Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

49-өөс дээш хувийг гадаадынханд өгөхгүй гэвэл үлдсэн хувийг нь өөрсдөө гаргах чадал бий юу

Уул уурхай бол зөвхөн газар ухаж, нүүрс, алт гаргадаг хэмээн төсөөлөх нь энэ салбарыг өөрсдийнхөө амьдралаас хэтэрхий холдуулан бодож буй хэрэг. Бид л мэддэггүй болохоос хүн өглөө гэрээс гараад явахаасаа өмнө л гэхэд 24 төрлийн ашигт малтмал агуулсан зүйл хэрэглэдэг. Хүүхнүүд бол уул уурхайн салбарын үнэнч хэрэглэгчид. Тэдний өдөр тутам хэрэглэдэг, гоёж гооддог гоо  сайхны бүтээгдэхүүнд уул уурхайн олборлосон ашигт малтмал, түүхий эд маш их ордог. Тэр дундаа бентонит хэмээх эрдэсгүйгээр уруулын будаг гэдэг зүйл байхгүй. Ингээд ярьвал уул уурхай, түүний олборлон гаргадаг ашигт малтмал, түүхий эд бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг байсаар байгаа юм.

 Хэдий уул уурхай ийнхүү амьдралын маань салшгүй хэсэг болсон ч геологичдын очсон газар бүр алттай байдаггүй, уурхайчдын ухсан нүх болгоноос нүүрс гардаггүй. Уул уурхайн эрэл хайгуул гэдэг хамгийн өндөр эрсдэлтэй ажил байдаг. 1:1000 гэдэг магадлал таны хувьд хэр том эрсдэл вэ. Тэгвэл Оюу толгой шиг том орд олох магадлал 1000-д нэг л тохиолддог байна. Гэтэл хоёр хүн хоорондоо хуруудаад хожих магадлал 1:5,  казинод ороод мөнгө олох магадлал 1:38 байдаг. Эндээс уул уурхайн хайгуул хийж, нөөц баялаг олж тогтооно гэдэг ямар өндөр эрсдэлтэй ажил болох нь тодорхой ойлгогдож байгаа биз. Энэ өндөр эрсдлийг хүлээгээд дээр нь асар өндөр өртгөөр хайгуул судалгаа хийсний эцэст  хоосон буцдаггүй юм аа гэхэд нэг багавтархан нөөц илрүүлэх нь энүүхэнд. Тийм ч учраас дэлхийн хөрөнгө оруулагчид хайгуул судалгаа хийхдээ ч тухайн орны хууль эрх зүйн орчин нөхцөлийг ихээхэн харгалзаж үздэг байна. Манай улсын хувьд 2000-аад оны сүүлчээр дэлхийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулд зарцуулсан нийт хөрөнгө оруулалтын дөрвөн хувийг татсан нэг тохиолдол бий. Тэр бол манай уул уурхайн салбарын түүхэнд хамгийн дээд амжилт бөгөөд түүнээс хойш дандаа уруудсаар байгаа гэнэ. Бизнес хийх таатай орчноороо Канад, Америк, Австрали, Мексик зэрэг оронд олонхи хөрөнгө оруулагчид хайгуул хийхээр хөрөнгө мөнгө хаяж, түүнийхээ хэрээр ч тэдгээр оронд шинэ, шинэ орд газрууд нээгдэж байгаа аж.  Жишээлбэл, 2000-2010 онд дэлхийн хэмжээнд дунд зэргийн 412 орд нээгдсэнээс 73 нь Австралийнх байх жишээтэй. Тэгвэл энэ хугацаанд Оюу толгой шиг том орд 44 нээгдсэнээс гурав нь Австралид байна.  Австрали мэтийн уул уурхайн хууль эрх зүйн орчин сайтай газар хайгуулаараа хүртэл хөрөнгө оруулагчдыг татаж байгаа нь энэ.

Хэрэв геологийн судалгаанд зарцуулах хөрөнгө мөнгийг улсаас гаргадаг бол уул уурхайн хайгуул хийх эрсдэл өнөөх 1:1000 гэдэг өндөр магадлалаасаа 1:300 болж буурах боломжтой гэнэ. Гэвч ийм эрсдэлтэй зүйл рүү татвар төлөгчдийн мөнгийг оруулж болохгүй учраас өнөөх л гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл хэрэг болоод байгаа юм. Манайхан өөрсдөө хийе гэсэн ч жил ирэх тусам өссөөр байгаа хайгуулын зардлыг үнэхээр хүчрэхгүй гэдгийг салбарынхан “Discover Mongolia”-гийн үеэр учирлаж байлаа. Эхлээд урт нэртэй хууль гаргаж, 200 гаруй лицензийг цуцалсан. Гэтэл өнгөрсөн хавар бас л дахиад нэг урт нэртэй хууль гаргаж, стратегийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай зааж өгсөн нь уул уурхайн олон ч төсөл төлөвлөгөөнд саад учруулахаар байгааг  “MIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ярив. Түүний сонирхуулан ярьснаар стратегийн ач холбогдолтой гэдгийг яаж тодорхойлж байгааг бодлого боловсруулах төвшний 20 хүнээс асуухад 20 өөр янзын хариулт өгсөн гэнэ. Өөрөө ийм ойлголтын зөрүүн дээр үндэслэсэн энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмших хувийг 49-өөс дээш байж болохгүй хэмээн заасан нь үндэснийхээ компаниудыг үлдсэн хувиа өөрсдөө ол гэсэн утгатай болж таарч байгаа юм. Гэтэл уул уурхайн асар том тоогоор яригдах төсөл хөтөлбөрүүдийн 50 гаруй хувийг дан өөрийн хүчээр бүрдүүлэх чадвартай компани хэд байгаа юм бэ гэж энэ салбарынхан хууль тогтоогчдоос асууж байна.

Салбарынх нь хүмүүсийн санаа оноог сонсолгүйгээр энэ мэтчилэн хууль батлах нь төрийн оролцоо хэтэрхий ихдээд байгааг харуулж буй хэрэг гэж Д.Жаргалсайхан гуай тодорхойлов. Түүний санал болгож буйгаар  Төр-Иргэд-Хөрөнгө оруулагчид гэсэн гурван тал яг л тулгын гурван чулуу шиг эрх тэгш харилцаатай явбал тогоо нь аль нэг тийшээ хазайгаад уначихгүй, хоолтой ундтай хонохтой адил уул уурхайн салбарын хэрэг ч сайхан бүтэж, урагш ахина гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан