Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Камерон Макрей: Оюу толгой хэдхэн долоо хоногийн дараа баяжмалаа гаргаж эхэлнэ



“Оюу толгой” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Камерон МакРейгээс зарим асуултад хариулт авлаа.

   
-Монголд шинэ Засгийн газар бүрэлдэн тогтоод удаагүй байна. Оюу толгой шинэ эрх баригчидтай хэрхэн хамтран ажиллах вэ?
-Шинэ Засгийн газар, шинэ парламент гарлаа. Шинэ эрх баригчидтай боллоо. Гэхдээ бид өмнө нь энэ төслийг  амжилттай хэрэгжүүлж ирсэн шигээ цаашид ч амжилттай үргэжлүүлнэ гэж найдаж байна. Асуудал хаашаа эргэхийг хэлэхэд эрт байна. Засгийн газар  дөнгөж л байгуулагдлаа шүү дээ.
-Засгийн газар Оюу толгойд эзэмших хувиа нэмэгдүүлнэ гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна?
-Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ гэж байгаа. Энэ гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар 34 хувийг эзэмшиж буй. Одоогоор Засгийн газраас эзэмшиж буй хувиа нэмэгдүүлнэ гэсэн албан ёсны мэдэгдэл гараагүй. Би түрүүн илтгэлдээ  дурдсан. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монголын талд маш ашигтайгаар хийгдсэн.  Энэ гэрээний үндсэн дээр төслийг цаашид явуулах тогтвортой байдал бий болсон. Энэ тогтвортой байдлын үр дүнд бид өнөөдрийн амжилтад хүрч, төслийнхөө эхний шатыг дуусгахад ойрхон ирээд байна.
-Төсөл ямар шатандаа яваа вэ?
-Оюу толгой төслийн хувьд барилгын ажлаа дуусгах хугацаанаасаа дөрвөн сарын өмнө явж байгаа.  Ер нь, 2013 оны эхний хагас жил гэхэд дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнээ гаргаж эхлэнэ гэж төлөвлөж байгаа.  Өнгөрсөн долдугаар сарын 26-нд бид анхны хүдрээ гаргасан. Одоо төслийн талбай дээр анхны бутлагч ажиллаж байна. Харин баяжмалаа гаргаж эхлэх хугацаа  хэдхэн долоо хоногийн дараа гэж төлөвлөж байгаа.
-Оюу толгойн үйлдвэрийн барилгыг улсын комисс хэзээ хүлээн авах вэ. Хугацаа нь хойшлоод байгаа гэсэн?
-Оюу толгой төсөл тус тусдаа барилгатай. Тэднийг ашиглалтад хүлээлгэн өгч байгаа.  Хамгийн гол баяжмалын үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа 2-3 долоо хоногийн дараа.
-Эрчим хүч Хятадаас авах асуудал юу болсон бэ?
-Бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрчим хүчээ Хятадаас импортоор авахаар ярьж байгаа. Эрчим хүч татаж авах дэд бүтцийн ажил, 220 КВт-ийн цахилгааны шугамыг Хятадын хилээс Оюу толгойн талбай хүртэл тавиад дууссан. Цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдээ өнгөрсөн долоо хоногт шалгаж үзсэн. -Чалкогийн асуудлаас болж Хятадын тал үүнд хойрго хандаж байгаа гэсэн яриа байгаа?
-Хятад өмнө нь өөрийнхөө хилээс гадагш эрчим хүч экспортолж байгаагүй. Хятадын хувьд энэ анхны тохиолдол. Тиймээс гэрээ хэлэлцээр хийхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа байх. Чалкогийн асуудлаар  би тайлбар хийх хүн нь биш гэж бодож байна. Хамгийн гол нь миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол бид Хятадаас эрчим хүч авна гэдэгтээ итгэлтэй байгаа.
-Оюу толгойн бүтээг­дэхүүнийг дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байх үед гаргана гэж та хэлж байсан. Гэвч сүүлийн үед түүхий эдийн үнэ унаж байгаа.  Энэ бэрхшээлийг яаж давах вэ?
-Ер нь, дэлхийн зах зээлд  түүхий эд, металлын үнэ буурч байгаа нь үнэн. Гэхдээ тэр дундаас ажиглавал зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа. Ер нь, түүхий эдийн үнэ өсч, буурч байдаг. Хамгийн гол нь,  компани тооцооны биллээ төлөөд, дээр нь ашигтай ажиллах гол үзүүлэлт бол тухайн уурхай өөрөө өрсөлдөх чадвартай байж, бүтээгдэхүүн гаргах өртөг нь бага байх хэрэгтэй. Оюу толгойн хувьд дэлхийн уул уурхайн бусад олон компанитай харьцуулбал өрсөлдөх чадвараар өндөр.
-Эцэст нь, Уул уурхайн шинэ сайд Д.Ганхуягийн талаар асуумаар байна. Тэрээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар Засгийн газрын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь баримталдаг   хүн. Тиймээс түүний барих бодлогын талаар санаа зовниж байна уу?
-Хамгийн гол нь, бид Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ гэж хийснээ сайн санах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын гэрээний талаар Уул уурхайн сайдтай уулзаж, тодорхой яриа өрнүүлнэ гэж бодож байна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан