Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлэгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас 10 ойролцоох замын гарцаар гарч явсан хүүхдийн дээрээс нурж амь насыг нь хохироосон байна. Осол өнөөдөр 17:15 цагийн үед гарсан байна. Биднийг тус газар очиход Саппорогийн тойргоос III, IV хороолол өгсөх замыг бүхэлд нь хааж хөл хорио тогтоосон байлаа. Осол болсон газарт Онцгой байдлын албаныхан болон Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийнхан, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн ирсэн байв. Мөн талийгаач хүүхдийн эцэг, эх, эмээ, ах дүүс нь ирсэн байлаа. Мөн тус зам дээр явж байсан Тоёота маркын машинд зорчиж явсан хоёр хүн хүнд, хөнгөн гэмтэж Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын газарт байсан хүмүүсийн ярьж байгаагаар тус барилга нь “Од хийморь” эмнэлэгийн өргөтгөлийн барилга аж. Эмнэлгийн удирдлагууд нь солонгос хүмүүс байдаг гэнэ. Осол болох үед зуурмагын машины шахагч хэрэгсэл зам дамнан унахдаа тралейбусны тросс дээр эхэлж тогтжээ. Энэ үед гарцаар гарч явсан иргэд сандралдаж хоёр тийшээ тарж гүйхэд талыгаач хүүхэд холдож чадалгүй даруулсан гэнэ. Нүдээр харахад бетон зуурмаг шахагч машины тулгуур нь газарт цөмөрсний улмаас өндөрт өргөсөн бетон шахагч хоолой зам руу савж осол гаргасан бололтой байв. Энэ мэт замбараагүй газар олголт, замбараагүй барилга, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс жирийн иргэд амь насаа алдсаар байна. Одоо үүнийг Онцгой байдал, Цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байна. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Зам дээр явж байсан энэ машины дээрээс унаж, машинд зорчиж явсан хоёр хүн хүнд хөнгөн гэмтэж, Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс жирийн иргэн амь насаа алдлаа
Талийгаачийн ар гэрийнхэн бололтой хүмүүс "машины жолооч хаана" байна хэмээн Онцгой байдлын албаныхан руу дайрч байлаа.
Машины тулгуур газарт цөмөрч орсны улмаас машин осолджээ.
Цөмөрч орсон байгаа байдал
Онцгой байдлын албан хаагчдын хэлснээр газрын хөрс нь цөмөрч, өндөрт өргөсөн урт хоолой нь зам руу савсны улмаар осол гарчээ.
Бетон зуурмаг шахагч каран хэрэв автобусны буудал руу нурж унасан бол яах вэ?