Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгорчуудын Бага олимп амжилттай болж өндөрлөв

Тив дэлхийн орнуудыг спортын тэнгэр дор нэгтгэн энх тайванаар амьсгалуулдаг “Лондон-2012” олимпийн наадамтай давхцан Монгол Улсад бага олимп болж өндөрлөлөө. Бага олимпийг одоогоос дөрвөн жилийн өмнө анх зохион байгуулж байв. Эл наадмыг 2008 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачилж, Баянхонгор аймагт анх удаа “Бага олимп”-ийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм. Тус наадам энэ удаад ч амжилттай болж их олимптой эн зэрэгцлээ. “Бага олимп”-д  Баянхонгор аймгийн 20 сум, есөн багийн 816 тамирчин жүдо, чөлөөт бөх, волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, хүчний гурван төрөл, үндэсний бөх, буухиа гүйлт гэсэн есөн төрлөөр явагдаж, тамирчид ур ухаан, хүч хөлсөө дайчлан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан бөгөөд нэмэлтээр хүүхдийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, аваргаа шалгарууллаа. Энэ сарын 10-12-ны хооронд гурван өдөр үргэлжилсэн уг наадмыг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, Ардчилал сан, Техник импорт нэгдэл, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулсан бөгөөд дөрвөн жилд нэг удаа зохион явуулж байхаар уламжлал болгож байгаа ажээ.

Уухайн түрлэг дор ассан “Бага олимп”-ийн бамбар



Олимпийн наадмын хоёр дахь өдөр “Бага олимп”-ийн бамбар асаах ёслолын ажиллагаа үзэгчдийн халуун сэтгэл, уухайн түрлэг дор болж өнгөрлөө. Нээлтийн ажиллагааны эхэнд олимпийн наадамд хурд хүчээ сорих сум, дүүрэг, багийнхан ээлж дараалан уухайн түрлэг дор гарч ирснээр олимпийн наадмын албан ёсны нээлт болсон юм.“Бага олимп”-ийн торгон агшин бамбар асаах ёслол байсан. Баянхонгор аймгаас төрөн гарсан ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт, Универсадын аварга, залуучуудын улсын аварга М.Уранцэцэгт энэхүү эрхэм хүндтэй үүрэг оногдсон. Мөн тус наадмыг хүндэтгэн “Лондон-2012” олимпийн наадмын үе үеийн шилдэг тамирчид, Спортын хорооныхон, Баянхонгор аймгаар овоглосон алдартнууд хүрэлцэн ирсэн юм.Тодруулбал, ОУХМ-уудаас олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очир, Г.Сугаржаргал, Э.Энхбат, Ш.Цэвэлмаа, Д.Төмөрхүлэг, Ч.Насантогтох, М.Уранцэцэг, П.Лхамдэгд мөн МУГТ Х. Цагаанбаатар, Х.Болдбаатар, О.Балжинням, МУГЖ Д.Сосорбарам зэрэг хүмүүс хүрэлцэн ирсэн юм.Бамбар асаах ёслолын ажиллагааны дараа Олимпийн далбаа болон Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болж, МУСГЗ Ц.Чулуунбат болон “Sweetymotion” хамтлаг Төрийн дуулал эгшиглүүлсэн юм.



Энэ үеэр МУГТ, жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямын сэтгэгдлийг сонслоо. “Сайхан наадам болж байна. Спортыг хөгжүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулж байгаа гэж бодож явдаг. Олимпийн наадам шиг томоохон ажиллагааг зохион байгуулж байгаад нь маш их баяртай байна. Өмнө нь 2008 онд ирж байгаагүй. Харин энэ удаад сонирхлоо. Үнэхээр сайхан юм” гэв.
Бамбар асаах ёслолын дараа наадмыг зохион байгуулагч, санаачилагч УИХ-ын гишүүн Х.Баттулга нээж, үг хэллээ.



-Тэрбээр “Шинэ залуу тамирчдыг дэмжих зорилготойгоор дөрвөн жилд нэг удаа болж байхаар зохион байгуулж буй “Бага олимп” амжилттай үргэлжилж байна. Анхны олимпод спортын есөн төрлөөр гурав хоногийн турш өрсөлдөж байсан бөгөөд Баянхонгор аймаг олимпоор амьсгалж байсан билээ. Бидний уриа бол “Бага олимп”-оос “Их олимп”-ийн оргил өөд тэмүүлэх явдал юм. Үнэхээр  монголчууд бид олимпийн аварга болохыг олон жил хүсч байсан. Бидний хүслийг Н.Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль авснаар биелүүлж байсан юм. Энэ нь ч бидэнд “Бага олимп” бага ч гэсэн үүргээ гүйцэтгэж байна гэж бодогдуулсан” хэмээсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Ганбат хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт хонгорчууд аа, эрхэм хүндэт тамирчид аа, эрхэм хүндэт олимпийн медальтнууд аа. Үнэхээр өнөөдөр Баянхонгор аймагт маш сайхан үдэш болж байна. Юуны түрүүнд баянхонгорчуудаа төлөөлөн Лондонгийн олимпод оролцсон тамирчиддаа амжилт хүсье. Анх 2008 онд зохион байгуулагдсан “Бага олимп” өдгөө дахин болж байна. Тэр үед бид бүхэн олимпийн аваргагүй байсан. Олимпийн аваргатай болоосой гэж хүссэний үндсэн дээр энэ наадмыг зохион байгуулсан. Үүнээс дөрвөн жилийн дараа Бээжингийн олимпоос тамирчид маань богц дүүрэн медальтай ирж байлаа. Өнөөдөр ч гэсэн тамирчид маань богц дүүрэн медальтай ирсэн. Ард иргэдийн эрүүл мэнд, спорт, эрүүл энх, энх тайвныг бэлгэддэг энэ ажил маш зөв зүйтэй юм гэдгийг хэлье” хэмээсэн юм.
Үүний дараа Спортын дэд мастер Б.Сийлэгмаа тамирчдын тангаргийг уншсанаар нээлтийн үйл ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжиллээ.
“Бага олимп”-ийн нээлтийн арга хэмжээнд “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат, “Anemone” хамтлаг, дуучин A-Cool, “Sweetymotion”, залуу дуучин Л.Насанбуян нар ая дуугаа өргөн Баянхонгор аймгийн бяцхан хүүхдүүд гимнастикийн тоглолтоороо бэлэг барьсан юм.

Харин энэ үеэр цугласан олны анхаарлыг эрхгүй татан, босон уухайлахад хүргэх үзүүлбэрийн нэг нь яалт ч үгүй  “Хан Монгол” хамтлагийн циркчдийн “Морьтны гайхамшиг” үзүүлбэр байлаа. Монгол морьдын гайхамшиг, унаачийн эрэлхэг байдлыг харуулсан тус үзүүлбэрийг хамтлагийнхан зөвхөн эх орондоо ч бус дэлхий даяар гайхуулан ажилладгаа ч хэлээд амжлаа. “Хан Монгол” хамтлаг 15 гишүүнтэйгээр Монголд үзүүлбэрээ амилуулдаг бол Солонгос тэргүүтэй гадаадын хэд хэдэн оронд ч мөн ажилладаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан