Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийг эзлэх М.Энхболдын төлөвлөгөө


НИТХ-ын сонгуульд өвдөг шороодсон МАН-ынхан цочирдлоосоо гарч чадаагүй л байна. Хүчтэй цочирдсон хүн юу ч хийж магадгүй гэдэг ч үнэний хувьтай бололтой. Тэд УИХ, Нийслэлийн сонгуульд амжилт муутай оролцсондоо гуниглаж гашуудаад, үүндээ итгэж өгөхгүй нэг хэсэгтээ л гомдоллосон. Харин тэд энэ тактикаа өөрчилж нам дотроо тооцоо бодож эхэлжээ. Тооцоо бодно гэдэг нь дүүргүүдийн МАН-ын хороог бужигнуулж, орон нутгийн сонгуулиас өмнө намын эрх мэдлийг гартаа авах гэсэн өрсөлдөөн өрнөөд байна. Энэ нь ч бүхний өмнө ил болж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн ИТХ зүгээр ч нэг хуралдаагүй аж. Засаг дарга Д.Ганболдыг огцруулах зорилготой байжээ. МАН-ынхан дотроосоо Засаг даргаа өөрчлөх гэсэн нь орон нутгийн сонгуультай холбоотой гэж тайлбарлах. Тиймээс л Чингэлтэй дүүргийн МАН-ыг гартаа авахын тулд ИТХ-ын зарим төлөөлөгч нь ийнхүү зоригтой хөдөлж, Д.Ганболдыг унагаажээ. Түүний оронд томилуулахаар санал болгож дэмжсэн Т.Аюурсайханыг хэн бэ гэдгийг мэдэх хүн тун цөөхөн. Гол нь, намын хорооны даргыг авах гэж хуучныгаа өөрчилж, шинийг томилуулахаар “ут­сан хүүхэлдэй”-тэй бол­сон гэв. МАН-ынхан Т.Аюур­сайханыг УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын “утсан хүүхэлдэй” гэв. Хэний ч мэдэхгүй нэг нөхрийг гэнэт дүүргийн Засаг дарга болгож гаргаж ирнэ гэдэг МАН шиг намын хийх зүйл биш. Тэр тусмаа орон нутгийн сонгууль хаяанд тулчихаад байхад ийм гэнэн тоглолт хийхгүй баймаар. Тэгэхээр намынхных нь хэлээд буйгаар Д.Очирбат Чингэлтэй дүүргийн МАН-ын хороог авах гэж найруулсан жүжгийн эхлэл Засаг даргаа огцруулж, шинээр томилох байлаа. Дүүргийн Засаг дарга нарын ард МАН-ын хороо нь буй учраас.

Дараагийн дүүрэг бол Сүхбаатар. Засаг дарга Б.Баярмагнайг огцруулахаар дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч санал гаргасан гэсэн мэдээлэл түгсэн. Энэ мэдээл­лийг Б.Баярмагнай “Надад одоогоор ийм үндэс­лэлээр огцруулах санал гаргалаа гэсэн албан ёсны бичиг ирээгүй байна. Сүхбаатар дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан удахгүй болох ёстой. Тэр хурлын товыг тогтоох тухай бичиг байх гэж ойлгосон” гэсэн юм. Гэхдээ нөгөө талаас зарим эх сурвалжийн хэлснээр Чингэлтэй дүүргийн араас Сүхбаатарт тоглолт үргэлжилж магадгүй гэнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаагийн найруулсан “хор” ч гэх болов. Чингэлтэйн экс Засаг дарга Д.Ганболдыг унагасан шиг шалтаг Сүхбаатарын Засаг дарга Б.Баярмагнайгаас олдохгүй сандарч буй сурагтай. Арга ядахдаа ИТХ-аа хуралдуулж, Ц.Цогзолмаагийн талын төлөөлөгчид хүч түрэн байж Засаг даргаа унагаж магадгүй гэнэ.

Үүнийгээ НИТХ-д ялагдсан дүүргийн МАН-ын хорооныхонтойгоо хариуцлага тооцож байна гэсэн жижүүрийн үгээр хаацайлж байгаа юм. Орон нутгийн сонгуулийн өмнө багаа бүрдүүлж эхэлсэн ч гэж болох. Хэрэв энэ удаагийн сонгуулиар МАН орон нутагт ялалт байгуулна гэж ийн зоригтой байгаа аж.

Орон нутгийн сонгууль болохын өмнөхөн ингэж намаа бужигнуулахаар МАН-ын нөлөө бүхий фракц хөдөлж эхэлсэн нь энэ. Мэдээж, энэ бол нийслэлд олон жил нөлөөлөл, эрх мэдлээ тогтоож явсан М.Энхболдын буюу хотын фракц. Сүүлийн үед тэдний зүгээс дүүргүүдийн МАН-ын хороог авах гэсэн оролдлогоо идэвхүүлж эхэлсэн аж. Өнгөрсөн сарын сүүлчээр Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хороо хуралдаж, даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг өөрчилж, Д.Сумъяабазарыг томилсон. Удахгүй Баянзүрх дүүргийн МАН-ын хороог авч магадгүй гэсэн мэдээлэл байна. Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланг огцруулах хүсэлт ИТХ-д нь хотын мэр Э.Бат-Үүл өгсөн. Тэгэхээр удахгүй болох Баянголын ИТХ-ын хуралдаанаар Л.Амгаланг Засаг даргаас огцруулбал хэнийг томилох вэ гэдгийг аль хэдийнэ тохирчихсон байгааг тааж ядах юмгүй. Энэ бүхэн нийслэлийн МАН-д эргэж нөлөөгөө тогтоох гэсэн М.Энхболдын төлөвлөгөө гэдгийг хэлж байгаа юм. Сонгуулийн дараа Ардын намд үүссэн хагарал, бутрал хотын фракцыг улам хүчтэй болгосон гэхэд болно. Одоогоор намдаа эв нэгдэлтэй хэвээр буй хамгийн хүчтэй фракц М.Энхболдынх. Энэ нь мэдээж алсыг харсан бодлого байхыг үгүйсгэхгүй. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг хүч үзнэ гэсэн таамаг маш хүчтэй явж байна. Тэгэхээр удахгүй М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшигчээр тодорвол гайхах хэрэггүй нь. Тэдний фракц хүчтэй л байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
М.Энхболд оо чи Монгол Улсын нийслэлийг сүйтгэж ханаагүй юу.
М.Энхболд нийслэлийг сүйтгэж болсон шүү дээ. Зайлбал таарна. Тэр чинь ббас хатавч өмхийгөө тавихгүй гэгчээр хотын албан байгууллагад өөрийнхөө хүмүүсийг шургалуулж мөнгө л идэх гэж байгаа юм. дээрээсээ доошоо хүртэл авлигын сүлжээ байгуулаад түүгээрээ дамжуулан мөнгө идэж сурсан хүн. Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр гээд гар хөлөөрөө дамжуулж мөнгө идэж байсан хар тэнэг.
Хамгийн их уншсан