Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Батхүү: Найруулагчдын нүдэнд хошин царайтай харагддаг юм байлгүй дээ

Энэ удаагийн зочны хоймортоо жүжигчин Э.Батхүүг урьж ярилцлаа. УДЭТ-ын жүжигчин, туслах найруулагч гэдгээс нь илүүтэй хүмүүс түүнийг “Татар ажиллагаа” киноны Колягаар  андахгүй. Театрын хамт олон орон нутагт очиж тоглох жүжгийнхээ бэлтгэлээ базаагаад тун завгүй. Гэсэн ч тэрээр бэлтгэлийнхээ хажуугаар бидэнд цаг зав гаргаж ийн ярилцсан юм.
 


-Бэлтгэлээ базаагаад зав муутай байх шиг. Ингэхэд хэд дэх жилдээ орон нутагт тоглох гэж байгаа билээ?

-Арав дахь жилдээ явах гэж байна. Баруун аймгуудын үзэгчдэдээ таван жүжгээ хүргэхээр бэлтгэлээ базааж буй нь энэ. Зарим жүжигчин маань энэ удаад явж чадахгүй учир оронд нь өөр жүжигчид дүрийг нь бүтээхээр болсон. Тиймээс дүрийн нөхөлт хийж байгаа болохоор зав муутай л байна.
-Таны хувьд орон нутгийн баригадад хэдэн жил явж байна вэ?
-Арав.
-Тийм үү. Тэгэхээр театрт ажилласан жилээ тооцвол?
-2002 онд их сургуулиа төгсөөд л энд ирж байлаа. Жүжигчний мэргэжлээр төгссөн хүүхдүүдийн мөрөөдөл нь УДЭТ-т орох шүү дээ. Жүжигчин авна гэхээр нь шалгаруулалтад орсон. Тэгэхэд Анхням, Өөдөө, Ундрал гээд 30-аад хүүхэд шалгуулснаас “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Эрхэмбаяр бид хоёр л шалгарч байлаа.

-Тэгвэл театрт орсон жилээ л орон нутаг руу явсан байх нь?
-Тийм ээ. Тэгэхэд дагалдан жүжигчин байсан л даа. Эрхмээ бид хоёр чинь жил хагас цалингүй явж байж л жүжигчин болсон доо.
-Орон нутагт тоглоход тайз, гэрэлтүүлэг гээд хүндрэлтэй зүйл их гардаг байх, тийм үү?
-Жүжиг тоглоход тохиромжтой тайз байхгүй нь үнэн. Тайзны чимэглэл, гэрэлтүүлгээ аваад явдаг болохоор асуудал гарах нь арай гайгүй байдаг.
-Бэлтгэл хийгээгүй тайзан дээр жүжиг тоглоно гэдэг хэцүү байх?
-Бүх тайз УДЭТ-ынх шиг том байхгүй нь тодорхой шүү дээ. Тиймээс орчноо мэдэрч тоглохоос авхуулаад хэцүү зүйл гарна. Арав алхаж үгээ хэлдэг байсан бол дөрвөн алхмын дотор үгээ хэлж дуусгах хэрэгтэй. Энэ мэтээс авхуулаад  жүжигчдээс ур чадвар их шаарддаг.
-Энэ жилийн аялан тоглолтын онцлог юу байх бол?
-Баруун талын хамгийн хол таван аймаг руу явна. Энэ удаад амжилттай яваад ирвэл театр маань 21 аймгийг дуусгаж буй юм. Энэ удаагийн тоглолтын нэг онцлог нь бага насныханд зориулж “Бардам туулай”, дунд сургуулийнхандаа “Надаар тоглосон хайр”, залуучууддаа “Эхнэрээ зээлээч”, “Тамгагүй төр”, “Ээжээ” жүжгээр бэлэг барьж байгаа.  
-Аялан тоглолтоор явахад хөгтэй зүйл их гарна биз?
-Хамгийн хөгтэй нь орон нутгийнхаан тоглолтын дундуур тайзан дээр шууд л гараад ирнэ. Эсвэл тайзны ойрхон суучихаад жүжиглэж байхад урдаас “Өө, тийм үү” гээд яриад байдаг. Энэ нь жүжиглэхэд хүндрэлтэй байдаг. Хэдэн жилийн өмнө нэг аймгийн сумын атаман нь морьтойгоо орж үзнэ гээд асуудал үүсгэж л байлаа. Хүүхдийн жүжиг тоглох бас хэцүү шүү. Хүүхдүүд нь жүжгээ үзэхгүй тайзны ард явж байгаа жүжигчдийг харчихаад “Тэр явж байна” гэж орлилдоод л.

-Та туслах найруулагчаар явж байгаа гэсэн үү?
-Гурван жүжигт туслах найруулагчаар, харин тавууланд нь дүр бүтээнэ.
-Найруулагчаар ажиллах, жүжиглэх хоёрын аль нь амархан бол?
-Хоёулаа л хэцүү.
-Олонхи хүн жүжиглэх нь амархан гэдэг?
-Хүн хүнд өөр л дөө. Жүжиглэхэд өөрийнхөө дүрд л анхаарна. Найруулахад бүх дүрд анхаарна. Тиймээс хүн бүр өөрийнхөөрөө тайлбарладаг.
-Залуу хүн найруулагчаар ажиллах хэцүү юм шиг санагддаг. Ахмад уран бүтээлчтэй харилцахаас эхлээд л...?
-Анх туслах найруулагч болчихоод “Та ингэчих тэгэх үү” гээд гуйдаг байсан. Гэхдээ манай театрынхан гайгүй ээ. Найруулагчийн үгээс зөрдөг хүн байхгүй.
-Аялан тоглолтынхоо хажуугаар “Гамлет” жүжгийг тавих гээд УДЭТ хөл хөдөлгөөн ихтэй байна аа даа?
-Арваннэгдүгээр сард “Гамлет”-ыг тавих гээд бэлтгэл хийж байна. Драмын бүх эрэгтэй жүжигчнийг энэ жүжигт хамруулна. Тэгсэн ч эрэгтэй дүр дутна л даа. Эрэгтэй дүр олон ч хоёр л эмэгтэй дүртэй жүжиг юм шүү дээ.

-Сүүлийн үед кинонд дүр бүтээв үү?
-Саяхан “Мөрөөдлийн ажил” нэртэй инээдмийн кинонд дүр бүтээсэн. Удахгүй “Ганган Төгс” киноны зураг авалт эхэлнэ. Нэг дүр авсан байгаа.
-Та хүмүүст “Татар ажиллагаа”-ны Колягийн дүрээр илүү танигдсан. Ер нь, танд инээдмийн дүр илүү зохидог юм шиг?
-Найруулагчид жүжигчдийг судалж байгаад дүрээ өгдөг юм. Энэ хүн энэ дүрийг маань яаж бүтээх бол гэдгийг тэд эхлээд бодно. Найруулагчдын нүдэнд би тийм хошин царайтай харагддаг юм байлгүй. Инээдмийн дүр л өгөөд байдаг юм. Харин чи юу гэж бодож байна.
-Та инээдмийн дүрийг илүү  чадварлаг бүтээдэг болохоор тэр байх?
-Яасан ч дурлалт залуугийн дүрд тохирохгүй гэсэн үг үү.
-Үгүй ээ, тэгж хэлээгүй шүү?
-/инээв/ Ах нь, угаасаа цөөхөн кинонд дүр бүтээсэн. “Би чамд хайртай 2”-т тоглосон. Бас 2003 онд “Мөрөөдлийн театр”-ын Эрхэмбаяр, жүжигчин Анхням нартай хамтарч “Сүүлчийн хөхөөн дуу” нэртэй уран сайхны киноны гол дүрд тоглож байлаа. Гэхдээ тэр кино нэг их гараагүй.
-Тийм дүрд тоглочих юмсан  гэсэн бодол байдаг байх?
-Монголын түүх чинь агуу. Шилийн сайн эрийн дүр бүтээх юмсан гэж боддог.
-Багаасаа жүжигчин болно гэж  мөрөөддөг байв уу?
-Багануурын арван жилийн сургуульд сурдаг байлаа. Анх FM-д хөтлөгчөөр ороод сүүлдээ “Ноён” телевизэд мэдээ уншдаг болсон. Аравдугаар ангиа төгссөн чинь “Music Hall” сургууль анх байгуулагдаж таараад жүжигчин, найруулагчийнх нь ангид орчихсон юм.
-Мэдээ уншдаг байсан гэхээр сонин санагдаж байна, хэцүү ажил шүү?
-Өдөрт нэг л удаа мэдээ явдаг байсан хэрэг. Унших текстээ цээжлэх л хэцүү байлаа. Эхний өдөр мэдээгээ уншчихаад өөрийгөө харах гээд их л яарч билээ.
-Өөрийн гэсэн уран бүтээл хийх нь найруулагч хүний мөрөөдөл байдаг юм шиг?
-Тэгэлгүй яахав. Надад киноны, жүжгийн зохиол, баг гээд бүх зүйл байна. Даан ч нөгөө олон тоотой юман дээр л гацчихаад байгаа. Ямар ч ажил хийсэн ивээн тэтгэгчгүй л бол явахаа байсан цаг. Боломжтой айлын хүүхэд байсан бол асуудалгүй л дээ.

-Кино, жүжиг хоёрын алийг нь хийхэд хэцүү байдаг юм бол?

-Кинон дээр алдаа гаргавал засч болно. Жүжиг үзэгчдийн өмнө шууд хүрдэг гэдэг утгаараа алдаа гаргах эрхгүй. Жүжиг тавихын тулд их бэлтгэл хийх шаардлагатай.
-УДЭТ-ын залуу жүжигч­дийг дүрийн судалгаагаа хийдэггүй, залхуу гэж шүүмжлэх хүн олон. Үүнтэй та санал нийлэх үү?
-Мэр сэр тийм зүйл ажиглагддаг л даа. Жүжигчин хүн аливааг маш их унших ёстой.
-Тэгвэл та хамгийн сүүлд ямар ном уншив?
-Зун амраад ном унших зав байсангүй ээ. Амрахаасаа өмнө “Гамлет”-ыг хоёр ч удаа уншсан.
-Хаагуур амарсныг тань сонирхож болох уу?
-Их л уйланхай зун байлаа. Эхнэр, хүүхэдтэйгээ хангайгаар л аялж амарсан даа.

Д.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан