Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ Засгийн газарт ажиллах 13 сайд тамгаа хүлээж авлаа

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар томилогдсон сайд нар өчигдөр ажилдаа орлоо. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хамгийн түрүүнд тамгаа хүлээн авчээ. Ажлаа өгч байгаа Ч.Хүрэлбаатар шинэ сайдад амжилт хүсээд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар хамт олонтойгоо хоёр жил найман сар ажиллалаа. Хийсэн ажил ч их байлаа. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд чадварлаг, ажилсаг, гар, сэтгэл нийлсэн хүмүүс гэдгийг тэмдэглэв.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг түүнд хариу талархал илэрхийлж, хариуцлагатай ажлыг чадварлаг хашиж байсныг хэлээд ажлын амжилт хүссэн байна. Мөн Засгийн газрын тулгуур болсон бүтцээр Ерөнхий сайдын удирдлага дор Ерөнхийлөгч, УИХ-тай хамтран үр бүтээлтэй ажиллах болно гэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар түүхэн уламжлалтай, ажлын ихэнхийг нугалж байдаг газар. Монгол Улсын хөгжлийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх, авлига, хээл хахуулийг устгаж, шударга ёсыг тогтоох зорилтын төв нь байх ёстой. Үүний төлөө эрч хүчтэй, дайчин давшингуй ажиллах хэрэгтэй гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт захилаа.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг сайд нартаа өндөр шаардлага тавьж байгаа гэдгээ ажлыг нь хүлээлцүүлэхдээ онцолж байлаа. Сайд нар Монгол Улс, хүн ардын эрчимтэй хөгжлийг эрчтэй урагшлуулж, монгол хүнээ ажилтай, орлоготой, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эрх чөлөөтэй, аюулгүй орчинтой болгохын төлөө шинэчлэлийн бодлогыг тууштай, шуурхай, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх үүрэг хүлээж байна. 

Энэ дагуу сайд нар:
•    Гарсан тушаал, шийдвэр олон нийтэд ил тод, нээлттэй байх
•    Хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэх
•    Орон тоог нэмэгдүүлэхгүй, цомхон, чадварлаг бүрэлдэхүүнтэй ажиллах
•    Салбартаа шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, хүнд суртлыг арилгах
•    Өдөрт 12-оос дээш цагаар, амралтын өдөргүй ажиллах
•    7 хоног бүрийн бямба гарагт Засгийн газрын хуралдаанд оролцох
•    Ням гараг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллах
•    Гадаадад албан томилолтоор жилдээ 2-оос илүү явахгүй
•    Цаг баримтлах зарчмыг хатуу мөрдөх
•    Боловсон хүчнийг тогтвортой, мэргэшсэн байлгах үүднээс аливаа томилгоог хийхдээ Ерөнхий сайдаас чиглэл авах
•    Ерөнхий сайдаас гаргасан чиглэлийн дагуу яам болон эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудыг хуваарилсан байранд байрлуулах гэсэн зарчмуудыг мөрдлөг болгон ажиллахаа илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажууллаа хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайд нар

Ч.Сайханбилэг - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 
Л.Болд - Гадаад харилцааны сайд


Х.Тэмүүжин - Хууль зүйн сайд

 
Ц.Баярсайхан - Барилга, хот байгуулалтын сайд

 
А.Гансүх - Зам, тээврийн сайд

 
Д.Ганхуяг - Уул уурхайн сайд

 
Я.Санжмятав - Хөдөлмөрийн сайд

 
С.Эрдэнэ - Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд


Н.Батбаяр - Эдийн засгийн хөгжлийн сайд

 
Л.Гантөмөр - Боловсрол, шинжлэх ухааны сайд

 
Ц.Оюунгэрэл - Соёл, спорт, аялал жуулчлалын сайд


Х.Баттулга - Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

 
Д.Бат-Эрдэнэ - Батлан хамгаалахын сайд

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан