Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амьдралдаа ганцхан л бүтээлээ худалдсан алдарт зураач Ван Гог





Хэрэв Винсент Ван Гог өнөөдөр амьд сэрүүн байсан бол дэлхийн хамгийн баян тэрбумтан байх байлаа. Учир нь, түүний нэрээр овоглосон хэдэн арван бүтээл өнөөдөр асар өндөр үнэд хүрч, дуудлага худалдаа бүрээс хэдэн арван сая ам.долларын ашиг олж байгаа билээ. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй 10 уран зургийн гурав нь түүний бүтээл гэхээр Ван Гог үнэхээр ховорхон авьяастай зураачдын нэг байсныг гэрчилнэ.



Гэвч тэрээр 37-хон наслахдаа ядуу зүдүүгийн туйлыг үзэж, зовж зүдэрсээр хорвоог орхисон золгүй тавилантай нэгэн байв. Яагаад гэвэл тэр амьдралдаа ердөө ганцхан удаа л өөрийн “Улаан усан үзмийн талбай” бүтээлээ худалдаж, 400 франк олсноос өөрөөр авьяас билгээ үнэлүүлж чадаагүй билээ.
Голландын пост импрессионист зураач Винсент Виллем Ван Гог 1853 онд төржээ. Түүний бага насны тухай гоц гойд мэдээлэл байдаггүй. Учир нь, түүний авьяас багад нь биш, бүр хожим эрийн цээнд хүрсэн хойно илэрсэн учраас хүний анхаарал татах зүйл байдаггүй байж. Ямартай ч, тэрээр багаас сэтгэлийн хөөрөл ихтэй, өөртөө итгэл муутай, дорой нэгэн байсан нь хожим сэтгэл мэдрэлийн өвчин тусах эхлэл байсныг ч үгүйсгэх аргагүй юм.

Ван Гог өсвөр насандаа зураач биш харин урлагийн бүтээл худалддаг наймаачин болох хүсэлтэй байж. Харин түүнийг зураач болохыг дэмжиж ятгадаг, шахаж шаарддаг ганцхан хүн байсан нь түүний ах Тео байсан гэдэг. Ван Гогт бурхнаас заяасан гэмээр цорын ганц дотны хүн байсан нь Тео байв. Парист ажиллаж амьдардаг Тео дүүгээ зураач болгохын тулд мөнгө төгрөгөөр дэмжиж тэтгэдэг байжээ. Хоёр ч удаа сургуульд сурсан болж хаяад бас хэдэн ажил сольж хийж, тохирох ажил мэргэжлээ олохгүй явсан Ван Гог 28 насандаа сая нэг дүрслэх урлагт орохоор эргэлт буцалтгүй шийджээ. Тэр хүртэл өөрийнхөө авьяас билэгт итгэлгүй явсан тэрээр хоёр ч бүтэлгүй дурлал, амжилт олоогүй худалдаачны ажлаа ардаа орхиод, Бельги рүү дүрслэх урлаг суралцахаар явжээ.  Бельгид байх хугацаандаа буюу зураач болсон эхэн үедээ Ван Гог ихэвчлэн хөдөлмөрт нухлагдсан тариачин ардын гар, хөл, толгой, хөрөг зургийг нь зурдаг байв. Энэ үеийнх нь зурагнаас хамгийн алдартай нь 1885 онд зурсан “Төмс идэгчид” билээ.
1886 онд Ван Гог Парис руу явж уран зургийн галлерейд менежерээр ажилладаг ах Теотойгоо хамт амьдрах болов. Парист ирж, Францын уран бүтээлч Пол Гоген, Камилле Пиззаро, Клод Моне зэрэг бүтээлчидтэй нөхөрлөснөөр Ван Гогийн бүтээлд хар бараан өнгө давамгайлдаг байдал өөрчлөгдөж, илүү гэгээлэг болж эхэлжээ.  Энэ үеэс Ван Гогийн сэтгэл зүйд өөрчлөлт гарч эхэлсэн бөгөөд түүний түргэн ааш зан, бусадтай ойлголцдоггүй байдал, шөнөжингөө уран бүтээлийн талаар найзуудтайгаа ярилцдаг зэрэг нь эрүүл мэндийг нь дордуулж байжээ.

1888 онд Ван Гог уран бүтээлийн найзуудайгаа хамт Францын Арлег зорьж, тэнд өөрийн урлагийн сургуулийг нээхийг хүсч байлаа. Учир нь, энэ үедээ Винсент өөрийн гэсэн зургийн хэв маяг, өнгөний нэгдэлдээ тун ч сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй болсон байжээ. Яг энэ үедээ өөрийн нэрийн хуудас болсон алдарт наранцэцгийн зургуудаа тэр зурсан байдаг. Түүнчлэн энэ үед Ван Гог өөрийнхөө хөргийг олонтаа зурсан байдаг. Тэдгээр хөргийн нэг, басхүү Ван Гогийн хамгийн шилдэг бvтээлийн нэг болох “Гэмтсэн чихтэй хөрөг” зураг бол түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй байсныг гэрчлэх нэг нотолгоо юм. Энэ зурагт чухам яагаад Ван Гог чихээ боосон байгаагийн шалтгааныг тvvхчид олон янзаар тайлбарладаг. Ихэнх судлаачид Ван Гог өөрөө чихээ зvсч гэмтээсний дараа энэ хөргийг зурсан гэдэг бол Францын тvvхчдийн хувилбараар алдарт зураачийг дотны найз Пол Гоген нь гэмтээжээ. Амьдралынхаа сvvлчийн жилvvдэд сэтгэл мэдрэлийн өвчин нь улам бүр хүндэрсээр байсан Ван Гог ухаан санаа нь самуурсан байх vедээ найз руугаа дайрч, харин Пол Гоген биеэ хамгаалах гэхдээ сахлын тонгоргоор чихийг нь зvсч гэмтээжээ. Энэ явдлын дараа Пол Гоген Ван Гогийг орхиж явсан бөгөөд үүгээр алдарт зураачийн өөрийн гэсэн дүрслэх урлагийн сургууль байгуулах мөрөөдөл нь нуран унаж, өвчин нь ч улам бүр хүндэрчээ.
Энэ явдлын дараа тvvнийг Францын Гэгээн Ремигийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт жил гаруй эмчилсэн аж. Алдарт зураачийг эмчлvvлж байх үед тvvнийг бараг галзуурсан гэж тодорхойлж,өвчнийг нь эмчлэх гэж 200 гаруй эмч оролдож, 30 гаруй төрлийн онош тогтоож байсан гэдэг. Гэхдээ тэрээр энэ л vедээ “Аймшигт шөнө”, “Цахилдаг” зэрэг хамгийн алдартай бvтээлээ зурсан юм.

Эмчилгээний дүнд бие нь овоо дээрдсэн Ван Гог алдсан цаг хугацаагаа нөхөхийн тулд амьдралынхаа сүүлчийн хоёр жилийн хугацаанд маш шаргуу ажиллаж, өдөрт нэг зураг гараас гаргаж байсан гэдэг. Энэ бол 1890-ээд оны үе юм. Ингэж солиотой юм шиг ажиллаж байсан Ван Гог нэг л өдөр амиа егүүтгэх оролдлого хийж, цээжиндээ буудсан байна.  Сумны шархны улмаас тэр хоёр хоногийн дараа нас барсан юм. Түүний бүтээлүүдийг ах Тео нь цуглуулж хадгалж байгаад ердөө зургаан сарын дараа дүүгийнхээ араас хорвоог орхижээ. Теогийн эхнэр Ван Гогийн цуглуулгыг Голландад аваачиж, олон нийтэд хүргэснээр тэнгэрт хальсан зураачийн алдар нэр дэлхий даяар түгж эхэлсэн юм.
Ван Гог амьдралынхаа сүүлчийн 10 жил хүртэл уран зургийн чиглэлээр тууштай ажиллаагүй. Гэсэн атлаа дүрслэх урлагт хөл тавьсан эхний бөгөөд сүүлчийн тэр 10 жилд 2000 гаруй бүтээл туурвиж, тэднээс хэдэн арав нь өнөөдөр дэлхийн уран зургийн шилээврүүдийн тоонд зүй ёсоор орж байна. Түүний нийт бүтээлийн 900 орчим нь уран зураг, 1100 нь зураасан зураг, ноорог байдаг. Үүнээс хамгийн их алдаршсан, цуутай бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд буюу солиоролд автсан үедээ бүтээсэн байдаг.
Хэдийгээр Ван Гог амьд ахуйдаа амжилт олоогүй ч ирээдүйд уран бүтээлийг нь өндрөөр үнэлэх цаг ирнэ гэдгийг мэддэг байж. 1888 онд ахдаа бичсэн захидалдаа “Бүтээлд маань мөнхөд үнэлэгдэх чанар бий гэдгийг батлахын тулд би ажиллах ёстой. Ирээдүйн үеийнхэн над шиг өнгө будгийг эрхэмлэдэг зураачийг үнэлэх болно гэдэгт би итгэж байна. Тийм болохоор мөнгөгүйн зовлон тоочих эрхгүй ажиллах ёстой” гэсэн байжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
аймшигт шөнө ий?
агуу
үнэн тэ1
Хамгийн их уншсан