Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапурын нэр хүнд олон улсад унахаас эмээв

Сингапурын Ерөнхий сайд Ли Сьен Лунг улс оронд нь гадаадынхныг хавчиж хяхах үзэл дэлгэрч буйд санаа зовниж буйгаа мэдэгдлээ. Тэрээр Сингапурын тэмдэглэлт баяр Үндэсний өдрийн парадын үеэр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ энэ тухай сануулсан байна. Тэрээр хэлэхдээ “Улс орны цагаачлалын бодлоготой санаа нийлэхгүй, эсвэл эсрэг үзэл бодолтой байгаагаа илэрхийлэх нь шударга хэрэг. Гэвч сүүлийн үед ялангуяа онлайнаар энэ үзэл бодлоо маш бохир бүдүүлгээр илэрхийлэх болсонд миний санаа зовж байна. Энэ бүхэн манай улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагаад зогсохгүй сингапурчууд харийнхныг эсэргүүдэг хүмүүс гэсэн ойлголт төрүүлэхээр болоод байна” гэжээ.
Ерөнхий сайдыг ийн мэдэгдэхээс өмнө Сингапурын Засгийн газар гадаад цагаачдын урсгал хөдөлгөөнд хяналт тавих шинэ арга хэмжээ авна гэж өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Тус арга хэмжээ дунд удаан хугацаагаар Сингапурт ажиллахаар ирсэн гадаадын ажилчид хадам эцэг, эх, төрөл садангаа урт хугацаагаар гэртээ зочлуулах боломжгүй болох гэх мэтийн өөрчлөлт багтаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Сингапурын ард иргэд өндөр цалин хөлстэй ажлын байраа гадныханд алдаж байна, тэдний баян чинээлэг амьдралаас болоод үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч байна гэсэн гомдол шүүмжлэл ихээр гаргах болсон. Үнэндээ ч цагаачлалын асуудалд нээлттэй ханддаг тус улсын 5,2 сая хүн амын 40 гаруй хувийг гадаадад төрсөн иргэд эзлэх болоод байгаа юм. 

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан