Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 мянган хүүхдийг төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болгосныхоо төлөө Германы компани уучлал гуйв

Германы “Gruenenthal” эм ханган нийлүүлэх компанийн удирдлага 50 жилийн өмнөх алдаа эндэгдлийнхээ төлөө хэрэглэгчдээсээ өчигдөр уучлал гуйв. Тус компанийн гаргасан “Thalidomide” хэмээх эмийг уусан олон мянган эх төрөлхийн тахир дутуу хүүхэд төрүүлсэн юм. Жирэмсний хордлогын эсрэг үйлчилгээ үзүүлдэг хэмээх энэ эм 1950-иад онд худалдаанд гарч, хэдэн мянган эмэгтэй бие давхар байхдаа уужээ. Гэтэл тэдний хүүхдүүд  хөл, гар нь богино, эсвэл бүр ор байхгүй төрсний зэрэгцээ зарим нь төрөлхийн хараа, сонсголын гажигтай мэндэлсэн юм. 1950-1960-аад оны хооронд арав гаруй жил худалдаалагдсан энэ эмийг хэрэглэсэн эхчүүдээс 10 мянга гаруй тахир дутуу хүүхэд төрснөөс өдгөө 5000-6000 нь амьдарч байгаа юм. Тэдний дийлэнх нь Германы иргэд бол Британи, Австрали, Канад, Европын барууны бусад улс оронд ч энэ эмийн хохирогч болсон хүмүүс өдгөө амьдарч буй.
Өнгөрсөн зургадугаар сард энэ эмийн хохирогч болсон Австралийн нэг тахир дутуу эмэгтэй тухайн үед “Thalidomide”-ийн Их Британи дахь дистрибьютер байсан компанийг шүүхэд өгч, урт удаан хугацаанд заргалдсаны эцэст ялж, хэдэн сая доллар авах эрхтэй болсон нь хэвлэлээр томоохон шуугиан тарьж байсан юм.  Их Британид ихээр импортлон худалдаалж байсан энэ эмийн уршгаар одоо хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүн тус улсад амьдарч байгаа ажээ.

Ийнхүү олон мянган хүний амьдралыг сүйтгэж, гэр бүлд нь давхар зовлон бэрхшээл учруулж орхисон “Thalidomide” эмийг худалдаалахыг 1961 онд хориглосон боловч үйлдвэрлэгч компани хэзээ ч өөрийн бурууг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй өдий хүрчээ.  Үүнийгээ компанийн удирдлагууд тайлбарлахдаа “Он удаан жилийн турш дуугүй явсныг минь уучлаарай. Ингэж 50 жил чимээгүй явсан маань та бүхэнд хүн ёсоор хандах арга замаа олж чадахгүй явсных юм. Бид та бүхний амьдралд учруулсан тэр гай зовлонгийнхоо өмнөөс балмагдан харамссандаа юу ч хэлж чадалгүй өдий хүрсэн юм шүү” гэжээ.
Гэвч “Gruenenthal” компанийн энэ уучлал хэтэрхий хожимдсон, бас хохирогчдын хувьд дэндүү чамлалттай байгааг тэдний зарим нь мэдэгдэж байна. Энэ тухай Их Британийн зарим хохирогч ярихдаа “Тэд бидний амьдралд ямар зовлон бэрхшээл учруулснаа хүлээн зөвшөөрөхийг татгалзсаар ирсэн. Гэтэл эцэст нь зүгээр л уучлал гуйгаад өнгөрөх гэж байна. Уучлал гуйсан мэдэгдэл юу ч өөрчлөхгүй шүү дээ. Бид 50, 60 жил бусдын асаргаанд амьдарч, гэр бүлдээ асар их мөнгөний дарамт учруулсаар ирсэн. Бидний өдөр тутмын хэрэглээ, эмчилгээний зардалд асар их мөнгө урсдаг. Хэрэв тэд нөхөн төлбөрийн тухай ярихгүй юм бол уучлал гуйсан мэдэгдэл нь хэнд хэрэгтэй юм бэ” хэмээн гомдоллож байна.

“Gruenenthal” компанийн зүгээс 1970-аад онд гарсан шүүх хурлын шийдвэрийн дагуу Германы  хохирогчдод зориулсан 150 сая еврогийн сан байгуулсан боловч 3000-аар тоологдох тэдэнд энэ мөнгө яагаад ч хүрэлцэхгүй байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Уг эмийг Британид худалдаалсан дистрибьютер компани хохирогчдодоо багахан хэмжээний нөхөн төлбөр өгдөг ч энэ нь бүхий л амьдралынхаа турш бусдын гар харж амьдарч байгаа тэдний хувьд хангалтгүй гэдгийг дахин давтан мэдэгдсээр байна.

"Thalidomide"-ийн дистрибьютерийг шүүхэд ялж, заргаа авсан Австрали эмэгтэй

“Thalidomide” буюу Талидомид хэмээх энэ эмийг өнөөдөр ч худалдаалж буй бөгөөд харин зориулалт нь огт өөр болжээ. Тус эмийг ясны хорт хавдар гэх мэтийн хүнд өвчтөний эмчилгээнд ашигладаг болсон байна.

0 Сэтгэгдэл
aimaar yum bna. jiremsen hun yanz buriin yum hamaagyu hereglej yostoi bolohgui........
aimar gashuudaltai yum be?
Хамгийн их уншсан