Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийгмийн даатгал, халамжийн газрын удирдлагыг Засаг дарга томилохгүй

Нийгмийн бодлого, бо­ловс­рол, соёл, шинжлэх ухаа­ны байнгын хорооны хурал­даан болж Нийгмийн даатгалын тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.

Уг төсөл нь Нийг­мийн даатгалын болоод ха­ламжийн байгууллагыг бо­­соо удирдлагатай бол­гож улс төрөөс ангид байл­гах зорилготой. Гэхдээ салбарын сайд нь нийгмийн даатгал, халамжийн байгууллагын даргыг томилохдоо тухайн шатны Засаг даргын оролцоог хангах үүднээс зөвшилцөхөөр тусгажээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд тухайн орон нутаг, дүүргийн Засаг дарга нь шууд томилдог заалттай. Ийм замаар явах нь тохиромжгүй гэж үзэн дээрх хуулийг санаачилснаа гишүүд хэлж байлаа. Учир нь, Нийгмийн даатгалын газар, Халамж үйлчилгээний газар нь улс төрөөс хараат, бие даасан байдлаа алдаж буйг дуулгасан юм. Хэрэв хуучин хуулиар бүх асуудлыг шийдэж явбал Засаг даргатай ойр, түүнийг тойрон хүрээлэгчид л хариуцлагатай албан тушаалд томилогдох болно гэж хууль санаачлагч Ж.Батзандан, С.Эрдэнэ нар хэлж байсан. Мөн дээрх газруудын сангийн мөнгийг зориулалт бусаар ашиглах, хөрөнгө мөнгө шамшигдуулах зэрэг сөрөг үр дагавар дагуулсаар байгаа гэнэ.

Ерөнхийдөө засаг ноёд аливаа томилгоонд оролцдогоос болж Нийгмийн даатгал, халамжийн газруудад мэргэжлийн хүмүүс ажиллаж чаддаггүй байна. Өнөөдөр төрийн болон олон улсын байгууллагын шугамаар олон төсөл, хөтөлбөр хэрэгждэг ч түүнийг нь иргэд хүртэж чаддаггүй нь нууц биш. Зорилтод бүлгийн цөөн хэсэгт л очдог. Тухайн орон нутгийг ноёлон суух эрхмийн ойр орчимд тал засч суугаа нь хүртээд шүүмжлэл хэлж, алдааг нь дуулгах нэгнийг ад шоо үздэг гэдгийг С.Эрдэнэ гишүүн хэлэв. Хэлэлцүүлгийн үед С.Дэмбэрэл гишүүн “Засаг даргатай зөвшилцөнө гэдэг үгийг хасч өөр үгээр орлуулж болохгүй юм уу. Санал авна гэж болох. Мөн Засаг даргатай нь зөвшилцөхгүйгээр томилж ч болно шүү дээ. Яагаад гэвэл нэгэнт л мэргэжлийн, мэргэшсэн байгууллагтай болох гээд байгаа юм бол заавал хэн нэгний саналыг авах шаардлага байна уу. Өөрсдөө дотроосоо  гаргаж ирэх нь илүү оновчтой байх” хэмээв.

Г.Уянга гишүүн босоо удирдлагын системтэй болохыг дэмжиж байгаа ч хариуцлагын тогтолцоо хэрхэн хэрэгжихийг ойлгохгүй байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, дарга нь хариуцлага хүлээдэггүй, аль нэг ажилтан нь л аливаад хариуцлага хүлээдэг зарчим үйлчилсээр ирснийг хэллээ. Одоо хэрэгжиж байгаа хуулиар томилогдсон нийгмийн даатгал, халамжийн байгууллагын дарга хөрөнгө шамшигдуулсан тохиолдолд удирдах газрынх нь даргатай хариуцлага тооцох боломж байдаггүй аж. Учир нь, тухай шатны Засаг дарга томилдогтой холбоотой юм байна. Тиймээс хуульд өөрчлөлт орвол хариуцлагын тогтолцоо сайжирч, асуудлыг шийдэх боломж бүрдэх гэнэ. Мөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэж байдаг. Нийгмийн даатгалын байгууллага, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбооноос бүрддэг энэ зөвлөл тухайн шатны Засаг даргатай зөвшилцөхгүйгээр даргыг томилох асуудлыг ярилцаад шийддэг байх бололцоотой гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан