Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Засаг дарга нар халамжаар улс төр хийхээ болино


Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Шинэчлэлийн Засгийн газар хүний хөгжилд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн. Энэ чиглэлээр хийж байгаа ажлаасаа сонирхуулбал?
 -Манай яаманд хүн амын хөгжлийн асуудал гээд цоо шинэ бодлого орж ирсэн. Өмнө нь зөвхөн хүний хөгжил гэж ярьдаг байж. Түүнээс хүн амын хөгжил гэж ярьдаггүй байсан шүү дээ. Нийгмийн бүлэг рүү чиглэсэн төрийн бодлого модны үндэс шиг олон салаа байдлаар явж ирж. Жишээ нь хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын асуудлыг тус тусад нь авч үздэг ч гэ­дэг юм уу. Гэтэл төрийн байгууллагын анхан шатны тогтолцоо нь гэр бүл. Хуульд ч ингээд заачихсан байгаа. Өрх гэр бүлүүдээс төр үүсдэг. Тиймээс хүн амын хөгжлийн цогц бодлогын суурь нь гэр бүл. Гэр бүлээс хамааралгүй зүйл гэж байхгүй. Эмэгтэйчүүд, залуучууд, хөгшдийн асуудал бүгд л гэр бүлээс хамааралтай. Энэ хамаарлыг харахгүйгээр асуудлыг тусад нь тавибал үр дүнд хүрдэггүй гэдгийг бид харлаа. Тиймээс гэр бүлд суурилсан хүн амын бодлоготой болъё, хөгжлийг цогцоор нь харъя. Манай яам хүн амын бодлогыг цог­цоор нь шийднэ. Энэ бодлогыг боловсруулахын тулд эрдэмтэн мэргэд, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч ажиллана. Хүн амын хөгжлөө зөв тодорхойлоогүй улс хөгждөггүй юм байна. Эдийн засгийн өсөлтийг хөгжил гэж харахаа болъё. Хүний хөгжлийг л хөгжил гэж харъя.

-Тэгвэл манай улсын хүний хөгжил ямар төвшинд байна вэ?
-Зогсонги байна. Эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарсан. Ийм байхад хүний хөгжил яагаад зогсонги байна вэ. Ийм өрөөсгөл хөгжилтэй байж болохгүй. Улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол хүн амын хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй байна.

-Өмнөх Засгийн газрын үед нийгмийн хамгааллын асуудал гэхээр л эмзэг бүлэгт чиглэсэн ажил хийдэг байсан. Үүнийг үргэлжлүүлэх үү, эсвэл цоо шинэ бодлого гаргаж ирэх үү?
-Нийгмийн хамгааллын бодлогод өөрчлөлт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Сая л гэхэд УИХ-ын чуулганаар Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруу­лах асуудал хэлэлцэх үед то­милгоотой холбоотой маргаан гарлаа. Нийгмийн халамжийн байгууллагын орон нутагт дахь салбарын дарга нарыг аймгийн Засаг дарга томилдог. Үүнээс үүдэж нийгмийн халамжийн бодлогыг улс төрийн зорилгоор ашигладаг болсон. Бүх шатны Засаг дарга нар ийм зүйл хийсэн. Үүнийг больё гэж байгаа юм. Нийгмийн халамжийн бодлогыг босоо тогтолцоонд шилжүүлье. Ингээд нийгмийн халамжийн газар, агентлагийн дарга нарыг төрийн албан хаагч болгоно. Тангараг өргөсөн төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан хоёрын томилгоо өдөр шөнө шиг ялгаатай. Тангараг өргөсөн төрийн албан хаагчийг энэ албан ту­шаалд тавьснаар мэргэшсэн, тогтвортой, хариуцлага хүлээлгэх боломжтой. Харин улс төрийн албан тушаалтан тухайн ажилд дөрвөн жилийн хугацаанд л томилогддог. Тиймээс Нийгмийн даатгалын удирдлагын тогтолцоог нь босоо байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Учир нь санхүүжилт нь босоо. Орон нутгийн төсвөөс хуримтлал үүсэхгүй шүү дээ. Нийгмийн даатгалд л гэхэд тэтгэврийн сангаас хуваарилалт хийдэг.

-Та бүхнийг ингээд яри­хаар орон нутагт эрх мэдэл өгнө гээд байсан чинь яалаа гэсэн зүйл эргээд хөндөгдөөд байгаа шүү дээ?
-Орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, томилгооны эрх мэдлийг өгөхийг би эсэргүүцээгүй. Гэхдээ хэт хавтгайрсан бодлого улсыг мөхөөх аюултай. Сингапурыг хар л даа. Энд бүх зүйл босоо тогтолцоотой байдаг. Хариуцлага хүлээх эзэн нь тодорхой. Харин манайд Засаг дарга нарын хэнтэй нь хариуцлага тооцох юм бэ. Бүгд улс төрийн албан тушаалтан. Тиймээс л өөрчлөх хэрэгтэй байна.

-Улс төрийн албан ту­шаал­танд хариуцлага тооцох заалт хуульд байхгүй хэрэг үү?
-Байхгүй шүү дээ. Аль нэг нам нь олонхи байх үедээ халамжийн бодлогыг улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн. Хариуцлага тооцож байна гээд бүх Засаг даргыг огцруулах уу, яах вэ. Тийм биз дээ. Үүний оронд тухайн Халамж үйлчилгээний газрын дарга нь өөрөө томилгоогоо хийдэг болчихвол тэр хүнтэй л хариуцлага тооцно. Хариуцлага хүлээх эзэн нь тодорхой болчихож байгаа юм.

-1990-2000 онд нийг­мийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийг нөхөн төлүүлэх хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Гэвч иргэдэд ийм боломж олгохыг эсэргүүцэж буй гишүүн цөөнгүй бий?
-Хуулийн гол зорилго нь 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан олон мянган хүний асуудал. 1990-2000 оны хооронд өөрөөсөө шалтгаалахгүйгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн өөрийнх нь төлөх 10 хувийг төлүүлж, шимтгэл төлснөөр нөхөн тооцох гэсэн асуудлыг яриад байгаа юм. Ингээд л болоо шүү дээ.

-Энэ хуульд багтах иргэдийн тоо хэд вэ?
-Сая орчим иргэний асуудал яригдана.

-Ингэхэд улсын төсвөөс мөнгө гарах уу. Тэтгэврийн санд ачаалал үүснэ гэж бол­гоомжлоод байгаа шүү дээ?
-Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Яваандаа тэтгэврийн санд ачаалал үүсэх магадлал бий. Эдийн засагчдын үзэж буйгаар эхний 10 жилд ДНБ-ий нэг хүнд ногдох бодит орлого 30 мянган ам.долларт хүрнэ гэж байгаа шүү дээ. Ийм гэрэл гэгээтэй, өнгөлөг зүйл харагдаад байгаа юм. Энэ үед тэтгэврийн сангийн хуримтлал боломжийн төвшинд хүрчихнэ биз  дээ.

-Танай яамны бүтэц орон тоонд хэр өөрчлөлт орсон бэ?
-Халаа сэлгээ ерөөсөө хийгээгүй. Яах вэ, шинэ орон тоо бий болгоно. Хуучин ажиллаж байсан хүмүүс өөр албан тушаалд очих байх. Ямар ч байсан бүх албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлана гэсэн бодолтой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан