Бид тайзан дээр Битлзийг дуурайдаг ч даруухан амьдрахыг хүсдэг
2012 оны 9 сарын 7
Дэлхийн хөгжмийн түүхийг есөн жилийн дотор эзэгнэсэн хамтлаг бол домогт “Битлз”. Тэдний дуураймал болох “Bootleg Beatles” хамтлагийг “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр тосохоор очлоо. Леннон нүдний шил, 1960, 70-аад оны үеийн залуусын гангараа трафезан өмд, срочкон цамцан дээр хантааз  өмссөн “Битлз”-ийнхнийг хүлээж суутал харин ч өнөө үеийн стилиэр хувцасласан өөр цаг үед хаа нэгтэй таарсан бол “Bootleg Beatles” хамтлагийнхан гэж анзаарахааргүй залуус ороод ирэх нь тэр.


Монголд ирсэндээ баяртай байна

Станбулаас Бээжин, Бээжингээс манай улс руу нисч ирсэн тэд аяллын турш их ядарлаа гэцгээж байсан ч “Монголд ирсэндээ баяртай байна. Монгол хүмүүс их найрсаг сайхан харилцаатай юм” хэмээн мэндчилсэн. Тус хамтлагийнхан цаг хугацааны эрхээр хэд хэдэн удаа гишүүдээ сольжээ. Гэсэн ч хамтлаг байгуулагдсан цагаас хойш өдий болтол үнэнч яваа нь Жорж Харисоныг орлодог Андре Баррэу гэнэ. Харин “халзан” Жон Леннон бол Адам Хастингс.
Тэрээр хамлагт ороод хоёр жил болж байгаа ч тайзан дээр Ленноныг тун чадварлаг дуурайдаг гэсэн шүү. Хамгийн даруухан нь Ринго Старрын хувилбар Хюго Дегенхардт аж. Жинхэнэ Пол Маккартнитай андуурмаар адилханыг нь Стив Вуайт гэдэг юм билээ. Тэд хэдий тайзан дээр “Битлз”-ийнхнийг дуурайдаг ч бодит амьдрал дээрээ  даруухан амьдрахыг хүсдэг гэсэн. “Магадгүй би Леннонтой бүх амьдралаа адилхан болгочихвол хоёр жилийн дараа буудуулаад үхэхгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Аль болох даруухан амьдрахыг хичээдэг” хэмээн “халзан” Леннон ярьж байв.

Бид хэзээд бардам

Америкт архи хэрэглэхийг хориглосон хууль гарсны дараа “Bootleg” нэртэй архитай төстэй лекор гарчээ. Үүнээс үүдэн дуураймал зүйлийг “Bootleg” гэж нэрлэх болсон гэнэ. “1980 онд манай хамтлаг байгуулагдсан. Энэ үеэс эхлээд алдартнуудын “Bootleg” гэдэг ойлголт үүссэн гэж хэлж болно” хэмээн ярьсан тэд хэзээ ч “дуураймал” хэмээн ад үзэгдэж байгаагүй аж. “Жинхэнэ “Битлз” хэзээ ч эргэн нэгдэхгүй. Учир нь, хоёр ч гишүүн нь нас барсан. Хайртай хамтлагаа бодитоор мэдрэх боломжийг олгодог болохоор бидэнд дургүй хүнтэй таарч байсангүй. “Битлз”-ийн дууг хамгийн ихээр хориглож байсан ОХУ хүртэл биднийг маш сайхан, халуун дотноор хүлээж авч байсан. Тийм болохоор бид үргэлж бардам байдаг” гэсэн юм.
 
Хамтлагт орохын тулд хамгийн их хичээллэсэн нь Стив Вуайт

Пол Маккартни бол зүүн гараараа гитараа тоглодог. Хэн ч дуурайж чадахааргүй “хатуу самар”. Гэсэн ч Стив Вуайт чаджээ. “Би хамтлагт орохоос өмнө өөрийгөө Полтой адилхан гэдгээ анзаарсан. Тэр үеэс санаандгүй байдлаар түүнийг дуурайх болсон. Түүнээс өмнө баруун гараараа гитар тоглодог байлаа. Тайзан дээр Полыг дуурайж чаддаг болтол их, хичээл зүтгэл шаардсан” хэмээн ярьсан түүгээр хамтлагийнхан нь “Пол Маккартнитай адилхан болох гэж мэс засал хийлгэсэн үеэсээ хичээж эхэлсэн гээч” хэмээн тохуурхаад авна билээ. Тэднээс “Гоо сайхны мэс засал өндөр хөгжсөн өнөө үед та бүхэн гадаад төрхөө “Билтз”-ийнхэнтэй адилхан болгоё гэж бодож байв уу” хэмээн сонирхон асуухад “Үгүй ээ, хэзээ ч тэгж бодож байгаагүй. Жирийн үед тэднээс ондоо харагддаг ч бид тайзан дээр гарахдаа адилхан болчихдог юм” гэж хариулсан.

Баян хүний өмнө тоглох сайхан

Тэд 2002 онд Английн хатан хааны ордонд тоглож байсан азтай залуус. Энэ талаар нь лавлахад, “Хатан хаан ll Элезабет бол маш баян хүн. Баян хүний өмнө тоглох мэдээж, сайхан шүү дээ” хэмээн хошигноод авсан. Гэхдээ тэр тоглолтыг нь жинхэнэ Пол Маккартни үзсэн учраас тэд бага зэрэг сандарсан гэнэ. Өдийг хүртэл “Битлз” хамтлагийнхантай уулзаж байгаагүй ч гэсэн Жорж Харисоныг орлодог Андре Баррэуд Жон Ленноны гарын үсэг бий аж.

Г.Ганхүү онгиров

“Bootleg Beatles” хамтлаг­ийн­хан өнөө орой Сүхийн талбайд үнэ төлбөргүйгээр тоглоно. Харин маргааш “Sky resort” цанын баазад 150 ам.доллароор тоглох аж. Энэ онд “Битлз” хамтлагийн 50 жилийн ой тохиож буй болохоор Г.Ганхүү тэргүүтэй “Битлз” хамтлагийн шүтэн бишрэгчид тэднийг ийнхүү урьж авчирсан билээ. “Bootleg Beatles”-ийнхэнд “Манай хотын төв хэсэгт “Билтз” хамтлагийн хөшөө бий” гэхэд тэд их л гайхсан бас баярласан байдалтай энэ мэдээг хүлээж авсан. Харин Г.Ганхүү хажуунаас “Тэр бол миний санаачилж, хийсэн ажил” хэмээн онгироод авна билээ. “Bootleg Beatles” хамтлагийнхан монголчуудад хандан “Бид нэгэнт үнэгүй тоглож байгаа учраас тоглолтоос битгий хоцроорой. Бид та бүхнийг уйдаахгүй” гэж хэлснийг нь дамжуулах нь зүйтэй болов уу.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.