Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотын удирдлагууд хэлсэндээ хүрч, бяцхан үрс минь айх аюулгүй амьдраасай

...“Тэр минь 12-хон настай. Ээжийнхээ гараас хөтлөөд явж байсан охины минь тархийг бяцлаад амь насыг нь егүүтгэчихдэг ямар гээчийн харгис нийгэм бэ, энэ чинь. Миний охин амь насаараа энэ завхарсан нийгэмд мянга, мянган хүүхдийн төлөө дүүгээ, найзуудыгаа эрүүл аюулгүй орчинд аж төрүүлэхийн төлөө сүүлийн амьсгалаа авахдаа хүсч байсан гэж бодож байна. Миний охины амь нас энэ бузар засаг, замбараагүй нийгэмд өгсөн дохио, хонх байгаасай гэж хүсч байна. Охин маань үргэлж шинийг санаачилж хүсч, мөрөөдөж найз нөхөд хамт олноо удирдаж хөтөлдөг манлайлагч нь байсан юм. Тэр маань тамхины ишээ хаялаа гэж загнадаг тийм л эх орон ч байсан юм” гэх охиноо алдсан аавын харууслын үг...



Тэгвэл ийм байдлаас харуулсал, хамарсал дахин давтуулахгүй байх тал дээр Улаанбаатар хотын удирдлагууд ажиллана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. НИТХ-ын дарга Д.Баттулга, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Барилга барьж байгаа тус газрыг эзэмших зөвшөөрлийг иргэн Батболд өнгөрсөн нэгдүгээр сард авчээ. Тэрээр, эмнэлэг, орон сууц барих зориулалтаар авсан байна. Барилгын зураг төслийг “Тоёохиро” хийж Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хандсан ч тодорхой шалтгааны улмаас батлаагүй аж. Ийм байтал тус компани дур мэдэн барилгын ажлаа эхлүүлжээ. Барилгын ажлыг “Төгс бүрэн” хэмээх компани гүйцэтгэж байсан аж. 13 давхар барихаар төлөвлөж байснаас одоо долдугаар давхартаа явж буй уг барилгын ажлыг гурван давхарт явж байх үед нь Нийслэлийн МХЕГ-аас зогсоох шаардлага өгсөн боловч дур мэдэн үргэлжлүүлсээр, өнөөдрийн ийм байдалд хүрсэн байна.  Осол гаргасан кран нь үзлэгт ороогүй, түрээсээр ажиллаж байсан техник гэнэ.
Энэ байдлаас үүдэн Улаанбаатар хотын удирдлагууд цаашид ийм зүйлийг давтуулахгүйн үүднээс дараахь арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, барилга барих зөвшөөрлөө албан ёсоор аваагүй хэрнээ барилгын ажил эхэлсэн 60 гаруй барилга байгаа аж. Үүнийг өнөөдрөөс эхлэн бүр мөсөн зогсоох арга хэмжээ авахыг НМХГ-ын дарга Л.Бямбасүрэнд хотын мээр Э.Бат-Үүл үүрэгджээ. Түүнчлэн албан ёсны зөвшөөрөлгүй хэрнээ баригдаж ашиглалтад орсон барилга ч цөөнгүй байгааг тэд хэлсэн. Ийм барилгуудад цэвэр, бохир ус, халуун ус, цахилгаанаар хангахгүй байхыг хангагч компаниудад үүрэг болгожээ.
Мөн барилга дээр ашиглаж байгаа өргөгч цамхаг /кран/, бетон зуурагч, шахагч машинуудыг үзлэг оношлогоонд оруулж, бүртгэлжүүлэх ажлыг НМХГ-т даалгасан байна. Энэ мэтчилэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс гадна замбараагүй газар олгосон байдлыг цэгцлэхээ ч хотын удирдлагууд хэллээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын 45 сургуулийн хашаанд зөвшөөрөлгүйгээр баригдаж эхэлсэн барилгын ажлыг бүр мөсөн зогсоогоод байгаа бол Төмөр замын дээд сургуулийн өмнө арктай шар байрны гол суурийн давхараа эхэлсэн барилгын ажлыг мөн зогсоох арга хэмжээ авчээ.
Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, замбараагүй олгосон газарт дүн шинжилгээ хийж цэгцлэх болно гэлээ. Цаашид ийм осол гарсны дараа биш, гарахаас нь өмнө арга хэмжээ авдаг байна гэдгээ ч хотын дарга нар иргэддээ уламжилсан юм.
Хотын дарга нар хэлсэн амандаа хүрч, дахин ийм золгүй осол аваар бүү гараасай. Монголын мянга, мянган үрс, эрүүл саруул орчинд тоглож, айх аюулгүй байгаасай.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
ёстой доо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэгч л болж байх шив дээ
ungursun hoino ni neeh uhaardiin teriig unahaas umnu huuhediig avarsan bol
Хамгийн их уншсан