Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралийн Дээд шүүх тамхи үйлдвэрлэгчдэд хүнд цохилт өглөө

Австралийн Дээд шүүх өнгөрсөн онд парламентаас баталсан тамхины тухай хууль Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзлээ. Австралийн хууль тогтоогчид тамхины хайрцаг дээрх компанийн нэр, лого, брэндийн таних тэмдэг зэргийг үгүй болгож, бүгдийг нь нэг ижил өнгөөр үйлдвэрлэн борлуулах тухай хууль баталсан. Гэвч тамхи үйлдвэрлэгч олон улсын томоохон компаниуд үүнийг эсэргүүцэн Австралийн Дээд шүүхэд хандсан юм. Хуурамч, хямдхан тамхи үйлдвэрлэгчдийг гааруулахаас хэтрэхгүй муу хууль хэмээн тамхи үйлдвэрлэгчдийн шүүмжилж буй хуулийг шүүхээр хянан хэлэлцээд Үндсэн хуультай харшилдах зүйлгүй хэмээн үзжээ.
Үүгээр Австралийн эрх баригч Хөдөлмөрийн намын батлуулсан гол хуулийн нэг болох тамхины хайрцгийг нэгэн жигд үйлдвэрлэх тухай хууль төлөвлөсөн ёсоор энэ оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихэд ямар нэгэн саадгүй боллоо.  Хуульд заасан ёсоор тамхины хайрцгууд бүгд нэгэн ижил ногоовтор өнгөтэй байхын дээр тамхины хор уршгийг харуулсан график зураг дүрслэл, эрүүл мэндийн санамж анхааруулгатай байх ёстой. Харин үйлдвэрлэсэн компанийн нэрийг маш жижгээр бичих аж.
Ийнхүү Австралийн хууль тогтоогчид болон хууль сахиулагч, шийдвэр гаргагчид тамхины хууль дээр нэг ижил байр суурьтай байж чадсан нь томоохон ялалт боллоо хэмээн эрүүл мэндийн мэргэжилтнүүд магтан сайшааж байгаа бол тамхи үйлдвэрлэгчдийн хувьд энэ хуулийг хэрэглэгчдээ алдахын дохио хэмээн хүлээн авч байна. Хэдийгээр Австрали тамхи үйлдвэрлэгчдийн хувьд том зах зээл биш боловч тус улсын жишгээр бусад орон дээрхтэй ижил төстэй хууль батлах хандлага байгаа юм. Тухайлбал, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, АНУ-ын зарим муж улсад тамхины хайрцгийг нэгэн жигд болгох тухай хуулийн төсөл яригдаж байгаа аж. Тиймээс Австралийн Дээд шүүхээс гаргасан шийдвэр тамхи үйлдвэрлэгчдийн хувьд хүнд цохилт боллоо хэмээн хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа тамхины хайрцаг, сав баглаа боодлоороо гол маркетингаа хийдэг “British American Tobacco”, “Philip Morris”, “Imperial Tobacco” зэрэг брэнд үйлдвэрлэгчдийн хувьд хүнд ялагдал болж байна хэмээн шинжээчид үзэж байна. Эдгээр компани Дээд шүүхийн шийдвэрт туйлын сэтгэл дундуур байгаагаа мэдэгдээд энэ хууль хуурамч тамхи үйлдвэрлэж, хууль бусаар борлуулдаг гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлэхээс өөр үр дүн үзүүлэхгүй хэмээн мэдэгдсээр байгаа юм.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан