Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрээнд өөрчлөлт оруулах ноцтой баримт бий

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэн харж, сайжруулах талаар өмнөх парламентын үеэс л ярьж эхэлсэн. Тухайн үед 20 гишүүн нэгдэж Засгийн газарт шаардлага хүргүүлж байв. Гэвч шаардсан асуудлыг төгс хийж гүйцэтгээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Д.Батцогт, Г.Уянга, Х.Болорчулуун нарын 23 гишүүн шинээр байгуулагдсан Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болсноо өчигдөр мэдэгдлээ.

Гишүүдийн тавьж буй шаардлагад “Ашигт малтмалын тухай хуулийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу Оюу толгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг парламентаар хэлэлцэж, тодорхой заасан нөхцөлийн хүрээнд гэрээ байгуулах эрхийг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор баталгаажуулан Засгийн газарт олгосон. Тогтоолд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэхийг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосон” хэмээн бичжээ.
Мөн дээрх тогтоолын хэрэгжилт бүрэн хангагдаагүй өдийг хүрч, шаардлага өгснөөс хойш бүтэн жил өнгөрсөн ч УИХ-ын тогтоол хэрэгжилгүй явсаар иржээ. Иймд дахин шаардлага хүргүүлэх болсноо илэрхийлж, аравдугаар сарын 5-ны дотор хариу ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулахыг хүссэн байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Бид хөрөнгө оруулагчдыг эсэргүүцэж, ажлыг нь зогсоох талаар огт яриагүй. Зөвхөн Оюу толгойн гэрээнд туссан зарим заалт Монголд ашиггүй тул өөрчлөн, сайжруулахын төлөө л яваа. Уг ордын зэсийн нөөц Эрдэнэт шиг дөрвөн үйлдвэртэй, алтны нөөц нь 25 “Бороо гоулд”-той тэнцэнэ. Тэгэхээр ийм их баялгаа гадаадынханд зүгээр өгөх гээд байгаа юм. Нэг жишээ хэлэхэд, энэ гэрээний 9.13-т экспортолсон бүх орлогоо гадаадад хадгална гэж заасан нь Монгол Улсад нэг ч төгрөгийн орлого оруулахгүй гэсэн үг” гэж байлаа. Харин гишүүн С.Ганбаатар “Энэ удаагийн УИХ-д гэрээг засах боломж, гарц бий. Тогтоолд  хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэж заасан ч манай талаас Оюу толгойн санхүүд ямар ч хяналт тавих эрх алга. Магадгүй ашгаа нөхсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардлын тухай тайлан мэдээ огт байдаггүй” гэсэн юм. Тэдний хэлж байгаагаар гэрээнд өөрчлөлт оруулах ноцтой баримт бий гэв. Тодруулбал, Оюу толгойд говийн гүний усыг үнэ төлбөргүй хэрэглэдэг.  Говьд усны асуудал хүнд. Иймээс ашигт малтмалтай адил хэмжээнд үнэлэх бололцоотой. Мөн ТУЗ нь есөн гишүүнтэй бөгөөд Монголын талаас гуравхан хүн л ажилладаг. Энэ нь, санал сонсохгүйгээр  шийдвэр гаргах боломжоо бүрдүүлсэн хэрэг. Дээрхээс гадна олон жишээ байгаа учир өөрчлөхөд асуудал үүсэхгүй гэсэн байр суурьтай байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан