Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шударга ёс” эвсэл МАН-ынхантай хөл нийлүүлэн алхаж эхлэв үү


Монгол Улсын ардчилсан парламентын ээлжит бус чуулган эхэлснээс хойш долоо хоног болж байна. Эхэлсэн өдрөөсөө л ээдрээ дагуулж, дуулиан шуугиантай байлаа. МАН-ын бүлгийн асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй нь генсек асан У.Хүрэлсүхэд таалагдаагүйгээс ижил эрх мэдэлтэй нэгнээ унатал цохиж, уур хилэнгээ гаргав. Үүнийгээ тэсрэлт гэж нэрлэлээ. Харин АН-тай Засгийн газарт хамтарсан “Шударга ёс” эвслийнхэн Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхээр завсарлага авч өнгөрсөн баасан гарагийн ээлжит бус чуулганыг гацаалаа. Үдээс өмнө чуулахаар зарлагдсан ч дээрх асуудлаас үүдэн хойшилж 16:00 цагт товлогдсон боловч гишүүдийн ирц бүрдээгүйгээс чуулган цуцлагдав.

Аливаа зүйл саад тээггүй, шулуун дардан замаар явах нь ховор гэдэг. Манай хууль тогтоох байгууллага ч бартааг туулсаар байх шиг. Анхдугаар чуулганаа хуралдуулж, ангийн даргаа сонгох гэж нэлээд удсан. Өндөр настай түшээгээ МАН харамласан болохоор тэр. Уг гацаа, түгжрэлээ арил­гахаар танхимд суусан түшээд толгойгоо гашилган байж удаахь ахмадаар чуулганаа удирдуулан спикерээ тодруулсан. Гэтэл үүний дараа бүлэг байгуулах асуудалтай холбоотойгоор чамгүй мэтгэлцэж маргалаа.

Одоо ч үргэлжилсэн хэвээр. Шийдэх гарц нь хуульд өөрчлөлт оруулах эсвэл АН-ынхан МАН-ыг бүлэг байгуул хэмээн зөвшөөрөх бололтой. Гэхдээ энэ хоёр шийдлийн эхнийхийг сонгочихоод буй. Гэтэл үүнээс болж зодоон цохионд ч хүрэв.
Нэг иймэрхүү өнгө төрх­тэй парламентын үйл ажиллагааг чимэхээр МҮАН-МАН-ын “Шударга ёс” эвсэл ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дараалалд оруулсан Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тө­лөө­лөгчдийн хурлын сонгуу­лийн тухай хуулийн төслийн асуудлаар завсарлага авчихлаа. Учир нь, хуулийн төсөл доторхи үг үсгэнд “ацаг шүдний зөрүү гарсан” гэж үзжээ. Тус намынхан орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшүүлэх нь буруу хэмээн хэлэх. Өрөөр хэлбэл, ацаг шүдний зөрүү нь намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэсэн хэдэн үг. Нийслэлийн иргэдийн хурлын сонгуулийг жагсаалтаар явуулж болсон атал орон нутагт энэхүү аргаа хэрэглэхэд яагаад болохгүй байгаа юм бол. Уг нь, төсөл боловсруулах ажилд оролцсон, санаачлагчаар орсон тухай мэдээлэл ч гарсан. Гэтэл өнөөдөр хийсэн үйлдлээсээ ухрах болсон нь хачирхалтай. МАН-ынхан “Бүлэг байгуулах эрх олгохгүй удааж, хууль санаачилж, олонхиор хүч түрэн батлахаар зүтгэж байна. Орон нутагт жагсаалтаар нэр дэвшүүлэх нь буруу” хэмээн гомдоллож байсан нь саяхан. Гэтэл энэ үг гарснаас хойш төд удалгүй “Шударга ёс” эвсэл МАН үгээр замначихсан мэт. Тэгэхээр магадгүй үүний ард ямар нэгэн ашиг сонирхол явж байгаа гэж хардах хүн ч байна. 

Уг нь, Засгийн газарт хамтарсан нам, эвсэл удахгүй болох Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуульд хамтран оролцож, нэгнийгээ дэмжиж ажиллана гээгүй бил үү. Эсвэл сонгуулийн босгон дээр санаагаа урвуулна гэсэн юм болов уу. Энэ мэт ойлгомжгүй зүйл ч үүсэх. Өнөөдрийн байдлаар дэмжиж биш тэрсэлж ажиллахаар зорьж байх шиг. “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн өнгөрсөн баасан гарагт ээлжит бус мэдээлэл хийхдээ “Хэрэв үдээс хойш чуулганы хуралдаан зарлан төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэх юм бол манай бүлгийнхэн оролцоно. Харин Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй. Бид завсарлага авсан байгаа” хэмээсэн. Гэтэл хэлсэн үгээ мартсан уу, эсвэл залхуу нь хүрч хуралдаа ирсэнгүй юү хууль тогтоох танхимд цугласангүй. Уг нь, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл дээр завсарлага авсан гэж хэлсэн. Гэтэл чуулганд оролцохгүй, хүрэлцэн ирэхгүй байгааг нь харвал бүх асуудлыг хэлэлцэхээс татгалзан, өөрсдөдөө чөлөө өгчихсөн гэж харагдахаар.
Ийнхүү ацан шалаа тавьж, өргөн баригдан, чуулганаар хэлэлцүүлж буй хуулийн төсөлд гарсан алдаа гэх нэртэй намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэдэг хэдэн үг буюу “ацаг шүдний зөрүүг” МАН-тай хавсарч арилгахаар шийдсэн бололтой. Энэ удаад АН ганцаардаж, МАН болон “Шударга ёс” эвсэл олонхи болох төлөвтэй. Ерөнхийдөө тус эвслийнхэн МАН-ынхантай хөл нийлүүлэн алхаж эхэллээ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Ymar ch undeslel alga... MAXN, AN-g butargah sonirholtoi heseg buleg nohdiin dor ajildag setguulchiin nilel bna
Хамгийн их уншсан