Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгалийн их нөөц нь Монголыг “баялгийн хараал” руу хөтлөх нь



Уул уурхайн олборлох салбарын гэнэтийн үсрэлт  нь  Монголын эдийн засгийн өсөлтийг  17 хувь хүртэл хурдасгалаа. Гагцхүү улс төрийн хувьд төдий л тогтворжоогүй, сулхан энэ улс орон “баялгийн хараал”-д идэгдэж, энэ их баялгаас орж ирж бyй мөнгө нь хүн амын ядуу хэсэгт хүрэлгүй, авлига болон урсах вий дээ гэж шинжээчид болгоомжилж байна. Монголын хүн ам цөөтөй зэрлэг тал нутагт өнөөдөр болж байгаа үйл явдлыг шинжээчид сугалаанаас азын тасалбар хожсонтой адилтгаж байна.

Маргааш  гэхэд олон улсын уул уурхайн олборлох компаниуд Арктик, Мьянме юм уу, Мозамбикт орд газар эзэмшихээр хөрөнгө оруулж магадгүй юм, гэхдээ л өнөөдөр анхаарал нь Монгол руу чиглэж байна. Монголын байгалийн баялгаас хишиг хүртэх компаниудын дунд Америкийн Nova Mining корпораци байгаа. Тэд саяхан Монголоос Хятадын зүүн эрэг хүртэл төмөр зам тавих төлөвлөгөө боловсруулснаа зарлаж байна. Энэ нь Монголын зэсийг цахилгаан утас болон гар утасны батерей хийхийн тулд дэлхийн зах зээлд гаргах зориулалттай гэнэ.
Үүнтэй зэрэгцээд Англи-Австралийн олборлох том мангас Рио Тинто Монголын түүхэнд хамгийн ихэд орох зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, зэс алтны Оюу толгой ордыг ашиглах гэж байна. Гэтэл бас Монголын эрх баригчид зургаан тэрбум тонн нүүрсний нөөцтэй Таван толгойн ордыг зарлаж, Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс гурван тэрбум ам.доллар цуглуулахаар оролдож буй.

Ингэж гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийн хэрээр тус орны эдийн засгийн өсөлт огцом дээшилж байна. Монголын дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт нь хэдэн улирал дараалан 17 хувьд тогтвортой байна. Энэ бол Азийн бусад  орнуудынхаас хамаагүй өндөр байна гэсэн үг. Тэр ч бүү хэл дэлхийн эдийн засгийн түүчээ гэгдээд буй Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдцаас хоёр дахин их юм. “Хөрөнгө оруулагчид ч Монголын энэ амжилт нэг хэсэгтээ хадгалагдана гэж байна. Монголчууд зөвхөн ганц Оюу толгойгоо ашиглахад л эдийн засаг нь 2019 он гэхэд гуравны нэг хувиар  өснө гэж эдийн засагчид үзэж байна.

Энэ төсөл Монголын өмнөд нутагт дэд бүтэц хөгжүүлэх том хувьсгал болж зам, нисэх буудал, орон нутгийн хотыг түүхэндээ анх удаа  24 цагаар эрчим хүчээр хангах цахилгаан станцтай болгоно” гэж Лондон дахь Рио Тинтогийн албан байрнаас мэдээллээ. Уул уурхайн салбар дахь энэ үсрэлт нь монголчуудын хувьд ийм их баяр хөөрөөс гадна бас сэтгэл түгшээх олон асуудал үүсгэж байгаа юм. Эдийн засгийн ганцхан салбар нь ингэж хөгжиж буй нь энэ улс олон улсын зах зээлийн үнэ, эрэлтээс хараат болох вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
Монгол Улс төрийн болоод нийгмийн салбартаа сулхан оронд тооцогддог. Тэгэхээр нефтийн их баялаг, нефть олборлох сал­бараараа томоохон кор­пора­циудын анхаарлын төвд байсан Нигерийн эмгэнэлт замналыг давтах эрсдэл бий. Нигерийн ардчилсан Засгийн газар гадаадаас орж ирж буй хөрөнгө оруулалтын их хөрөнгийг авлига, хүнд суртал бий болгоход л зарснаас биш эгэл хүмүүсийн амьдралд тун бага зарцуулсан байдаг. Ингээд л баялгийн шударга бус хуваарилалт нь бослого хөдөлгөөн, тэмцэл, террорист халдлага, зөрчилдөөн үүсгэн энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээж эхэлсэн түүхтэй. "Oxfam" байгууллага үүнийг “Баялгийн хараал” гэж нэрлэсэн байдаг.

Монголын Засгийн газар энэ бүхнийг ардчилсан зарчим, стандартаар зохицуулахыг эрмэлзэж байгаа ч саяхан тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүн нь улс орондоо улс төрийн тогтворгүй байдал бий болгосныхоо төлөө  шүүхээс ял аваад байгаа юм. Уул уурхайн олборлох салбар дахь шинэ шинэ томоохон хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн салбар хөгжихөд таатай нөлөө үзүүлэх ч байгаль экологид нөхөж баршгүй хохирол учруулах, ард түмний уламжлалт нүүдэлчин амьдралыг эвдэх гээд олон сөрөг үр дагавар дагуулна. Шинжээчид Монгол Улсыг өнөөдөр Нигерийн уначихаад байгаа занганд орчихгүйн тулд Норвеги мэтийн орнуудын олборлох компаниудтай албан ёсоор соёлтой хамтран ажиллах хэрэгтэй юм гэж үзэж байна. Монгол нь Төв Азид оршдог, далайд гарцгүй, зөвхөн Орос, Хятадтай хил залгадаг 2,8 сая хүнтэй, нэг хавтгай дөрвөлжин км газар нутагт 1,7 хүн оногддог улс. Эдийн засгийн үндэс нь мал, хөдөө аж ахуй.

Сүүлийн жилүүдэд зэс, нүүрс, молибден, тугалга, вольфром бусад ашигт малт­мал олборлохоор гадаад­ын хөрөнгө оруулалтын даллага аваад буй. Монголын нэг хүнд оногдох орлого нь өнөөдөр ердөө 4700 ам.доллар байгаа нь Украйныхаас даруй 1,5 дахин бага байгаа юм гэж http://world.eizvestia.com сайтад бичжээ.

Ц.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан