Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн алдааг зас хэмээн спикрээс шаардлаа

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын  сонгууль удахгүй болно. Энэ сонгуулийг явуулах хууль нь парламентад өргөн баригдаж, бүтэц болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж эхэлсэн. Хуулийн төсөлд холимог тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулахаар тусгасан нь зарим нам, эвсэлд таалагдаагүй. Учир нь, цөөн хүн амтай сумдыг улстөржүүлэх нь буруу гэсэн байр суурь илэрхийлсээр буй юм. Дээрх хуультай холбоотойгоор МАН, Иргэний хөдөлгөөний нам, МУНН, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөр нам шаардах бичиг үйлдэн УИХ-ын даргад илгээжээ.

Шаардах бичигт “ИТХ нь тухайн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тул уг байгууллагыг сонгохдоо улс төрийн намуудын оролцоог аль болох багасгаж, улс төрийн намуудаас хараат бус байх шаардлагыг хангах зарчмыг хадгалан, иргэд тухайн орон нутгийн асуудлыг хамгийн сайн мэддэг мэдлэг, чадвар бүхий хүнийг сонгох боломжийг олгох үүднээс сонгуулийн тогтолцоог мажоритар системээр явуулах нь зүйтэй. УИХ-ын ээлжит сонгуульд автомат төхөөрөмж ашигласан нь маргаан дагуулсан. Зөрчил нь ч эцэслэн шийдэгдээгүй, эргэлзээтэй хэвээр байхад саналыг дан ганц автоматжуулсан төхөөрөмжөөр тоолох нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Иймд хяналтын тооллого заавал хийхээр тусгах. Сонгуулийн үед сонгуулийн хороодыг төрийн албан хаагчдаас бүрдүүлэхээр зааснаас ухарч улс төрийн намын төлөөллөөс байгуулахаар болсон нь сонгуулийн үр дүнг баталгаажуулах, сонгууль зохион байгуулах ажлыг улс төрийн зүй бус нөлөөнөөс ангид байлгах зарчимтай харшилна” гэж бичжээ. Үүнээс гадна хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж, сонгуульд оролцохыг үүрэгдэж, оролцоогүй бол тухайн хүнд хариуцлага хүлээлгэхээр заасан нь буруу. Аймаг, сум, дүүргийн ИТХ-д нэр дэвшигч нь тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугч байхаар хуулийн төсөлд тусгасан нь мөн л Үндсэн хууль зөрччихөж гэнэ. Сонгуульд тухайн аймаг, сум, дүүрэг, хороонд өөрийн салбартай улс төрийн намууд оролцохоор заасан нь улс төрийн бусад намууд адил тэгш сонгуульд оролцох боломжийг хязгаарласан. Нам, эвсэл, нэр дэвшигч адил тэгш эрхтэйгээр сурталчилгаагаа явуулах зохицуулалт байхгүй. Энэ мэт амьдралд нийцэхгүй, эрх баригч намуудад хэт үйлчилсэн зүйл заалтаа өөрчил гэсэн найман шаардлага жагсааж, алдааг нь зас хэмээн спикер шаардлагаа явуулжээ. Хэрэв энэхүү шаардлагыг хүлээн авч хүний эрх, эрх чөлөөний стандартад нийцүүлэн төслийг засч залруулах арга хэмжээ авахгүй бол улс төрийн тэмцэл өрнүүлэх юм гэнэ. Бүр бүх арга хэлбэрээр орохоо мэдэгдэж, анхааруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан