Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Удам дамжсан уурхайчид чууллаа

Монголын эдийн засгийн “тийрэлтэт хөдөлгүүр” болсон Уул уурхайн салбар 90 жилийнхээ ойтой золгож байна. 90 жилийн түүх, туршлага, дурсамжаа хуваалцахаар “Удам дамжсан уурхайчин” уулзалт өчигдөр “Чингис хаан” зочид буудалд боллоо. Уул уурхайн 90 жил гэдэг угтаа Налайхын уурхайг ашиглаж эхэлсний ой юм. Налайхын уурхайд залуу насныхаа хөдөлмөрийн хөлсийг дуслуулж явсан ахмад уурхайчид энэ уулзалтад оролцож байсан юм. Ажил амьдралынхаа гарааг эхлүүлж, чиглүүлж өгсөн уурхай нь түүхт ойн босгон дээр үйл ажиллагаа нь бараг бүрэн зогссонд тун их халаглаж байлаа. “Энэ уурхайн нөөц баялаг одоо ч дуусаагүй. Бүрэн ашиглах хэрэгтэй” гэсэн саналыг тэд хэлж байв. Уулзалт уул уурхайн өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн төлөөллийг оролцуулахыг хичээсэн байв. Тухайлбал, уулзалтын эхний хэсэг ахмад буурлуудынхаа захиас, ажил амьдралынх нь үүх түүхийг сонссон юм. Үргэлжлээд одоо үйл ажиллагаа нь хэвийн байгаа “Багануур”, “Шарын гол”-ын уурхайн талаар танилцуулж, уул уурхайн өнөөгийн байр, байдлын талаар ярилцсан бол төгсгөлийн илтгэл “Монголын уул уурхайн тухай залуу үеийн төсөөлөл” сэдэвтэй байсан юм. Монголын уул уурхайн салбар 90 жилийнхээ босгон дээр ийнхүү одоо, ирээдүйнхээ төлөө өнгөрсөн үеэсээ сургаал сонслоо.
Өнөөдөр эцэг, эхийнхээ ажил үйлсийг залгамжилж уул уурхайн салбарт ажиллаж буй олон хүн бий. Тэгвэл гурван үеэрээ уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс бас байдаг аж. Өчигдрийн хуралд ахмад уурхайчин П.Балчин гуай, түүний хүү Б.Энхбаяр, ач хүү Э.Улаанхүү нар гурван үе залгамжилсан уурхайчин ирсэн байлаа. Эдүгээ манай улсын уул уурхайн том орд Таван толгойн уурхайг анх үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй зэрэг П.Балчин гуай тэнд ажиллах болжээ. Харин одоо тэрээр хоёр хүү, хоёр ачийнхаа хамт өөрийн гал голомт болсон Таван толгойн уурхайдаа ажиллаж байгаа гэнэ. Уулзалтын эхэнд түүний ярьсныг сийрүүлэн хүргэе.

П.Балчин: Таван толгой бол миний гал голомт
Анх би 1962 онд Цагаан овоогийн уурхайд цахилгаанчин, жолоочоор ажиллаж байсан. Тэр үед манай таван толгойн уурхай Цагаан овоогийн харъяа байсан юм. Тэгээд 1966 онд Таван толгойн уурхай бие даасан уурхай болсон. Хожим нь би тэнд очиж ажиллах завшаан олдсон. Хоёр жолооч, нэг диспечер, нэг механикч, нэг тракторчинтай очиж байснаас хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Уул уурхай, тэр дундаа Таван толгойн уурхай манай улсын хөгжлийн гол түлхүүр болж эхэлж байна. Анх мужаан, төмөрчин тэр уурхайг малтаж ажиллуулж байсан юм гэдэг. Таван толгой бол миний гал голомт болсон уурхай. Олон түмний хүчээр өдий болсонд баяртай байгаа. Одоо миний хоёр хүүхэд, хоёр ач минь таван толгойд ажиллаж байгаа.

Б.Энхбаяр: Хэцүү бэрхийг даван туулж “Уурхайчин” цолыг хүртдэг юм шүү

-Уулзалтын талаар санал бодлоо хуваалцаач. Таны хүү гэрийнхээ гурав дахь үеийн удам залгасан уурхайчин юм байна?
-Энэ уулзалтад би аавтайгаа, хүүтэйгээ үе дамжсан гурван уурхайчин болж ирсэндээ сэтгэл их өндөр байна. Би 1979 оны долдугаар сарын 20-нд анх ажил, амьдралын гарааг эхлүүлсэн. Одоо 33 дахь жилдээ уурхайд ажиллаж байна. Аавынхаа мэргэжлийг эзэмшээд явж байгаадаа бахархдаг. Бас том хүү маань уурхайчин болох зорилго тавьж 2008 оноос Таван толгойн уурхайд уулын мастераар ажиллаж байна.
-Уурхайчин хүний жаргал, зовлон юунд байдаг вэ?
-Уурхайчин хүний бахархалтай тал нь ард түмнийг илч, дулаанаар хангадаг. Хэцүү зүйл гэвэл, их хөдөлмөр шаардсан ажил. Одоо ч техник, технологи сайхан болж дээ. Дээхэн үед чинь гараараа л үздэг байлаа шүү дээ. Даарч, хөрөх бэрхшээл олон тохиолддог байлаа. Тэр бүгдийг сэтгэлийнхээ тэнхээгээр л давж туулж ирсэндээ.
-Уул уурхайн салбарт ажиллаж буй хүний хувьд Монголын уул уурхайн чиг хандлага ямар байна гэж үзэж байна?
-Манай уурхай байгуулагдаад 46 жил болж байна. Би түүнээс 33 дахь жилдээ ажиллаж байна даа. Монголыг уул уурхай, хөдөө аж ахуй хоёр л тэжээж байна шүү дээ. Уул уурхай дангаараа 60 хувийг нь эзэлж байна гэж хэлж болно. Энэ бол маш бахархалтай зүйл.
-Энэ бүх хугацаанд танд олон дурсамж үлдсэн байлгүй. Уурхайчин хүний, уурхайн дотор ажиллахын жаргал нь юу вэ?
- Би хөрсний жолооч байсан. Төлөвлөгөө нормоо биелүүлээд ажиллахад үнэхээр сайхан бахдалтай. Түүнийг төр засаг, уурхай маань үнэлж хөдөлмөрийн хүндэт медаль, тэргүүний уурхайчин, онц тээвэрчин гээд олон шагналаар шагнуулсан.
-Таны хүү бас уурхайчин мэргэжил сонгосон байна. Монголын уул уурхайг авч явах залуу уурхайчиддаа хандаж юу гэж зөвлөмөөр байна.
-Хэцүү, хүнд байна гэж битгий шантраарай. Ажлын амтыг мэдрээгүй, анх эхэлж байх үед хүнд хэцүү байдаг. Шантрах зүйл их байдаг. Түүнийг давж, дийлж байж “уурхайчин” гэдэг хүндтэй цолыг авдаг юм шүү.

Э.Улаанхүү: Би уурхайн голомтод өссөн хүн

-Яагаад уурхайчин болохоор шийдсэн бэ. Өвөө болон аав тань нөлөөлсөн үү?
-Би Таван толгойн уурхайд 2008 оноос эхлэн уулын мастераар ажиллаж байна. Хүүхэд байхаасаа л аав, ээжтэйгээ хамт уурхайн голомтод уурхайн хоол идэж өсч, торнисон болохоор уурхайчин мэргэжил их дотно байдаг юм.
-Залуу уурхайчны хувьд аав тань өөрийн үнэтэй зөвлөгөөгөө үргэлж өгдөг байх?
-Гэр бүлийнхээ гурав дахь үеийн уурхайчин болж байгаа болохоор өвөө, аав хоёр маань байнга зааж сургадаг. Тэдний заавар зөвлөгөөг дагаж л ажиллаж байна даа.

Ц.Элбэгсайхан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан