Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОНГОДОГ УРЛАГИЙН СОНГОДГУУД


Сэтгэлийг ариусгагч эгшиглэнт сүмийнхээ уран зүмбэрт алтан тайзыг хүмүүн бүхэнд тэгшхэн заяадаггүй уран хоолой, авьяас билэг, эрдэм оюунаараа чимж яваа хүмүүс бол дуурийн дуучид. Тайзыг зөвхөн уянгалаг хоолойгоороо биш зүйрлэшгүй гоо үзэсгэлэнгээрээ эзэгнэдэг нь яах аргагүй эмэгтэй гоцлоочид. Урлагт, тэр тусмаа дуурьт үзэсгэлэн гоо бүсгүйн дүргүй зохиол гэж үгүй.
ДБЭТ-ын халуун ам бүл 60 насны ойтойгоо золгож байна. Хүнээр яривал ач, гучаа үзэж жаргасан, амьдралд нухлуулж ухаан суусан гэсэн үг. Энэ л 60 жилийн хугацаанд тэд дөрвөн үеэ үзжээ. Анх 1952 онд гарсан гоцлол дуучдын анги нээх тушаалд есөн хүний нэр багтсаны хоёр нь бүсгүй хүн байсан нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаа, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн нар. Тэднийг дуурийн ууганчууд хэмээн өдгөө ч хүндлэн биширч, үлгэр дуурайл авсаар яваа билээ. Энэ үед хүмүүс дуурийг “Учиртай гурван толгой”-гоор л төсөөлдөг байв. Үзэгчдийн хайртай дүр нь Нансалмаа. Харин дуучдын хүсч мөрөөддөг дүр нь Хоролмаа байлаа. Л.Цогзолмаа гуай анх театрын алтан босго давсан цагаасаа л Нансалмаад дуулж үзэгчдийн хайрыг хүлээж байсан. Түүнийг Монголын дуурийн урлагийн амьд түүх гэж хэлж болох юм. Дуурийн театрын тайзнаа хэдэн зуун жилийн турш үргэлж л залуугаараа харагдаж чаддаг эмэгтэйг П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татьяна гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Үргэлж залуухан, бас үзэсгэлэн гоо энэ эмэгтэйг анх Л.Цогзолмаа гуай амьдруулж тухайн үед Монголд амьдарч байсан орос эрчүүдийг театр руу хошууруулсан гэдэг.

Монголын дуурийн нэрийн хуудас болсон бүтээлүүдийн нэг бол Дж.Пуччинийн “Чио Чио Сан”. Анхны “Эрвээхэй хатагтай” бол гавьяат жүжигчин М.Найдалмаа. Тэрээр ОХУ-д төрсөн, европ школтой монгол дуучин юм.
Хайр сэтгэлийнхээ төлөө өөрт байгаа бүхнээ золиослох аймшиггүй зоригт япон бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээж Монголын “хамгийн тансаг өнгөтэй эрвээхэй” хэмээн өргөмжлөгдөж явсан нэгэн. Дүрийнхээ намба аясыг товойлгон харуулж чадсан нь түүний өөрийн зан чанар, гадаад төрхтэй ч холбоотой аж. Харин 1983 онд “Чио Чио Сан” дуурийн уран бүтээлчдийг шинэчлэн бүрдүүлэхэд тодрон гялалзсан “од” нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Х.Уртнасан байлаа. Дуулах болон жүжиглэх ур чадварынхаа гайхамшгаар сэтгэлийн тэнхээтэй, ухааны цараатай бүсгүйн дүрийг бүтээсэн хэмээн үзэгчид өдгөө ч түүний тухай бишрэн шагширдаг. Түүгээр ч зогсохгүй ардын жүжигчин Х.Уртнасан өөрөө 1991 онд уг дуурийн, дуулах ур зүйг боловсронгуй болгож, тайзны найруулгыг өөрчилсөн юм. Тэд бол Монголын дуурийн урлагийн тулгын чулууг тавьсан анхдагчид байлаа.

Тэдний араас өв уламжлан гарч ирсэн нэгэн үе бол Меццо сапрона хоолойн чадлыг гайхуулсан дуурийн театрын амьд Өэлүн гэгддэг ардын жүжигчин А.Долгор, үзэгчдэд гал улаан “Кармен”-аар төсөөлөгддөг ардын жүжигчин Ч.Мөнхшүр, өнөө цагийн номер нэг Хоролмаа гавьяат жүжигчин Б.Цэцэгээ, “Турандот” дуурийн Турандотыг чадварлаг амилуулж босгосон ардын жүжигчин Б.Жавзандулам, гадны удирдаачдаас Дж.Вердийн “Трубадур” дуурийн Азученагийн дүрээр өндөр үнэлгээ авч түүгээрээ овоглох болсон Д.Долгормаа нар. Тэд дуурийн театрт асаасан галыг жинхэнэ дүрэлзүүлж, элч дулааныг улам нэмж өгсөн хүмүүс. Бас дуурийн урлагт хийсэн юмтай, хэлэх үгтэй ч хүмүүс билээ. Одоо тэдэнд хойч үеэ бэлтгэн, сонгодог урлагийн халуун сэтгэлийн залгамж халааг бэлтгэх их ажилд ханцуй шамлан ороод байна.
Тэдний замыг гэрэлтүүлэн дараагийн үе буюу 2010-аад оныхон өдгөө ид хав нь багтаж ядан байна.

Европ төрхөөрөө ялгардаг дуучин бол Монголын залуухан гавьяат С.Мөнгөнцэцэг. Түүний бүтээсэн Татъяна бол өмнө нь хэзээ ч байгаагүй ховор дүр төрх. Нуруулаг, эрлийздүү дүр төрх гээд түүнд Татъяна яах аргагүй шингэн уусдаг юм. Мөн Дж.Вердийн “Аида” дуурийн Аида ч бас. Дуучин эмэгтэйн өр өвтгөм эмгэнэлтэй түүх өгүүлдэг Дж.Пуччинийн “Тоска” дуурийн Тоскад хамгаас илүү хайртай хэмээн ярьдаг. Б.Эрдэнэтуяа бол чадалтай хоолойтой дуучин. Түүнийг анх Италийн тайзнаа Тоскод дуулахад чадалтай хоолойг нь сонссоод дотроо том биетэй байх хэмээн төсөөлсөн үзэгч цөөнгүй байсан гэдэг. Гэвч тэрээр хамгийн намхан Аида. Түүнийг Италийн багш нь “Чи бол амьд Тоска” гэсэн нь монгол эмэгтэйн шийдэмгий зан төрхтэй холбоотой гэсэн. Тэрээр Италид суралцах хугацаандаа олон дүр бүтээж байсан ч түүний дуулсан Чио Чио Сан нь дэлхийн урлагийн тавцанд өндөр үнэлгээ авдаг.  Мөн Дж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттаг гоцлол дуучин Ө.Уянгаар төсөөлдөг үзэгч цөөнгүй. Тэр бол театрт ассан бас нэгэн нарны гэрэл.

Хамгийн гайхалтай нь тэд дэлхийн аль ч оронд уралдаан тэмцээнд оролцохдоо ганзага хоосон ирдэггүй. Тэгэхээр тэд дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлчид гэсэн үг. Тэднийг дэлхийн тайзнаа илгээхдээ театрынхан ч бас нүүр бардам үлддэг гэсэн. Мөн Монголд альт хоолойтой дуучин ховор. Эмэгтэй хүний эрдүү хоолойтны дүрийг дуучин Р.Доржхорлоо, Ц.Арюна нар чадварлагаар бүтээж яваа. Эдгээр дуучдаар  ДБЭТ-ын эмэгтэй дуурийн дуучдын залгамж халаа үргэлжилж урлагийн их тайзаа чимэглэсээр л байна. Цаашид ч тэд улам илүү гэрэлтэж, ариун сүмийг уянгалаг хоолойгоороо хөглөсөөр байх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан