Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бичил уурхайчдын 24 хувь нь орон нутгийн төсөвт татвар төлжээ

-Нэг нинжа өдөрт 0,5 гр алт олборлодог-


Нинжа гэхээр бид хүрз, жоотуу, сав бариад ашигт малтмал олборлодог хүмүүс гэж ойлгодог болсон. Уул уурхайн салбарын судлаачид манай улсад 1990-ээд оноос эхлэн нинжа буюу гар аргаар ашигт малтмал олборлогчид бий болсон хэмээдэг. Тухайн үед Налайхын нүүрсний уурхайд метан хийн дэлбэрэлт болж, олон хүний амь үрэгдсэн осол гарчээ. Үүний улмаас тус уурхай хаагдаж, таван мянга гаруй уурхайчин ажилгүй болж, амь зуухын эрхэнд гар аргаар нүүрс олборлож эхэлсэн. Ингээд нинжа нарын арми үүссэн түүхтэй гэдэг. Дараа нь, алт олборлогчдоор хүрээгээ тэлжээ. Чухамдаа ажилгүйдэл, ядуурал нинжа нарын арми үүсэх тохироо бүрдүүлсэн байна.

Сүүлийн жилүүдэд нинжа нарын тоо буурсан судалгаа бий. Тухайлбал, жилийн өмнө 60 гаруй мянган хүн гар аргаар ашигт малтмал олборлож байсан аж. Харин төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаанаас үзвэл, эдүгээ 30 гаруй мянган нинжа байгаа гэдэг. Нинжа нарын 90 орчим хувь буюу 54 орчим мянган хүн алт олборлодог мэдээлэл бий. Харин үлдсэн нь жонш, гянтболд, нүүрс, цагаан шүр, элс хайрга, гөлтгөнө гэх мэт ашигт малтмалын эрэлчид юм. Гэвч бодит амьдралд буурах бус харин ч өсөх хандлагатай байгаа.

Энэ нь, олборлож буй ашигт малтмалын төрөл, борлуулах үнэ ханш нь нэмэгдсэнтэй холбоотой. Нөгөө талаар, техникжсэн нинжа гарч ирсэн тухай байгаль хамгаалагчид сүүлийн үед ярих болсон. Учир нь, “урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсэд алтны 142 лицензийн ашиглалтын талбай хамрагдсан билээ.

 

Гэвч хууль зөрчиж хориглосон талбайд үйл ажиллагаа явуулсаар байна.

Хэд хэдээрээ нийлж нөхөрлөл байгуулсан нинжа нарт олборлолт хийх зөвшөөрөл төрөөс олгож, тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийх,  Хүн амын орлогын албан татвар төлөхөөр болсон. Гэхдээ тэд сард 50 орчим мянган төгрөгийн татвар тухайн сум, аймаг орон нутгийн төсөвт оруулах учиртай.  Гэвч энэ татвараа төлсөн нь цөөхөн. Нийт бичил уурхайчдын 24 хувь нь өнгөрсөн онд татвараа төлсөн байна. Үлдсэн нь олборлох газаргүй, төлбөрийн чадваргүй, хэтэрхий өндөр байна гэсэн шалтгаанаар татвар төлөхөөс татгалзаж байгаа аж. Өнөөдөр улсын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 70 орчим бичил уурхай байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Ашигт малтмалын газарт бичил уурхайн зориулалтаар сум орон нутгийн хэрэгцээнд авахаар 25 орд илрэл дээр хүсэлт тавьсан байна. Эдгээр газрын бараг тал хувьд нь “Боломжгүй” гэсэн дүгнэлт гаргажээ. Угтаа “урт нэртэй” хууль болон нөөц тогтоогоогүй, улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийж буй газрууд юм.

 Нинжа нарыг цэгцлэхээр Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжүүлж зохион байгуулалтад оруулах арга хэмжээ авч буй. Гэсэн ч өнөөдөр бичил уурхайн хууль, тогтоомжийг биелүүлж идэвхтэй ажиллаж байгаа сумдын тоо гарын таван хуруунд багтаж байна. Нинжа нарын хамгийн их олборлож буй ашигт малтмал, тэдний өнөөгийн байдлын талаар дор өгүүлье.  Шороо чулуунд дарагдаж, амь насаа алдсан нинжа нарын тоо тоймгүй. Өнөөдөр иргэний дайн болж улс орнуудын амь насаа алдаж буй иргэдийн тоонд бараг хүрнэ гэхэд хилсдэхгүй. Үүнээс гадна өвчлөл их байгаа аж. Тухайлбал, цээжээр хатгуулан ханиалгах зовиур хүн бүрт бий гэнэ. Мөн үе мөч, бөөр өвдөх, шээс ойр ойрхон хүрэх, ууц нуруугаар хатгах, хоолой сөөх өвчлөл түгээмэл юм. Энэ нь агааргүй, хүйтэн, чийгтэй орчинд хүнд хүчир ажил хийж байгаатай холбоотой. Ялангуяа, 30-аас дээш насны эмэгтэй, 35-аас  дээш насны эрчүүдийн дунд  өвчлөл хамгийн их байгаа аж. 

 Жонш

Энэ ашигт малтмалыг гар аргаар олборлогчид голдуу Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд бий. Манай улс энэ оны эхний хагас жилийн байдлаар 60 орчим мянган тонн жоншны баяжмал экспортолсон байдаг. Харин олборлож буй нийт жоншны 15 орчим хувийг  нинжа нар олборлодог. Өнөөгийн байдлаар жонш олборлодог 2300 гаруй хүн бий аж. Тэдний нэг нь өдөрт дунджаар таван кг жонш ухаж гаргадаг тооцоо гарч байна. Нэг тонн жоншны үнэ агуулга чанараас шалтгаалаад янз бүр. Тухайлбал, 35-145 мянган төгрөг байна. Өдгөө дэлхийн зах зээлийн байдлаас шалтгаалж жоншны баяжмалын үнэ хямдарсан тул манай экспорт буураад буй юм. Иймд нинжа нар олборлосон жоншоо борлуулахад хүндрэл учирч баяжуулах үйлдвэрүүд бараг худалдан авахаа больсон гэдэг.

 Нүүрс

 Налайхын нүүрсний ордод 1500 орчим хүн гар аргаар нүүрс олборлодог. Тэд тав, арваараа нийлж нэг бригад болон ажиллана. Олонхи нь өөрсдийн эзэмшлийн нүүрсний амгүй тул түрээслэн нүүрс олборлодог. Зарим амны эзэд тэднийг цалинжуулж ажиллуулах нь ч бий. Жилд дунджаар 400 орчим мянган тонн нүүрс олборлож нийслэлийн гэр хорооллын иргэдийн түлшийг залгуулна. Өдрөөс өдөрт хүйтэрч буй өнөө үед тэдний ажил ид ундарч байна. Одоогоор нэг ковш буюу 300-400 орчим кг нүүрс 50-60 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Нүүрс авахаар очсон ачааны портер машинууд ээлжээ хүлээн хонох болжээ.Тэд нүүрс олборлох цооног ухахдаа банз, шургаагаар бэхэлгээ хийдэг ч тэр нь ачааллаа даалгүй нурж, дарагдах эмгэнэлт явдал гарсаар байна.

Алт

 Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай зэрэг 14 аймгийн нутагт шороон болон үндсэн ордоос алт олборлож байгаа. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын судлаачид хоёр жилийн өмнө нэг нинжа өдөрт 0.5 гр алт олборлодог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгээд сард 20 өдөр ажиллана гэж үзээд жилд олборлож буй алтны хэмжээг дундажлан тогтоосон аж. Энэ тооцоогор нинжа нар жилд дунджаар хоёр тонн алт олборлож иржээ. Манай улс өнгөрсөн онд зургаан тонн орчим алт олборлосон мэдээлэл бий. Эндээс үзвэл,  нинжа нарын олборлосон  алт нийт олборлолтын дөч орчим  хувийг  эзэлдэг байна. Энэ жилийн хагас жилийн байдлаар 2.2 тонныг олборлосон тооцоо гарсан. Нинжа нар алтны шороон ордоос л олборлолт хийдэг. Ялангуяа, урд нь аж ахуйн нэгжийн олборлолт хийгээд орхисон үлдэгдэл дээр “найралдаг” гэж болно. Мөн сүүлийн үед алтны илэрцтэй газруудад олноороо дайран орж, ухаж сэндийчих явдал мэр сэр гарсаар байна.  Одоогоос тав, зургаан жилийн өмнө нинжа нар алт олборлох нь  ид хүчээ авч байв. Тэр үед алт угаахдаа цианит натри, мөнгөн ус зэрэг химийн хорт бодис их хэрэглэсэн. Мэргэжлийн байгууллагуудын хийсэн шалгалтаар арван аймгийн нутгийн 53.5 га талбайд 203 мянган шоо метр хөрс химийн бодист хордсон тооцоо гарсан юм. Шалгалтын үеэр хүдэр бутлах 150 тээрэм хураан авч устгасан байх жишээтэй. Өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд алтны хүдэр боловсруулах цех ажиллаж нинжа нарын авч ирсэн хүдрийг боловсруулдаг. Энэ цехийг барихад 450 орчим сая төгрөг зарцуулжээ.

Т.Жанцан

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан