол энэ асуудалд хэрхэн анхаарах вэ. Орхихгүй биз дээ?
-Орхихгүй ээ. Энэ асуудал өмнө нь Хууль тогтоох байгууллагын хэмжээнд яригддаг байсан бол одоо Засгийн газрын төвшинд очино гэсэн үг. Шүүх хуулийн байгууллага буруутай хүмүүст хариуцлага тооцоод явах байх. Харин Засгийн газрын зорилго бол дахин ийм зүйл гаргахгүйн тулд цагдаагийн шинэтгэлийг яаж хийх вэ, ийм маргаан гарвал хууль, шүүхийн байгууллага хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ, цагдаагийн үйл ажиллагааг хэрхэн олон нийтэд тайлагнах вэ гэдэг асуудлыг шийднэ. Ингэхийн тулд миний яриад байгаа том шинэтгэл хэрэгтэй. Цагдаагийн дөрвөн даргыг барьж хорьсноор долдугаар сарын 1-ний асуудал шийдэгдэхгүй.

0 Сэтгэгдэл
СОЛИОРОЛ,,,
ex ornoo gesen shiidel zorig gargaj baidag AN iinxang demjdeg shuu...yalangya temuujin chamaig ix zov shudraga baigaasai gej boddog shuu
AN min uragshaa ta nart amjilt husii
zasgiin gazar hurdan evendee orj ajlaa turgelmeer bna aa tegehgui bol ene uls ornii chini ajil hetsuudlee
Албан тушаалын донтонгуудыг албан тушаалын төлөө тасралтгүй үргэлжилж байгаа хэрүүл тэмцэл энэ бүхийг нэг шэнэчлээд өгөөрөй
ажлын өндөр амжилт
шунал мөрөөдөл хоёроо ялгаж ядан тэнтэр тунтар яваа МАН хэцүү шунал хүсэлдээ бачууран төрийн нурууг гуйвуулан явна. Энэ бүхнийг нэг тийш нь болгоорой
лөв л юм ярьж байна залуу боловсон хүчин шүү энэ залуу
ard tumen itgej bnaa
aqrdchilsan nam uurchlunu shuu
temuujin nymkag bhku bolgoo
temuujin chi chadnaa
tsagdaagiin dargiig horino gdeg ji yu gej bgaan be
er ni bol ter ni shudarga bailgui dee
MAN-iinhan ajlaa hiij chadahgui bol hiij chadah humuust ni suudlaa tavij uguu
tiim sh dee MAN l uls ornii ajliin tugjee bolood bnadag
MAN tugjeed bgaa bolohoos AN ch hiigeed bgaa shuu ajlaa
zasgiin gazar ajlaa hurdan ehluuleecheee
hey demjij bna aa tsaad MAN chini ajlaa hiihgeed bgaa yum uu yag yah geed bgaa yum boldoo
MAN hezee ajlaa hiij ehleh yum boloo harj huleeseer baital arai heterch bna aa arai denduu
zasgiin gazar hurdan evendee orj ajlaa turgelmeer bna aa tegehgui bol ene uls ornii chini ajil hetsuudlee
zub zub demjij bna aa amjilt
ilen dalangui neelttei zub hun gej boddog shuu ajliin amjilt husie ee
Хамгийн их уншсан