Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын нам хүүхдүүдээс мөнгө харамлав

Монгол Улсын 2012 төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл буюу тодотгол хийх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Энэ онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн олон ажил хойшлогдож, төсвийн орлого бүрдүүлэлт дутсан байгаа. Чухам ямар учраас ийм асуудалтай тулгарчихав гэдгийг түшээд асууж байлаа.

Мөн хүүхдийн гэх тодотголтой 20 мянган төгрөгийг олгохоор Засгийн газар төсөлдөө тусгажээ. Уг мөнгөний эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд архи болон тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон аж. Ингэснээр дээрх бүтээгдэхүүний үнэ ханш багагүй өснө гэсэн тооцоо гарсан байна. Дээрх асуудлыг хэлэлцэж буйтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, тойрогт нь хийхээр төлөвлөсөн ажлын хөрөнгө оруулалт яагаад гацсан талаар лавлаж байлаа.
Өнгөрсөн сонгуулиар хоёр том нам байгалийн баялгаас иргэн бүрт хувь, хишиг хүртээх амлалт өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлж ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг олгож, иргэн бүрт сар бүр 21 мянган, оюутнуудад 500 мянгыг олгосон. Гэхдээ нэг сая төгрөгийн сүүлчийн хэсэг иргэдийн гар дээр очоогүй яваа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож эхэлсэн сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг хэзээ өгөх боломжтой вэ. Хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх, энэ амлалтаа хэрэгжүүлж чадаагүй байж, 0-18 насны хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгохоор болоод байгаа нь ямар учиртай. Хүүхэд бүрт олгох мөнгийг заавал одоо шийдэх ёстой юу, шинэ оноос болохгүй юм уу. Төсөв хүндэрлээ, мөнгө алга гэж байгаа ч Ерөнхийлөгч зорилтот бүлэгт хүүхдийн мөнгийг олгох төсөл санаачилсан. Одоо Ардчилсан нам хүүхэд бүрт мөнгө олгохоор болж байна. Ийм зүйл зохиогч хэн байх бол” гэж асуухад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өмнөх Засгийн газрын хийж чадаагүй ажлыг энэ онд багтаан гүйцэтгэнэ. Тиймээс шаардлагатай хөрөнгийг нь төсвийн тодотголд суулгахаар тусгачихсан. Хүүхдийн мөнгийг олгох тухай өмнөх Засгийн газрын хоёр тогтоол байдаг. Би эд мөрийн баримттай ярих болно. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдэд сард 15 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэж шийдвэрлэсэн байдаг. Мөн ядуу өрхийн насанд хүрэгчдэд мөнгө өгөхөөр заасан. Нийт 40 тэрбум төгрөг шаардлагатай гэж буй. Гэхдээ ингэж хавтгайруулах нь зохисгүй. Тэгэхээр хүүхдүүдээ ялгаж байхаар 0-18 хүртэлх насныхандаа сар бүр 20 мянган төгрөг олгох нь зөв гэж үзсэн” хэмээн хариуллаа.

Харин Ц.Даваасүрэн гишүүн төсвийн хууль зөрчсөн төрийн нарийн бичгийн дарга нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэж байлаа. Учир нь, тендерүүдийг цаг хугацаанд нь явуулалгүй хойш тавьж байсан болохоор тэр гэнэ. Үүнийг парламентын бүтэц болгоноор ярьж, тухайн хүнээс асууж тодруулах ёстой гэв. Ер нь, хөрөнгө оруулалтын асуудалд хариуцлагатай хандах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа. Түүний гаргасан саналтай Ерөнхий сайд санал нэг буйгаа илэрхийлж “Төрийн нарийн бичгийн дарга нар сайдаа ч тоодоггүй улс. Учир нь, ирж байдаг, явж байдаг хэмээн үздэг юм. Хөрөнгө мөнгө гаргах эсэхийг зөвхөн тэд л шийддэг. Дургүй зүйлээ хэдэн сараар хүлээлгэнэ. Өөрт нь ашигтай бол өдөрт асуудлыг нэг тийш болгочихдог. Ялангуяа Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга” гэв. Асуудалд хувийн ашиг сонирхлоор хандаж буй тул ийм төрлийн албан тушаалтнуудын эрхийг бага зэрэг хязгаарлаж, тэднээр тендер зарлуулахгүй байхаар тогтжээ. Мөн тендерийг өөр журмаар явуулдаг болох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан