Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентын “авгай нар”

Даяарчлал эр, эм хүйстнүүдийн байр суурийг солилоо гэж ярьж, бичээд удлаа. Үнэний ч хувьтай. Гэхдээ л Азийн орнуудаас Монгол ийм нөлөөнд автсан нь харьцангуй гайгүй байх гэж бодсон минь эндүүрэл болж таарлаа. За тэр өмсч, зүүж буй гутал, хувцас хунар нь ч яая гэхэв. Төрийн томчуудаасаа эхлээд ялих шалихгүй явган яриагаар үг хийж, шалчиганаж, далжигнадаг нь бүр газар авлаа шүү.
Хоёр хүний яриан дундуур орж хэрүүл үүсгэж, нударганы амт үзсэний төлөө шүүх, цагдаа болж маяглана. Араас нь хэрүүл шуугиан тарьж, тойрон хүрээлэгчдээрээ өөрийгөө өмгөөлүүлнэ. Энэ бол манай парламент “авгай нар”-тай болсныг сануулах эхний дохио байж уу даа. “Авгай нар” гэдгийг хүйс нь солигдсон эрхэм гишүүдийг хэлж буй юм шүү. Энд УИХ-ын эмэгтэй гишүүд огт хамаарахгүй гэдгийг анхааруулъя. Парламентын “авгай нар” УИХ-ын чуулганы танхимд хов жив ярьж суудаг болж. МАН-ынхан бүлгээ байгуулсан гэж тооцож байгаа болохоор дарга, дэд даргатай болсон. Харин даргаа гэж үзэн сонгосон Ө.Энхтүвшин гишүүн “МАН-ыг бүлэггүй байлгаж байгаа нь тэнгэрийн хишиг” гэж АН-ынхан бүлгийн хуралдаанаараа ярьсан байна билээ” гэлээ. Уг нь, намын бүлгүүдийн хуралдаан хаалттай болдог биш бил үү. Бүлгийн хурлаар ингэж ярьсаныг Ө.Энхтүвшин гишүүн яаж мэдсэн байхав. Тэгэхээр намуудад, тэр тусмаа УИХ дахь бүлгүүдэд МАН-ынхны тагнуул байдаг болж таарах нь. Эрхэм тагнуулч гуай маш хэрэгтэй мэдээлэл дамжуулжээ гэж сайшаасан нь дамжиггүй. АН-ын ҮЗХ-ны хуралдаанд С.Бямбацогт гишүүн сэмхэн орж ирээд суучихсан байсан тохиол­дол бий. Парламентад албан ёсны бүлэгтэй болох хүсэл, эр­мэлз­лэлээ янз бүрийн байдлаар илэр­хийлэх болсон С.Бямбацогт гишүүний хүчин чармайлтын үр дүн ч юм бил үү. Эрхэм гишүүн МАН-ыг бүлэгтэй болгоход АН-ынхан санаатайгаар саад учруулж байна гэж өдөртөө хэдэнтээ давтаж ярьдаг заншилтай болоод байгаа. Гэхдээ хэлэх бүртээ өөр өөр байдлаар илэрхийлдэг онцлогтой л доо. Жишээ нь, “Эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь байгалийн жам байдаг шиг МАН-ынхан бүлэгтэй болох нь заяагд­мал зүйл” гэж эрхэм гишүүн тодор­хойл­сон. “Бөөсний онигоо” гэдэг шиг л ямар ч сэдвийг МАН-ыг бүлэгтэй болгохтой холбож ча­­дах хосгүй авьяастай юм билээ.
Хуулиа дагаад бүлэг бай­гуу­лах хүсэлтээ цаг хугацаанд нь өргөн бариад, батлуулж чадаа­гүй гүргэр зангийнхаа горыг Ардын намын 25 гишүүн хангалттай амслаа. Нэгэнт нөхцөл байдалд зохицуулж шийдвэрээ гаргаж чадаагүйгээс хойш араас нь мянгантаа үглэж, дуулах нь тэднийг улам л инээдтэй, ичгэвтэр байдалд оруулаад байх юм. Өмнөөс нь санаа зовниж эхэллээ. Харамсалтай нь, цөөнх байхын зовлонг тун чиг хэцүүгээр мэдэрч эхэлсэн МАН-ынханд буулт хийхээс илүү ямар нэг байдлаар хэрүүл хийж, онигооны эзэн болох нь таалагдаагүй л байлтай. Эднийг ингэж хаа хамаагүй юм ярьж, зовж зүдэрч байгааг харахаар бүлгийг нь байгуулаад өгчихөөсэй гэж хэлэх хүн олон болж. Дахиад жаахан цаг хугацаа өнгөрвөл бүлэг байгуулахаас болоод МАН-ынхан юу эсийг хийх нь байна шүү дээ.
Парламентад хов хутгаж, хэрүүл шуугиан хийж, нэг зүйлээ ярьдаг хоёр гурван сар “авгай нар”-ын тоо олшрох вий. УИХ-ын эмэгтэй гишүүд бүлэг байгуулаад хүүхэд, эрүүл мэнд, боловсролын асуудлыг хөндөж хуралдаад завгүй байхад эрчүүд нь хов ярьж суух ч гэж. Нэг нэгнийхээ өрөөгөөр хэсч, аяганы амсар зуухдаа л “Тэнд чи намайг тэгж ярьсан байна. Яах гэж тэгж ярьж байгаа юм бэ” гээд л ховоор үг хийхээс өөр ажил хийхгүй байх шиг ээ. Төрийн ордондоо УИХ-ын гишүүд нь “авгай нар” болчихоор бусад нь яах билээ. Нэг удаа харж үзэж, бүлгийг нь байгуулаад өгөөч АН-ынхаан.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан