Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Наранд биеэ шарж, интернэтээр зугаалан, кино үзэх Норвеги маягийн шорон...


Бастой арал дахь шоронгийн наран шарлагад хоригдол амарч байна
Норвегийн нийслэл Ослогоос 74 километрийн зайд орших Бастой аралд моддоор хүрээлэгдсэн хааш хаашаа нэг миль орчим газарт тод өнгөөр будсан модон байшингууд бий. Энэ бяцхан суурин 125 оршин суугчтай бөгөөд тэд морь унан, цэцэрлэгт барбекью хийж идэн зугаацаж, хааяа кино театр орж, наранд биеэ шарж чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Өвлийн цагт бол цанаар гулган жаргалаа эдлэнэ.  Тэдэнд хүнд хэрэгцээтэй бүхий л зүйл байх аж. Гагцхүү эрх чөлөө л үгүй. Тэд энд амрахаар ирээгүй юм. Учир нь, тэд шоронгийн хоригдлууд.  Гэхдээ дэлхийн хамгийн хүнлэг шоронд хоригдож байгаа улс.
Бастой арлын захирагч Арне Кверник Нилсен сэтгэл зүйч мэргэжилтэй нэгэн бөгөөд гэмт хэрэгтнүүдэд хүрээлэн буй орчноо хайрлах сэтгэл төрүүлж, дадал хэвшил болгосноор тэднийг хүний нийгэмд эргээд оруулж чадна хэмээн үздэг. Тухайлбал, хоригдлууд өөрсдийн гараар ногоо тарьж,  мал аж ахуй эрхлэнэ. Хоолоо хийх үедээ хутга мэс хүртэл ашиглахыг зөвшөөрнө. Тэр бүү хэл арлаас гадагш гарч ажил төрөл ч эрхлэх бололцоотой.

Хоригдлууд өглөө, өдөр ажил дээр идэх хоолоо өөрсдөө бэлтгэнэ
Бастой аралд ямар ч хашаа хаалт байхгүй. Цонхонд нь төмөр тор үгүй. Бүхэл арлын хэмжээнд тавхан хуяг ажиллах бөгөөд өдрийн гурван цагаас хойш бас амралтын өдрүүдэд амарчихна. Гэтэл энд Норвегийн хамгийн хүнд гэмт хэрэгтнүүд, хүн амь, хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүд бий.
Саяхан энэ арал нэгэн шинэ зочноор бүл нэмээд буй. Түүнийг бид өнгөрсөн оноос хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүй харсан учир сайн мэдэх болсон билээ. Тэр бол 77 хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг шархдуулаад шүүхээс 21 жилийн хорих ял аваад буй Андерс Беринг Брейвик. Норвегийн шүүх тогтолцооны бас нэгэн онцлог. Олон арван хүний цус урсгасан балмад жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байвч хуулийн дагуу 21 жилээс илүү ял эдлэхгүй гэж байгаа. Гэхдээ бүр тусдаа унтлагын өрөөтэй, телевиз, интернэтийн шугамтай шоронд шүү. Хэрэв түүнийг нийгэмд байлгах нь аюултай гэж үзвэл нэмж таван жил орчим хорьж магадгүй гэсэн таамаг бий. Хэрэв тэгвэл 2011 оны дэлхий дахиныг цочирдуулсан аймшигт хэргийг үйлдсэн этгээд 50 гаруйхан насандаа эргээд эрх чөлөөтэй болох юм. 
Гэвч энэ бол дэлхийн хамгийн хүнлэг шүүх тогтолцоотой Норвегийн ууч сэтгэлтэй ард түмний онцлог. Олон зуун айлыг уй гашууд автуулсан гэмт хэрэгтнийг цаазаар авч чадахгүй байлаа гэхэд бүх насаар нь хорьж чадсангүй гэж шүүх тогтолцоогоо адлаж шүүмжилсэнгүй. А.Брейвикийн хэргийн хохирогчид түүнд оноосон ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдээд, дахин түүний тухай бодож сэтгэл санаагаа дэмий үймрээхийг хүсэхгүй байна гэсэн утгатай ярилцлага хэвлэлүүдээр өгч байх юм. Энэ хэргийг хэрхэн шүүн таслах бол харж хүлээж байсан олон улсын хувьд энэ хүнлэг байдал байж болшгүй мэт хачирхалтай санагдсан ч ганц энэ хэргээс үүдээд шүүн таслах зарчим, хууль эрх зүйгээ өөрчлөөгүй үлдсэндээ баяртай байна гэж Норвегийн холбогдох албаныхан мэдэгдэж байна.

Номын сан
Хүний ёсыг гажуудуулсан гэмт хэрэгтэнд эргээд хүн ёсоор хандах нь түүнийг хүмүүжүүлж нийгэмшүүлэх хамгийн зөв гарц гэдэг ойлголт Норвегид төлөвшин тогтжээ. Энэ нь ч зөв гэдэг нь гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харагдана.  4,8 сая хүн амтай тус улсад нэг жилд хүн амины 29 гэмт хэрэг гарсан байна. Гэтэл шорон гянданд хатуу хяналт тогтоодог АНУ, Их Британи мэтийн улсуудад жил ирэх тусам хоригдлуудын тоо нь өссөөр. Гэмт хэргийн тоо ч буурахгүй байна. Үүн дээр шоронд “хүмүүжээд” гарсан хоригдлуудын 50-60 хувь нь давтан гэмт хэрэг үйлдэж, эргээд шорондоо ирдэг гэсэн статистик бий. Харин Норвегид бол энэ тоо 2-3 дахин бага буюу 20 хувьтай байна. Гэхдээ мэдээж үүнд Норвеги угаасаа цөөн хоригдолтой нь массаараа нөлөөлж буйг үгүйсгэж болохгүй юм. Тус улс нийтдээ 3300 хоригдолтой. Энэ нь нийт хүн амтайгаа харьцуулбал 100 мянгад 70 хоригдол гэсэн үг. Тэгвэл үүнийг хоригдлынхоо тоогоор дэлхийд тэргүүлдэг АНУ-тай харьцуулбал  2,3 сая хоригдолтой тус улсын 100 мянган хүн тутамд 753 хоригдол ногдоно гэсэн үг.

Хүн амины хэрэгтэн Андерс Брейвик ийм хангамж эдэлнэ
Гэхдээ Норвеги болоод ер нь Скандинавын орнуудад гэмт хэрэг бага гардаг, хоригдол цөөн байдаг нь эдгээр улсад нийгмийн халамжийн систем сайн, ядуурал, тэгш бус байдал бага байдагтай холбоотой. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдалд хөрөнгө хэдий их зарцуулна тэр хэрээр шоронгийн системд зарцуулах мөнгө багасдаг болохыг судалгаа харуулдаг. Үүний нэг бодит жишээ бол гэмт хэрэг их гардгаараа алдартай АНУ-ын Калифорни муж өнгөрсөн онд шорон гяндандаа төсвийнхөө 11 хувийг зарцуулсан гэдэг мэдээ юм. Энэ нь тус мужийн боловсролын салбарт зарцуулсан мөнгөнөөс ч давж гарчээ.  
Норвегийн хүмүүнлэг шоронгийн туршлага руу эргэн оръё. Энд хоригдлууд хязгааргүйгээр утсаар ярих эрхтэйгээс гадна сард дөрвөн хоног гадагш гарах эрхтэй. “Хэрвээ гэмт хэргийг бууруулъя гэж байгаа бол гэмт хэрэгтнийг шоронд хийж, хаалгыг нь түгжихээс илүү арга бодож олох хэрэгтэй” гэж үздэг Норвегийн Хууль зүйн яам өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгийн хатуу хяналттай гэх Холдены шоронг ашиглалтад оруулжээ. Норвегид байх 52 шорон дотроо хараа хяналтаараа хоёрдугаарт ордог энэ шоронд 252 хоригдол “амьдрах” багтаамжтай гэнэ.

Хоригдлуудын амрах өрөө
230 сая ам.доллараар барьсан энэ шоронд хоригдлуудыг тав тухтай байлгах бүхий л боломжоор хангах гэж хичээжээ. Ихэнх хоригдол ядуу гэр бүлээс гаралтай байдаг учир гэр бүлийн уур амьсгал мэдрүүлэх үүднээс 10-12 өрөө тутамд Ikea-гийн тавилгаар иж бүрэн тохижуулсан зочдын болон гал тогооны өрөөтэй. Энэ шоронг урлагийн бүтээлээр чимэглэж тохижуулах гэж нэг сая ам.доллар зарцуулсан гэдэг. Энд хоригдлууд нийтээрээ суугаад хавтгай дэлгэцэт зурагт үзэж, мини хөргөгчөөс дуртай зүйлээ авч идэхдээ гэр бүлийн уур амьсгалаа мартахгүй байх ёстой гэнэ.  Ингэж шорон доторх амьдрал гаднах эрх чөлөөт амьдралаас нь аль болох бага ялгаатай байх тусмаа тэднийг хүмүүжүүлэх ажил үр дүнтэй болно гэж үздэг байна. Тэдэнд оноосон ял бол шоронд хоригдох утгыг л илэрхийлж байгаа болохоос хүний эрхийг нь зөрчих тухай ойлголт биш гэж Норвегийн Хууль зүйн сайд ярьдаг.  
Эндэхийн шоронгийн хуягууд ч дэлхийн бусад орнуудынхаас өөр арга барилаар ажиллана. Тэд буу авч явдаггүйгээс гадна хоригдлуудыг нэрээ нь дуудаж, хамтдаа спортоор хичээллэж, хамтдаа хооллоно. Тийм ч учраас Норвегид шоронгийн хуяг гэдэг хүн үзэн ядмаар ажил биш, харин ч хүмүүжүүлэгч гэсэн утгаар хүндэтгэл хүлээдэг байна.

Хоригдлуудын ажилладаг дугуй засварын газар
Норвегид шоронд орох нь амьдралаа алдах бус харин ч ажил эрхлэх боломж мэтээр гадныханд харагдах нь бий. Тийм ч учраас хоригдлуудынх нь 32 хувь нь гадаадын иргэд байдаг аж.  Эндэхийн шоронгийн гадаадынхныг гайхашруулдаг нь бас нэг зүйл нь шоронгоос оргосон хоригдлуудад хандах хандлага. Тэд хоригдлыг анх ирэх үед нь “Хэрвээ та гадагш гарсан тохиолдолд бидэнд утсаар шууд мэдэгдээрэй. Тэгвэл бид таныг аюулгүй гэж үзээд нэмэлт нисдэг тэрэг гаргахгүйгээр очиж авах болно” гэж сануулдаг гэнэ. Тиймээс зарим хоригдол оргох санаа агуулаад шоронгоо орхисон байлаа ч эргээд утасдаж холбоо барьсан тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Харин хэлэхгүйгээр оргосон тохиолдол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван удаа л гарч.

Норвегийн гэмт хэрэгтнүүдэд хүнлэгээр хандах туршлага үүгээр дуусахгүй. Тус улсын эрх баригчид ерөөсөө шоронгүй байх зорилго тавих болсон байна. Үүний бэлтгэл болгож 100 гаруй гэмт хэрэгтнийг гэрт нь дөрвөн сарын хугацаатайгаар хорьж эхэлжээ. Тэднийг электрон-мониторингийн программын тусламжтайгаар хянах бөгөөд хоригдлууд яг л эрх чөлөөтэй хүн шиг гэртээ амьдардаг байна. Үүнээс гадна “нээлттэй шорон” бий болгохоор Осло дахь Сандакерын шорон дээр туршиж үзэж байгаа гэнэ. Эндэхийн 16 оршин суугч /хоригдол гэж нэрлэж болохгүй/ өдрийн цагаар хотод ажиллаад, орой байрандаа ирэх ёстой. Энэ нь нэг талаар ялын хэмжээ нь дуусч буй хоригдлуудад эргээд нийгэмдээ орох, ажил төрөл эрхлэхэд нь бэлтгэл болох ёстой гэнэ.

Бие борлуулах ор


Хүрэлцээтэйг нь бодож таван утасны бүхээг Бастой аралд суурилуулжээ.

Энэ бүхэн Норвеги маягийн шоронгийн онцлог ажээ.

0 Сэтгэгдэл
Биднийн Нямка ах их шоронжуулсандаа, энэ бол сайхан нийгэм байна, бий болгоход их хугацаа хэрэгтэй л байхдаа
Хамгийн их уншсан