Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Наран: Шинжээчид нүүрсний үнийг 2016 он хүртэл сэргэхгүй гэж байгаа

-Зарим уурхай ажилчдаа тараах тухай ярьж байна-

Азийн зах зээлд жилд 700 сая тонн нүүрс шаардлагатай гэсэн судалгаа бий. Манай улс өнгөрсөн жил 18 сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд хоёр дахин илүүг борлуулах боломжтой хэмээн үзэж байгаа. Гэвч сүүлийн үед нүүрсний хэрэглээ буурч үнэ хямдрах болов. Иймд манай улсын төсөв болон экспортлогч компаниуд хүнд байдалд орлоо. Ингээд “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Нарантай нүүрсний экспортын байдал, үнэ ханш, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Ашигт малтмалын үнэ байнга савалгаатай байдаг. Өнөөдөр нүүрсний үнэ огцом хямдарч экспорт буурлаа. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Манай улс ашигт малтмалаа ганц урд хөршдөө экспортолдог гэж хэлж болно. Гэтэл хятадын эдийн засгийн уналт үргэлжилж байна. Шинжээчид урд хөршөөс хямралын хоёр дахь давалгаа эхэллээ ч гэж ярьж байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдлын улмаас ган, төмрийн хүдэр, коксжих нүүрс зэрэг ашигт малтмалын хэрэглээ буурсан.  Иймээс импортоо багасгаж дотоодын уурхайнуудаасаа хэрэгцээгээ хангах болсон юм. Нүүрсний үнэ 2003 оноос нэмэгдэж эхэлсэн.  Ер нь, зах зээлийн шинжээчдийн дүгнэлтээс үзэхэд ашигт малтмалын үнэ 5-15 жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг юм билээ. Манай улс 2005 оноос нүүрс экспортолж буй.

-Нүүрсний үнэ цаашид сэргэх янз бий юү. Зах зээлийн шинжээчид юү гэж таамаглаж байгаа бол?

-Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн нүүрсний үнэ унасан. Шинжээчид 2016 оноос нааш сэргэхгүй байх гэж таамаглаж байгаа. 

-Манай улс одоогоор хэчнээн тонн нүүрс экспортлоод байна?

-Энэ жилийн улсын төсвийг батлахдаа 30 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Гэтэл эрэлт хэрэгцээ нь буурсан тул дээрх хэмжээний нүүрс экспортолж чадахгүйд хүрлээ. Уг нь манай компаниудын хүчин чадал ийм хэмжээний нүүрс олборлож экспортолж чадна. Хагас жилийн байдлаар 12 сая тонн нүүрс экспортолсон. Зөвхөн зургадугаар сард гурван сая тонныг урд хөршид гаргасан. Үүнээс хойш нүүрсний борлуулалт огцом буурлаа. Тухайлбал долоо, наймдугаар сард тус бүр 800 мянган тонн нүүрс борлуулсан. Он дуустал хоёр сая тонн нүүрс борлуулж чадах үгүйдээ тулаад байна.

-Одоо нэг тонн нүүрс ямар үнэтэй байгаа бол?

-Манай нэг тонн нүүрс энэ оны эхнээс 120 ам.долларт хүрч байсан. Гэтэл урд хөршийн эрэлт хэрэгцээ буурснаар нэг тонн нүүрсний хамгийн өндөр үнэ нь  50-60 ам.доллар болж хямдарсан.

-Нүүрс экспортлогч компаниуд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Төр засаг бодлогоороо дэмжихгүй бол нүүрс экспортлогч компаниуд хүнд байдалд орлоо. Хямдхан үнээр бага хэмжээний борлуулалт хийж ажилчдынхаа цалинг тавих арга хэмжээ авч байна. Цаашид нүүрсний үнэ сэргэх хүртэл ажилчдаа тараах тухай ярих болсон.   

-Ашигт малтмалын үнэ хямдарч буй энэ үед уурхай хөгжсөн улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?

-Хятад, Австрали, АНУ зэрэг орны Засгийн газар ашигт малтмал олборлогчидоо татвараас чөлөөлөх арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал,  урд хөрш маань бүх төрлийн татвар хураамж авахаа больсон. Мөн гадаадаас импортлохоо больж дотоодын уурхайнуудаасаа хэрэгцээгээ хангах бодлого баримталж байна. Хэрэв гадаадаас авах болвол маш хямд үнээр авах санал тавьж байгаа.

-Япон, Солонгос улсад нүүрсээ борлуулах тухай нэлээд ярьдаг. Энэ талын ажил ямар шатандаа явна?

-Харин тийм. Энэ улсууд өөрсдөө нүүрс байхгүй. Иймээс манай нүүрсийг худалдан авах сонирхол бий. Санал ч их тавьдаг. Гэвч манайд дэд бүтэц, тээврийн сүлжээ алга.   Үүнийгээ даруйхан шийдэх шаардлагатай. Тэгвэл ашигт малтмалаа борлуулах нэг бус хэд хэдэн зах зээлтэй болно.

-Дотоодын хэрэгцээгээ хангадаг нүүрсний уурхайнуудын эдийн засгийн байдал ямар байна вэ?

-Бас л хүнд байгаа. Нүүрсний үнэ нэмэхгүй байгаа тул нэг тонн нүүрс тутмаас 2000-3000 төгрөгийн алдагдал хүлээдэг. Хөрөнгө мөнгөний хүрэлцээ муугаас хөрс хуулалт, техникийн засвар үйлчилгээгээ цаг тухайд нь бүрэн хийж чаддаггүй. Иймд уурхайнхаа амыг тэлж чадахгүй байна. Гэтэл уурхай нь жилээс жилд гүнзгийрсээр байгаа. Нүүрсний үнэ нэмэх саналыг   төр засагт тавьдаг ч дэмжигдэхгүй явсаар өдий хүрлээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан