Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Сэлэнгэ: Уран олборлоно гэж уянгын халилтай зүйл яриад л...

Уран, цацраг идэвхт хог хаягдлын асуудлаар “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” ТББ-ын тэргүүн Л.Сэлэнгэтэй ярилцлаа.


Цөмийн энергийн газрыг татан буулгахыг шаардана

-”Монголд цөмийн хог хаягдал булшлах нь. Өмнөх Засгийн газрыг энэ тухай гэрээ хэлцэл байгуулсан” гэсэн мэдээлэл түгж, олон нийтийг түгшээсэн. Гэвч өмнөх Засгийн газар тийм гэрээ байгуулаагүй гэж мэдэгдэл гаргасан. Үнэхээр Монголд цөмийн хог хаягдал булшлах тухай гэрээ байгуулсан уу гэдгийг та бүхэн тодруулж үзэв үү?
-Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат  Монголд цөмийн хог хаягдал булшлах гэрээ байгуулсан тухай нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Энэ яриа бодитой гэдгийг С.Батболдын Засгийн газрын баталсан Хөрөнгө оруулалтын хөтөлбөрөөс харж болно. Хөтөлбөрт гурван газар цөмийн хаягдал булшлах байгууламж барихаар төлөвлөсөн. Энэ нь булавч бултайна, даравч дардайна гэгчээр цөмийн хаягдал булшлах асуудал бодитой, яриа хэлэлцээ болсныг баталж байна. Шинээр байгуулагдаад байгаа Н.Алтанхуягийн Засгийн газар Засгийн газрын бүтэцдээ Цөмийн энергийн газрыг Ерөнхий сайдын харьяанд хэвээр нь үлдээлээ. Ингэснээр цөмийн хог хаягдлын тухай яриа бас л бодит болох нь харагдлаа. Цөмийн энерги ашиглах, уран олборлох бодлого энэ Засгийн газрын дөрвөн жилд ч үргэлжлэх нь.

-Та бүхэн Цөмийн энергийн газрыг татан буулгах шаардлага тавьсан удаатай. Энэ шаардлагыг шинэ Засгийн газрын бүтцийг ярих үед хэрэгжүүлэх нь гэж хүлээсэн байх нь ээ?
-2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон улс төрийн намуудаас АН, ИЗНН, МНН зэрэг нам цөмийн энерги ашиглахгүй гэсэн заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Энэ хөтөлбөрөө олон нийтэд сурталчилж АН, ИЗНН  УИХ-д сонгогдсон. Гэтэл Засгийн газрын бүтэц ярих үед мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байгаа нь тодорхой боллоо. ЦЭГ-ыг цөмийн энерги ашиглах, цацраг идэвхт ашигт малтмал ураныг олборлох зорилгоор Ерөнхий сайдын харьяанд байгуулсан. Хуульд заасан чиг үүрэг нь ч ийм. Тиймээс шинэ Засгийн газар ЦЭГ-ыг Ерөнхий сайдын мэдэлд хэвээр үлдээж байгаа нь Монголын төр Атомын цахилгаан станц барих, уран олборлох бодлогоосоо татгалзах болов уу гэсэн олон нийтийн хүлээлтийг шууд үгүйсгэсэн асуудал боллоо. Энэ агентлагийг татан буулгаагүй цагт Монголын газар нутаг цацраг идэвхт аюулын дор орж байна гэсэн үг. Үүнээс гадна манай улсад газар тариалан, эмнэлэг, уул уурхай зэрэгт цөмийн эх үүсвэр тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа. ЦЭГ хуулийн дагуу цөмийн эх үүсвэр ашигладаг салбаруудад хяналт тавих үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд заавал агентлагийн бүтцээр ажиллах шаардлагагүй. Бид энэ агентлагийг татан буулгах шаардлагаа цаашид ч тавина. Эрх баригч намуудыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардана.

-Гадаадын өндөр хөгжилтэй уран ашиглаж буй орнууд манайхыг хог хаягдлын цэг болгоно. Нисдэг тэргээр хог хаягдлаа авчирч хаяж байна гэсэн мэдээлэл ч түгсэн. Энэ тухайд...?
-Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбатын ярилцлагыг уншихад “Цөмийн хог хаягдлыг галт тэргээр оруулж ирэх боломжгүй. Хил, гааль дээр шалгаад илрүүлчихнэ. Харин онгоцоор оруулж ирэх боломжтой” гэсэн байна билээ. Цөмийн хог хаягдал онгоцоор зөөгөөд байх жижиг зүйл биш шүү дээ. Одоогоор дэлхийд цөмийн хаягдлаа онгоцоор өөр улс руу тээвэрлэж хаядаг улс байна гэж би л лав сонсоогүй. Аюулгүй байдал талаасаа бодсон ч ийм юм байж яагаад ч таарахгүй.

Уран олборлодог найман “акул” компанийн тав нь Монголд орж  ирсэн

-Хөрөнгө оруулалтын хөтөлбөрт Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Дорнод аймгийн Мардай тосгон, Алдартолгой гэсэн гурван газар цацраг идэвхт хаягдал хадгалах, боловсруулах, булшлах байгууламж барихаар тусгасан байгаа. Үүнд, уул уурхай, эмнэлэг зэрэгт ашиглах цацраг идэвхт хог хаягдал булшлана гэж тайлбарлах хүн ч байна. Ингэхэд энэ салбаруудаас хэр хэмжээний хог хаягдал гардаг юм бол. Энэ талаар тооцоо, судалгаа бий болов уу?
-Энэ талаар мэргэжлийн байгууллага ямар ч тайлбар хийдэггүй. Тиймээс энэ тухай тодорхой мэдээлэл байхгүй. Монголд эрүүл мэндийн салбар хамгийн олон жил цацрагийн эх үүсвэр ашиглаж байгаа. Тухайлбал, Хавдар судлалын эмнэлэг ашиглаад дууссан хуучин аппарат хэрэгсэл, зүү, тариур, бээлий, хувцас зэргээ хаана хаяж, хадгалж ирсэн нь тодорхойгүй. Үүнийгээ олон нийтэд ил болгох хэрэгтэй. “Бид цацраг идэвхт хог хаягдлаа өмнө нь ингэж хадгалж, хаядаг байсан. Одоо цацраг идэвхт хог хаягдал хаях ийм байгууламж шаардлагатай байна. Үүнд, ийм хэмжээний төсөв хөрөнгө хэрэгтэй. Байгууламжаа ийм хугацаанд бариулна” гэдгээ олон нийтэд ил тод тайлбарлах ёстой. Гэтэл Дорноговь, Дорнод, Алдартолгойд барих гэж буй байгууламжийн талаар хэн ч, ямар ч тайлбар өгөхгүй байна шүү дээ.

-Зарим нэг аюултай зүйлийг олон нийтэд хамаагүй мэдээлж болохгүй, нууцлах тал бас бий. Тиймээс ч янз бүрээр хардаж сэрдэхэд хүргэдэг байх?
-Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Сайн тал нь ийм байна, аюултай тал нь ийм байна гэдгээ ард түмэндээ хэлж ойлгуулдаг байх ёстой.  Монголын ард түмнээс нууж  хийж байгаа нь хардалт сэрдэлт дагуулж, айдас, түгшүүр төрүүлж байна. Бидэнд айх шалтгаан ч байгаа. Чернобиль, Фүкүшимагаас дэлхий дахин сургамж авч, цөмийн энерги, цацраг идэвхт бодис ямар хортой вэ гэдгийг мэдсэн. Тийм учраас бид эсэргүүцэж байна, бас айж байна. Фүкүшимагийн ослын дараах аюулын талаар Японы Засгийн газар үнэн мэдээллийг дэлхий нийтэд одоо ч хүргэхгүй байгаа. Нууц байна гэдэг нь ямар их аюултайг харуулж байна. Тэр их аюулын тухай хүн төрөлхтөн мэдэх юм бол зүгээр суухгүй учраас ард түмний эсэргүүцлээс айхдаа мэдээлэхгүй байгаа юм. Ер нь тэгж ч ирсэн байдаг.
Манай улсад л гэхэд социализмын үед ашиглаж байсан Мардайн ордын талаар өнөөдрийг хүртэл интернэтэд ямар ч мэдээлэл байхгүй. Газрын зурагт ч Мардайн тухай тэмдэглэгээ байдаггүй. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр маш нууц, аюултай гэсэн үг.

-Гэтэл “Кожэ говь”, “Эмээлт майнз”, “Дорнод уран” зэрэг компани 2014 он гэхэд уран олборлож эхэлнэ гэсэн. Дэлхийд уран олборлодог “акул” компаниуд ч Монголд орж ирсэн гэдэг юм билээ. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Ер нь, уран олборлох лиценз авсан компаниудын нэрийг Цөмийн энергийн газар нууцалдаг. Монголын төр засгийн хийж буй бүх үйл ажиллагаа ард түмэнд нээлттэй байх ёстой тухай дээр хэлсэн. Эх орныхоо хувь заяа хаашаа эргэж байгааг ард түмэн мэдэх эрхтэй. Тиймээс ЦЭГ хаанахын ямар компани ураны хэдэн лиценз эзэмшиж байгааг олон нийтэд зарлах хэрэгтэй. Миний мэдэж байгаагаар “Арева”, “Рио Тинто” компани Монголд орж ирсэн байгаа. “Арева” компани Африкийн Нигерт ураны уурхай эзэмшдэг. 50 гаруй жил уран олборлож байна. “Рио Тинто” Намибад дэлхийн хамгийн том ураны ил уурхайг эзэмшдэг.
 
-Сүхбаатар аймагт уран олборлоод эхэлсэн ч гэх юм?
-Туршилтын маягаар уран олборлоод эхэлсэн байгаа. Академич Чадраа гуай “Монгол улс атомын цахилгаан станц барих ёстой. Гэхдээ ураныг л битгий олборлоорой” гэж ярьдаг хүн шүү дээ. АЦС-ын түлш нь уран. Ингээд л ярьж хэлж байгаа нь зөрөөд байдаг юм. Чадраа гуай өөрөө уран аюултай шүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь бас л нэг зүйл хэлээд байна.

-Уран олборлосон тохиолдолд гарах үр дагаврын тухай хэлж өгөөч?
-Уран олборлосноор цацраг идэвхт тоосонцор бий болно. Үүнийг барьж тогтоох ямар ч боломжгүй. Ураныг шороо, чулуунаас ялгаж авахын тулд химийн маш хүчтэй бодис хэрэглэдэг. Алт угаадаг шиг. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье. Намиб улс том далан бий болгож уран угаасан химийн хорт бодистой усаа хаядаг юм байна л даа. Мэдээж, уран угаасан ус тэр чигээрээ цацраг идэвхт бодистой. Даланд хаясан ус нь ууршиж үгүй болоод лаг шавар нь үлддэг. Ингээд цацраг идэвхт тоосонцор үүсгэснээр тэр нь салхиар тархаж бүхэл бүтэн цацраг идэвхт говь бий болсон байдаг. Тэгэхээр Монгол Улсад ч байна уу, хаана ч бай уран олборловол эцсийн үр дагавар нь  ийм л байна.

Уран боловсруулах үйлдвэрт ажиллах нэг ч боловсон хүчин байхгүй

-Уран боловсруулах үйлдвэр барина л гэх юм. Манайд энэ чиглэлээр ажиллах боловсон хүчин хэр байдаг бол?
-Уран олборлох нь байгаль экологид төдийгүй тэнд ажиллаж байгаа хүмүүст ч маш хортой. Монголд энэ чиглэлээр ажиллах ямар ч боловсон хүчин байхгүй. Тэгэхээр ажиллах хүчнээ хаанаас оруулж ирэх вэ. Урд хойд хөршөөс үү. Атомын эрчим хүч ашиглана гэхэд АЦС-аа хэн ажиллуулах вэ. Өнөөдөр тавьсан зам нь маргааш бороо ороход цөмөрчихөж байгаа улс чинь АЦС ажиллуулна гэхэд үнэмших улс байгаа болов уу. Манай хоёр хөрш айгаад амар амгалан амьдарч чадахгүй болох байх даа.

-Манай улсад өнөөдрийн байдлаар ураны 109 лиценз олгосон байгаа гэсэн. Үүнээс улсын төсөвт хэр хэмжээний мөнгө ордог юм бол. Танд энэ тухай мэдээлэл бий юү?
-Мэдээж, төсөвт өчүүхэн хэмжээний мөнгө ордог байх л даа. Гэхдээ хүний эрүүл мэнд, байгаль экологид ураны учруулах хор уршгийг мөнгөөр үнэлж болохгүй ээ. Лицензийн мөнгө хэчнээн ч тэрбум ам.доллар байсан Монголын газар нутаг, монгол хүний оршин байх эрхийг мөнгөөр үнэлж болохгүй. Манай эрх мэдэлтнүүд “Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргана” гэж ярьдаг. Тэр нэмүү өртгөөр хүн амын эрүүл мэнд, байгаль экологид учруулсан хор хөнөөлийг хэзээ ч нөхөж барахгүй. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байна гэж арьс ширээ боловсруулж, хром гэх мэт хортой бодисоор угааж, боловсруулж байгаа. Хаягдлаа байгальд хаяж, маш их хохирол учруулж байна. Гэтэл үүнийг өнөөдөр хэн ч тооцдоггүй, ярьдаггүй. Дээр үед арьс ширний эрдэм шинжилгээний лаборатор гэж байдаг байсан. Одоо тийм лаборатор, хүрээлэнгүүд байхаа больсон. Тэр шингээсэн нэмүү өртөг хэнд наалдаж байна вэ гэхээр арьс ширний үйлдвэр ажиллуулж буй Хятадын хэдэн компани юм уу, цөөхөн хэдэн монгол хүний халаасанд л ордог. Би ногоон үзэлтэй хүний хувьд уул уурхай, арьс шир, ноос ноолуур зэрэг түүхий эдийн салбарт нэмүү өртөг шингээж анхан шатны боловсруулалт хийхийг эсэргүүцдэг.

-Манай орны зүүн бүсэд ураны илрэц их байдаг гэсэн?
-Сибирийн Чита муж, манай орны зүүн бүсийг дамнаж, урагшаа Өвөрмонголын Баян-Овоо гэсэн газарт ураны нөөцийн судал байдаг. Манай улсын Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг, төвийн бүс болох Архангайд ч ураны илэрц байгаа нь тогтоогдсон.

-Нэгэнт ураныг ашиглах боломжгүй юм чинь хөрөнгө мөнгө зарж хайгуул, техник эдийн засгийн үндэслэл гаргах шаардлага байна уу?
-Монголын төр ямар бодлогогүй, хариуцлагагүй байгааг л харуулж байна. Төрийн эрхэнд байгаа хүмүүс мөнгөөр бүхнийг хэмждэгтэй холбоотой. Өнөөдөр Хятад улс ой модны асар их нөөцтэй мөртлөө модны хэрэгцээгээ Сибирээс зөөж, хангаж байна шүү дээ. Энэ нь төр засаг нь ямар алсын хараатайг харуулж байна. Ураны нөөц дэлхийд маш түгээмэл байдаг мөртлөө олонхи улс уранаа ашигладаггүй. Маш аюултай учраас тэр. Түүнчлэн гадаадын зарим улс цөмийн эрчим хүч ашиглахыг Үндсэн хуулиараа хориглосон байдаг. Жишээлбэл, Австри улс байна. Тэдний жишгээр бид ч уран олборлохгүй байж болно.

-Дэлхийд ямар улс уран олборлож байгаа вэ?
-Африкийн өмнөд хэсэг, Казахстан, Австрали, Орос гэсэн улс уран олборлож байгаа. Манай улс жижигхэн эдийн засагтай, цөөхөн хүн амтай мөртлөө ийм том гүрнүүдтэй жөтөөрхөж байгаа юм. Бид дэлхийн зах зээлд ураны том тоглогч болно ч гэх шиг уянгын халилтай зүйл яриад л. Тэрэндээ итгээд л. Цаад үр дагаврыг нь ерөөсөө тооцохгүй. Монгол үндэстэн оршин тогтнож ирсэн цагаас хойш уран олборлохгүйгээр амьдарч болоод ирсэн. Тиймээс ийм аюултай тоглоомоор тоглох шаардлагагүй. Уран ашиглавал бид сүйрнэ л гэсэн үг.

