Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сангийн аж ахуй маань компани болж бяд суужээ


Ургац хураалтад оюутнуудыг дайчилж, өдрийн 15000-2000 төгрөгөөр цалинжуулахаар болжээ гэсэн мэдээг энэ долоо хоногийн таатай мэдээ гэж онцлохсон. Зам хаалаа, тэр даргыг солилоо, инфляц өслөө гээд л бидний өдөр тутмын амьдралын мэдээ сүүлийн үед жаахан хар бараан. Харин энэ жил бид гаднаас буудай, гурил авахгүй, төмсөөр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Ургацаа бүрэн хурааж авахын тулд оюутнууд цэргийн албан хаагчдаа дайчилна. Цалинг нь өдрийн 15000-20000 төгрөгөөр бодож олгоно гэдэг бол зах зээлийн нөхцөлд боломжийн санал. Монголчуудын дундаж цалинтай дүйж буй юм. Энэ мэдээ тэртээ 17 жилийн өмнөх дурсамжийг сөхнө.
 Биднийг 10 жилийн сургуулиа төгсдөг жил ахлах ангийн сурагчид болоод оюутнуудыг хамгийн сүүлд ногоон талбайд дайчилсан байх. Батсүмбэрийн сангийн аж ахуйн байцаа, лууван, манжингийн талбайд ажилласан 14 хоног өнөө хэр бидний сурагч насны дурсамж болон хадгалагджээ.
Есдүгээр анги төгссөн жил Баянзүрх дүүргийн хэд хэдэн сургуулийн хүүхдүүдийг Батсүмбэрийн сангийн аж ахуйд ажиллуулахаар болов.  Цасны үзүүр дөнгөж хаялсан аравдугаар сарын эхээр галт тэрэгнээс буугаад трактор дээр ачигдчихаад Батсүмбэрийн сангийн аж ахуйд очсон. Хаанаас ч юм бэ олсон хуучны модон чемоданд хэдэн хувцас хийгээд, нэг литрийн төмөр шанаганы хугархайг үүргэвчиндээ хийгээд үүрчихсэн манай ангийнхны тэр л төрх өнөөдөр ч нүдэнд харагддаг. Бакал өмсөөд бас түүнийгээ энд тэнд нь цоолоод аминдаа гангалчихсан хөвгүүд, өдөн курткатай охид байцаа, лууван, манжингийн талбайг анх удаа л харсан нь тэр.
Ирсэн эхний өдрүүддээ жаахан зутруухан, цасанд дарагдсан ногооны талбайгаас юуг хэрхэн хураахаа мэдэхгүй хүүхдүүд ар гэр рүүгээ шууданд дайж захидал бичээд л…
Ирээд хоёр ч хоноогүй байж гэр рүүгээ ярьж боорцог захисан тэр үеийг одоо санахад бид жинхэнэ ээж аавынхаа гар дээр бөмбөрч амьдралын наад захаас ч зуурч үзээгүй ёстой л цэвэрхэн цагаан цаас байж дээ. Ногооны талбайд бөгтийгөөд манжин лууванг “чихдэж” хооронд нь мөргөлдүүлэх хөвгүүдэд маань их зугаатай. Байцаа ч хамаг хувцас шал ус болгочихно. Гэр хорооллынхон маань байшинд өссөн хэдээ бодвол хамаагүй тэнхээтэй. Шуудайтай ногоогоо үүрээд тракторын чиргүүл давуулаад шидчихнэ.
Ногооны талбай байрнаас жаахан зайтай. Махны машин шиг битүү машинд ачиж аваад л өглөө ажилдаа гарна даа. Хоолны ээлжтэй, гал тогоонд үлдэгсэд хөөрхөн даалгавар авна аа. Цуйван л хийе гээд амлачихгүй бол бусад нь яахав. Цагаан гартай охид маань хоолны ээлжинд үлдчихвэл орой хөвгүүдэд загнуулж уйлах хэрэг гарна.
 Хоёр сургуулийн зургаан ангийн хүүхдүүдэд зориулж өдөрт нэг хонь төхөөрч өгдөг байж билээ. Мах жаахан хомс. Хөвгүүд хангалтын эгч нарыг найрна. Сайн найрсан ангийнхан маргааш нь овоо махтай хоол иднэ. Хаяахан хөвгүүд харамч нэгнийхээ чемоданыг “дэлбэлнэ”. Боорцог алим бүр шоколад ч “халдлагад” өртсөн чемоданаас гарч, охидыг найрахад заримыг нь ашиглана аа.
Өдөржин ногооны талбайд бөгтийсэн ч орой нь унтахгүй банзан гитараа нүдэж танил дууныхаа үгэнд хэдэн ногоогоо орлуулаад л… Гитар сайн дардаг, сайхан дуулдаг хөвгүүд үнэд ороод л… Охид тойрч бүчээд л…
Хүн чанар гэдэг ажлын талбарт л танигддаг юм байна гэдгийг ч мэдэрсэн. Ээж аавыгаа хоёр хонолгүй дуудчихсан над мэтэд жинхэнэ ажлын амт тэнд мэдрэгдэж билээ. Тогоо дүүрэн ногоогоор хийсэн хоолны амт, банзан гитарын танил тэр дуу хүүхэд настай минь хадагдаж үлдсэн дурсамжууд… Цасанд дарагдаад хэнд ч хэрэггүй болох шахсан ногоог аварсан ангийнхан минь өнөөдөр эх орныхоо өнцөг булан бүрт гялалзаж л яваа.
Ийм нэгэн өдрүүд өнөөдрийг хүртэл 20-иод жил сэтгэлд минь дотно үлджээ.
Тэгэхэд бидэнд өдрийн 200 төгрөгөөр тооцож хөөрхөн урамшуулал өгсөн санагдана. Ажлын амт аа гэж.  
Харин одоо оюутнууд маань өдрийн 15000-20000 төгрөгөөр ажиллана. 10 өдөр ажиллахад сарынхаа хоолны мөнгийг олох л юм. Үтрэм тариа, ногооны талбай оюутан нас…
 Танил сангийн аж ахуй маань харин компани болж, оюутан цалинжуулах бядтай болж дээ.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан