Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зоос”-ын хэрэг хэрэгсэхгүй болж, “Анод”-ынх замхрах нь


Хууль хяналтынхан зарим дуулиант хэргийг шийдвэрлэхдээ улс төрийнхний нөлөөнд автдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Хар, цагааныг дэнсэлдэг шүүх нь хүртэл захиалгаар шийдвэр гаргаж, эрх мэдэлтнүүдэд үйлчилж байх жишээтэй. Чингэлтэй дүүргийн шүүх хэд хоногийн өмнө “Зоос” банкинд холбогдох хэргийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, холбогдогч нарыг нь цагаатгах шийдвэр гаргасан нь анхаарал татлаа. Уг нь, цагдаагийнхан гурван он дамжин тус банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг шалгасан. Тэд Ш.Чуданжийд Банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг завшсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг хуурамч бичиг, тамга тэмдэг хэвлэмэл маягт үйлдэн, бусдын эд хөрөнгийг завшсан хэмээн байцаасан юм. Өнгөрсөн хугацаанд тэдэнд холбогдох хавтаст хэргийг прокурор, шүүхийн байгууллагаас цөөнгүй удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны эцэст Ш.Чуданжийд холбогдох хэргийг Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарынхаас тусгаарласан.
Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарын холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгуулахын тулд одоогийн УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн прокурорын байгууллагад нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэднийг буруутгаж, замд нь тээг болж байсан “чулуу”-г зайлуулсан нь Ж.Алтанцаг, П.Сэлэнгэ нарыг хариуцлагаас мулталжээ. Тодруулбал, тэдэнд холбогдох хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ц.Насанбатыг Завхан аймгийн орлогч прокуророор томилж, хавтаст хэргийг өөр прокурорын мэдэлд шилжүүлснээр тэдний хэргийг хэрэг­сэхгүй болгох эхлэл тавигдсан гэдгийг эх сурвалж хэллээ. Ингэснээр “Зоос” банкинд хадгаламж нээсэн зарим хүний хадгаламжийн хүүг завшсан хэрэгт хэн ч хариуцлага үүрсэнгүй. Тэдний хийсэн луйвар банкны салбарт байдаг л зүйл бололтой. Энэ тухай банкны салбарынхан, эдийн засагчид ч маш сайн мэддэг гэдгийг ч хэлэх нэгэн байна.
Харин Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүү­гийн шүүх таван сарын өмнө хэлэлцэж, зургаан жил хорих ял оноосон ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Түүнчлэн “Зоос” банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1,6 тэрбум төгрөгийг Ш.Чуданжийгаар төлүүлэхээр шийтгэх тогтоолд тусгаж. Тэрээр эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Нийслэлийн шүүхэд хандахад, анхан шатны шүүхийн шийд­вэрийн хохирол барагдуулах хэсэгт л өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжийгаас гаргуулах нь буруу, хохирсон хүмүүс нь иргэний журмаар нэхэмжлэл гарга гэж шийдвэрлэжээ.
Тэднээс гадна “Зоос” банкны хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал асан Х.Пүрэвсүрэн нар холбогдсон. Гэсэн ч  прокурор тэднийг энэ хэрэгт буруугүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов. Эрх мэдэлтнүүдийн холбогдсон хэрэг хэрхэн бүдгэрдгийн жишээ энэ. Эцэст нь, “Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий ганцаараа шаварт унав. Энэ хэрэгт хариуцлага хүлээлгэсэн болж түүгээр туг тахисныг ч үгүйсгэхгүй.
Харин дараагийн дуулиант хэрэг болох “Анод” банкны хэргийн замнал ямар байх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихээд буй. Шүүх хавтаст хэргийг сарын өмнө санхүүгийн зарим баримтыг нягталж шалгах шаардлагатай гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Цагдаагийнхан “Анод” банкны хэргийг тав дахь жилдээ шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд нэмж шалгах шаардлагатай гэж шүүх, прокурорын байгууллагаас бараг арав орчим удаа буцаажээ.
Нэгэн цагт “Монголын топ банк”-аар шалгарч, 500 хүнийг ажлын байртай болгож байсан “Анод”-ыг дампууруулсан хэрэгт гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Тамгын хэлтсийн дарга Л.Уламбаяр, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гишүүн Н.Даваа нарыг буруутгаж байгаа. Тэдэнд  Банкны тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. “Зоос” банкийг хохирогчгүй гэж байгаа бол “Анод”-ын 1200 харицагч нь хохирчихоод буй. Өөрөөр хэлбэл, банкны удирдлагууд Санхүүгийн зохицуулах хорооноос зөв­шөөрөл авахгүйгээр хувьцаа гаргаж, Монголбанк хяналт тавиагүйгээс 1200 хүн хохирогч болсон юм. Түүнчлэн аж ахуйн нэгж, компаниудад их хэмжээний зээл олгосон нь банк дампуурахад хүргэсэн. “Анод”-оос их хэмжээний зээл авч, найдваргүй зээлдэгчийн жагсаалтад багтсан зарим компанийн эзэд өдгөө УИХ-ын гишүүн болж, Төрийн ордонд заларчихаад байдаг. Банкнаас авсан зээлээ төлж барагдуулаагүй гэж тэдэнд хүртэл эрүүгийн хэрэг үүсгэсэн удаатай. Энэ мэтчилэнгээр өнгөрсөн хугацаанд “Анод”-ын гэх хэргээс цөөнгүй хавтаст хэрэг “өндөглөж”, холбогдсон албан тушаалтны тоо ч хүрээгээ тэлэв.
Монголбанкны тэргүүнд дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, тус банкны Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ж.Ганбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг ч шалгаж буй. Монголбанкны Дотоод аудитын газрын дарга Г.Тогтохбаатар “Анод” банкны удирдлагаас 23 сая төгрөгийн авлига авсан хэрэгт ч унасан. Гэтэл эдгээр хэрэг мөрдөн байцаалтад буцсан нэрээр шийдвэрлэгдэхгүй өдий хүрлээ. Нэгийг нь шалгахаар нөгөөгийнх нь "но" дэлгэгдэж, цагдаагийнхан тав дахь жилдээ "Анод"-ын хэрэгтэй ноцолдож байна. Энэ бүхний эцэст "Зоос"-ынх шиг хариуцлага тооцох эзэн олдохгүй, "Анод"-ын хэрэг мартагдах вий.

Б.Алтанцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан