Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Цэцэрлэгийн хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж байна

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх саналыг Сангийн сайд болоод холбогдох хүмүүст нь тавьсан. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Эмэгтэй гишүүд олонтой энэ удаагийн парламент нийгэм рүү чиглэсэн зүйл хийнэ гэж иргэд хүлээж байгаа. Үүний эхлэл болгож цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх асуудлыг УИХ-д оруулж байгаа гэж ойлгож байна?
-Сангийн сайд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг өгөх боломжгүй гэсэн. Тиймээс хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болоод Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн.  Боловсрол, шинжлэх ухааны сайд бидний саналыг дэмжсэн. Сангийн сайд дээрх асуудлыг судалж үзээд ирэх оноос нэмэх боломжтой эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн.

-Цэцэрлэгийн хоолны мөнгийг нэмэхэд хэдий хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?
-Нэг хүүхдийн хоолонд өдөрт 1100 төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ оныг дуусах хүртэлх хоолны мөнгийг 2100 төгрөг болгож нэмэгдүүлэхэд 12 тэрбум төгрөг хэрэгтэй.
Өнгөрсөн сарын сүүлчээр 30 гаруй цэцэрлэгт очиж үйл ажиллагаатай нь танилцсан. Тэгэхэд багш нар хүүхдийн өдрийн хоолыг 1100 төгрөгт яаж багтаана аа гэж шаналж суугаагаа хэлж байсан л даа. Өнгөрсөн хавар ч гэсэн хүндхэн л байсан юм билээ.

-Хүүхэд өдөрт тийм хэмжээний амин дэмийг хоол хүнсээрээ авах ёстой гэсэн стандарт байдаг. Гэтэл одоо энэ талаар бодоод ч хэрэггүй гэж ойлгож болох нь ээ?
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолноос авах илчлэг нь 1100 төгрөгт багтана гэж 2008 онд тооцсон. Тэр үед нэг кг мах 3000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо нэг кг мах 9000 төгрөг байгаа. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Тиймээс л цэцэрлэгийн хүүхэд өдрийн хоолондоо цадахгүй байгаа юм.

-Хүүхдүүд ихэнх цагаа цэцэрлэгт өнгөрүүлдэг. Гэтэл идэж байгаа хоол нь ийм хангалтгүй байхад хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж мэдэх нь?
-Хоол тэжээлийн дутагдалд орж байгаа. Багш нар ярьж байна билээ. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулахаас нь өмнө хоол идүүлдэггүй гэсэн. Цэцэрлэгтээ ирээд хоол идчихнэ гэж боддог юм шиг байна билээ. Гэвч хүүхэд өглөө жижиг аягаар хүүхдийн будаа эсвэл талх цайтай иддэг. Өдөр нэг, хоёрдугаар хоол иднэ. Ингээд 16 цагаас мөн л жижиг талх, цай идэх жишээтэй. Ийм байхад хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орно шүү дээ.
Сүүлийн үед мах үнэтэй болсон учир цэцэрлэгүүд тахианы махаар хоол хийдэг болсон. Манайд америк нэртээ хятад тахианы мах зардаг. Энэ бүх асуудлыг зөвхөн эмэгтэй гишүүд бус эрэгтэйчүүд ярьснаар шийдэгдэнэ. Эмэгтэй гишүүд энэ талаар ярихаар өнөө хэд нөгөө л эмэгтэйлэг зүйлээ ярьж байна гэсэн өнгөөр хардаг.  Тийм ч учраас энэ асуудлыг ойлгуулахад төвөгтэй л байна. Ямар ч байсан бид энэ асуудлаа Байнгын хороонд танилцуулна. Шийдүүлэхийн төлөө явна даа.

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг эцэг эхчүүдээс гаргуулж болдоггүй юм уу. Төр засаг мөнгө гаргах боломжгүй гэлээ. Ийм үед эцэг эх нь үүргээ ухамсарлаж хүүхдийнхээ хоолонд анхаарч болохгүй гэж үү?
-Энэ саналыг тавьсан. Бид ингэж ярихаар тансаг зэрэглэлийн хэдэн эмэгтэй УИХ-д суучихаад одоо л жижигхэн нүүрээ харуулж эхэллээ. Иргэдийн амьдрал нь сайнгүй байгаа энэ үед цэцэрлэгийг төлбөртэй болгох нь гээд бичих болсон. Цэцэрлэгийг үнэ төлбөргүй болгоно гэж хэлчихээд хүүхдээ өлсгөлөн байлгах уу. Ирэх сараас хүүхдүүдэд сар бүр 20 мянган төгрөг өгнө. Энэ мөнгөө цэцэрлэгийн хүүхдийн хоолонд зориулж болно шүү дээ. Ингэвэл хүүхдийн өдөрт идэх хоолны хэмжээ нэмэгдэнэ. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр даах болсноор цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэн. Гэхдээ эцэг эхчүүдийн 30-40 хувь нь хүүхдийнхээ хоолны мөнгийг өгч дийлнэ гэж бодож байна. Нэг бол эмзэг бүлгээ тодорхойлоод зорилтот бүлгийн хүүхдийн хоолны мөнгийг төр даадаг болж бас болно.

-Сургуулийн хүүхдийн үдийн цайны асуудлыг хөндөх үү?
-Энэ талаар яриагүй л байна. Нэг асуудлаа шийдсэний дараа дараагийн асуудалдаа орно. УИХ дахь эмэгтэй гишүүд өнгөрсөн сар амаржих газрын барилгын асуудалд анхаарлаа хандуулсан. Шинэ төрх эмнэлэгүүдийг ашиглалтад оруулах, хөдөө орон нутагт 50 ортой амаржих газар барих асуудлыг нэлээн явуулсан.  Ирэх жилээс цэцэрлэгт явж чадахгүй байгаа 80 мянган хүүхдийн ядаж талыг нь цэцэрлэгт хамруулмаар байна. Ингэхийн тулд шинэ цэцэрлэг барихад анхаарах хэрэгтэй. Энэ мэт хийх ажил их байна.  

0 Сэтгэгдэл
sain yum hiiy. Yurusuu ambitslaj bolohgui saihan zuv zuil hiigeed yvhad sanaa zuv bol zaya zub gej. Amjilt.
amjilt husie. Unen shuu. tsetstelegeesee irehdee ulsuud irdeg shuudee
Хамгийн их уншсан