Атомын энерги ашиглаж, уран олборлохыг Үндсэн хуулиар хориглох хэрэгтэй

-Танай төрийн бус байгууллага уран, цацраг идэвхт бодисын эсрэг тэмцэл өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд ямар үр дүнд хүрэв?
-Монголд Цөмийн хаягдал булшлах нь гэсэн яриа гарснаас хойш бид тэмцэж эхэлсэн. Тэмцэл маань тодорхой амжилтад хүрсэн шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч цөмийн хог хаягдал булшлахын эсрэг зарлиг гаргасан. НҮБ-ын Ерөнхий Асамблейн чуулган дээр үг хэллээ. УИХ-ын сонгуульд оролцсон улс төрийн гурван нам хүчин мөрийн хөтөлбөртөө цөмийн энерги ашиглахгүй, уран олборлохгүй гэж тусгасан байгаа. Тэгэхээр бидний хийсэн тэмцэл үр дүнд хүрч байна. Цаашид ч тэмцлээ үргэлжлүүлнэ. Монголын ард түмэн үр дүнг нь хүртэж, айх аюулгүй, эрүүл саруул орчинд амьдрах учиртай.

-Цаашид тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байна вэ. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Австри улс шиг болохыг шаардах уу?
-Мэдээж, тэгнэ. Манай улс атомын энерги ашиглах, уран олборлох гэсэн бодлогоо авч хаях хэрэгтэй. Үндсэн хуульд энэ асуудлыг хориглосон тохиолдолд Монгол Улс цөмийн аюул гамшгаас үеийн үед хол байж чадна. Тиймээс “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөн цөмийн эрчим хүч, уран олборлох асуудлыг Үндсэн хуулиар хориглох шаардлага тавина. Хоёрдугаарт, Засгийн эрхэнд гарсан улс төрийн намуудыг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг шаардана. Гуравдугаарт, Монгол Улсын төр үнэхээр атомын эрчим хүч ашиглаж, уран олборлох гээд байгаа юм бол ард нийтийн дунд санал асуулга явуулах шаардлага тавьж байна.

-Яагаад?
-Энэ асуудал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, Монголын ард түмний ирээдүй хойчтой холбоотой. Тиймээс үүнийг ард түмэн өөрсдөө шийдвэрлэх ёстой. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай юмуу, Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулна гэж заасан байдаг. Нэгэнт үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас намар болох орон нутгийн сонгуультай хамтатгаж энэ санал асуулгыг явуулж болно. Хэрэв тэгэхгүй бол 2013 онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгаж явуулах шаардлага тавина.
Үндсэн хуульд хэзээ өөрчлөлт оруулах нь тодорхойгүй. Тиймээс ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэе гэж байгаа юм. Санал асуулгаар ард түмэн “Атомын энерги ашиглахгүй, уран олборлохыг зөвшөөрөхгүй” гээд шийдчихвэл тэр 109 лиценз авсан компани, гадаадын хөрөнгө оруулагчдын асуудал аяндаа шийдэгдэнэ гэж үзэж байна.

 -Эдгээр шаардлагаа Засгийн газарт өгсөн үү?
-Тийм ээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад наймдугаар сарын 6-нд албан шаардлага хүргүүлсэн. Наймдугаар сарын 6 бол хүн төрөлхтөн дээр атомын бөмбөгийг туршсан эмгэнэлт өдөр шүү дээ. Энэ эмгэнэлт өдөр, Монголд ийм аюулыг бий болгохгүйг сануулж шаардлагаа хүргүүлсэн. Шаардлагынхаа хариуг авахын тулд тэдэнтэй биечлэн уулзах хүсэлт ч гаргасан. Миний хүсэлтийг хүлээж аваад албан ёсоор хариу өгөх байх гэж найдаж байгаа. Зөвхөн надад өгч байгаа хариу биш Монголын ард түмэн, нийгэмд үүссэн хүлээлтэд өгөх хариу гэж ойлгож байгаа.

0 Сэтгэгдэл
манай улс уран ашиглах болоогүй, жишээ нь наад зах нь их хурлын гишүүд хуралдаа сууж чадахгүй байхад маш хатуу сахилга шаарддаг цөмийн асуудал болоогүй
мэдэхгүй байж мэдэмхийрэх хэрэггүй шүү дээ
URan Uranii bolovsruulalt tsumiin energy haygdal geh aimshigt mangasaas hol baisan ni deer shuu... Mongolchuudaa eserguutsetsgeeyee... Ene Mungunii shunald avtsan heden tom tolgoitoi uls turchid Hamag Mongoliig ustgah gej baina shuudee...
Uran olborlohiig buh niiteeree eserguutsetsgeeye
Хамгийн их уншсан