Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ынхан согтууруулах ундаатай тэмцэж, хүүхдэд гар сунгана

АН-ынхан алгаа тэнийлгэж хүүхдэд мөнгө өгөхөөр болж. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1-нээс 20 мянган  төгрөгийг 978 мянган хүүхэд хүртэх аж. Улсын төсөв санхүү хүндхэн энэ үед хаанаасаа мөнгө олж өгөх нь вэ, худал зүйл амлалаа гэж харж буй нэгэн байгаа л байх. Өмнөх Засгийн газар иргэдэд сар бүр 21 мянган төгрөг өгөх гэж хөгөө хөлдөө чирсэн. Аргаа барахдаа Монголбанкнаас 220 тэрбум төгрөг зээлж билээ. Гэвч Сангийн яам энэ мөнгийг өнөө хэр нь төлж чадаагүй  байгаа. Ингэж  Засгийн газар Монголбанкны “барьцаанд” орсон түүхтэй.
Тиймээс иргэд ийм зүйл дахин давтагдах вий гэж сэрэмжлэх нь зүйн хэрэг. Хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг өгөхөд сард 19.2 тэрбум, жилд 260 тэрбум төгрөг шаардагдана. Энэ мөнгөний эх үүсвэрийг олохын тулд  тамхины онцгой албан татварыг хоёр дахин нэмэх гэнэ. Түүнчлэн архи согтууруулах ундааны төрлийн зүйлд татварын хэмжээг нэмэх аж. Ийнхүү согтууруулах ундааны хэрэглээг багасгаж олсон мөнгөө хүүхдэд зориулах болж.

Хүүхдэд сар бүр мөнгө олгох санааг АН-ынхан хэдэн жилийн өмнө гаргасан. Тухайн үед төр барьж байсан одоогийн МАН-ыг хүүхэд бүрт сард 3000 төгрөг өгүүлж чадсан.  Гэвч тухайн үед төрийн эрхийг барьж байсан нам хүүхдэд мөнгө өгөх сонирхолгүй байсан учир тэгсхийгээд зогсоосон. АН-ынхан 2010 онд хүүхдийн мөнгийг сэргээхээр хуулийн төсөл боловсруулж байлаа. Мөн л эх баригч нам хүүхдэд мөнгө өгөхийг дахиад дэмжээгүй. Харин сонгуулийн дүнгээр засаг барих эрх авсан АН-ынхан өөрийн намын брэнд сэдэв болсон хүүхдэд мөнгө олгох асуудлыг дахин сэргээлээ. Дэлхийн улс орнуудын парламент хүүхдэд мөнгө өгөхөөс хэзээ ч татгалздаггүй гэдэг.
Манай улс л ямаанд мөнгө төлөвлөдөг хэрнээ хүүхдэд өгнө гэхээр уур нь хүрч, улс төр хийгээд эхэлдэг. Тиймээс АН УИХ-д олонхи байгаа дөрвөн жилдээ хүүхдэд мөнгө өгөхөөр ийн шийдсэн бололтой.

АН-ыг Засаг барих болсноор нийгмийн халамж зогсоно гэсэн ойлголт иргэдийн дунд байсан. Гэхдээ тус намынхан халамж зайлшгүй хүртэх учиртай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд халамжийн бодлогоо чиглүүлнэ гэдгээ өмнө нь хэлж байсан. Энэ дагуу явах гэнэ. Түүнээс хөдөлмөрийн насны, ажил хийх боломжтой нэгэнд өмнөх Засгийн газрын нэгэн адил мөнгө өгч баярлуулахгүй гэсэн зарчим хатуу баримталж буй. Үнэхээр хавтгайруулсан нийгмийн халамж юунд хүргэдгийг улсын эдийн засагт хэрхэн хүнд тусдагийг монголчууд бүгд мэдэрсэн. Улсын эдийн засаг нь мөлхөж арай л элгээрээ хэвчихээгүй л явна. Энэ бүх зүйлийг дэлхий нийтийг хамраад буй эдийн засгийн хямралтай холбож болох ч хавтгайруулж олгосон халамж ч  нэмэр болсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан