Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Галсанбат ийм л хүн байж

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн үүсгэн байгуулагч, гавьяат Д.Галсанбат агсны 60 насны ой энэ онд тохиож буй. Айлын дунд хүү Д.Галсанбатыг рок попынхон хүндэтгэн том ах гэж авгайлна. Түүнээс насаар хамаагүй ахмад, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай хүртэл том ах гэх. Ц.Энхманлай, Д.Өлзий-Орших, И.Болоож, Д.Энхболд нарын өнөөдөр Монголдоо “толгой цохиж” яваа хөгжимчид түүнийг амьд сэрүүн ахуйд нь “Монголын нэг номерын гитарчин” гэдэг алдрыг өгсөн гэдэг. Том ах гитар тоглох аргын “А”-г тэдэнд заагаагүй ч, банзан гитартай ноцолдож эхэлсэн цагаасаа л түүний тоглосон аязыг дуурайх гэж хичээдэг байж л дээ. Өмнө нь, Монголд хүлээн зөвшөөрөгдсөн ийм хөгжимчин байгаагүй учир том ахыгаа дүү нар нь багш гэх нь аргагүй биз ээ. Түүнийг өнөөдөр хар бараанаар дурсах хүнийг олно гэвэл бүтэшгүй санаа. Харин таньж мэддэг байсан нэгнээс хөгжилтэй ганцхан дурсамжийг нь яриад өг гэвэл ам уралдан ярих хүн олон бий. Ингээд түүний талаар өдгөө ч яригддаг дурсамжийн нэгээхэн хэсгээс “горшоокны найз”, “Балетчин” хэмээн нөхөд нь дууддаг Ч.Энх-Амгалангаар ийн хуучлууллаа.

Шинэчлэлийн эхэн үед толгойтой бүхэн Эрээн рүү гахай үүрдэг байсан цаг. Цагаан сарын өмнөхөн Галсанбат, Энх-Амгалан хоёр ярьж сууснаа гэнэт Эрээн гарч сар шинийн бэлэг сэлт цуглуулахаар шийдэж. Замын-Үүдийн боомтын байцаагч нар гавьяатыг хүндэтгээд жигтэйхэн. Штамбыг нь хамгийн түрүүнд дарж өгөөд, эхний “УАЗ 69”-машинаар хил давжээ. Хятадын хил хаалттай байж таарав. Байцаагчдыг хүлээнгээ тэндхийн ажилчидтай том ах хятадаар ярьж, инээж хөөрөөд л сүйд. Энэ бүгдийг ажигласан байцаагч нар түүнийг овоо хараандаа авч, нутгийнх нь хэлээр сүрхий ярьж байсан болохоор паспортыг нь их л хянамгай үзэж гэнэ. Гэтэл мань хүний паспортных нь хугацаа дууссан байж. Ингээд нэгээс тавдугаар ангидаа хятад сургуульд сурсныхаа хэргийг гаргаж чадсангүй, хил зөрчигч болох нь тэр. Том ах сандарч авч явсан хэдэн төгрөгөө нөхөртөө өгч захиасаа хэлээд Замын-Үүдэд иртэл халаасандаа галт тэрэгний байтугай автобусны ч мөнгө авч үлдээгүйгээ мэджээ. Тэгсэн атлаа сохор зоос ч үгүй явсан тэрээр тэвэр дүүрэн жимстэй, гадаадаас ирж буй хүндэт зочин шиг л Улаанбаатарт маадгар буусан гэдэг. “Соёл-Эрдэнэ”-ийн Галсанбат ядарч явна гэнэ ээ. Паспортоо хятадуудад хураалгаад... гэсэн мэдээг бор шувуу галт тэргээр нэг тарааснаар зорчигчид хайртай уран бүтээлчдээ тусалсан нь энэ аж.
Тийм ч өндөр биш, бас тамирчин биш хөгжимчин атлаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аваргыг алгадсан гэвэл итгэх хүн цөөн л байх. Ийм явдал бас болжээ. Том ах “Улаанбаатар” ресторанд хооллож суув. Яг тэр үеэр Х.Баянмөнх аварга хэдэн тамирчин байрын том биетэй залуутай ороод ирж. Д.Галсанбат “Би аваргыг алгадчихвал та нар юу өгөх юм бэ” гэвэл нөхөд нь коньяк амлажээ. Д.Галсанбат хоол идээд суусан аваргатай өндрөөрөө яг зэрэгцэж байж. Аваргатай мэндлээд, “Сайн” гэж хариу  хэлээд гар барих гэхэд нь мөрийгөө авахын тулд түүнийг алгадаад авч л дээ. Хэдэн өдрийн дараа Ленин клубт сонсгол хийж, Баянмөнх аварга оролцжээ. Нийгмийн идэвх сайтай том ах хамгийн эхний эгнээнд сууж сонсчээ. Баянаа аваргад хүмүүс асуулт тавьж байв. Гэтэл нэг нөхөр “Аварга аа, таныг хүмүүс маш их хайрлаж, хүндэтгэдэг. Та тэдний хайрыг мэдэрдэг биз дээ” гэхэд аварга “Күмүүс янз бүрээр кайрлана шүү. Кайраа янз бүрээр илэрхийлдэг. Зарим нь алгадаж күртэл кайрладаг” гээд Д.Галсанбат руу инээж харсан гэдэг. Д.Галсанбат гэж ийм нэгэн хүн байж. Түүнийг шавь, найз нөхөд нь гэгээн дурсгалыг хүндэтгэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар хөгжмийн зохиолч, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионтой ярилцлаа.

Д.ГАЛСАНБАТ МОНГОЛЫН РОК ПОПЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ
-Та Д.Галсанбат агсантай хэр дотно нөхөрлөж байв?
-Галсанбат миний найз, багш л даа. Яагаад багш гэхээр надад анх гитар тоглохыг зааж байлаа. Миний гитарыг хөглөөд “Яргуйн дэлбээ зөөлөн бүүвэйлээд Яасан намуухан үдэш вэ...” гэж дуулаад акордыг нь надад зааж байсан юм. Би дүү Галсанжаргалтай нь нэг анги. Бидний бага нас 40 мянгатын байрны орцонд гитар нүдэж л өнгөрсөн дөө.
-Монголын рок попын анхдагчдын нэг бол “Соёл-Эрдэнэ” хамтлаг. Тухайн үед төр засгаас ч тэр рок поп урлагт нэлээн хатуу ханддаг байсан гэдэг?
-Барууны үзэл суртал гээд бөөн л юм болдог байлаа. Манай Галсанбат чинь 15-тайдаа дунд сургуулиа хаяж “Соёл-Эрдэнэ”-ийг байгуулж байлаа. Галсанбат гэрийнхнээсээ боловсрол нимгэнтэй нь ч нэрд гарсан нь. Тийм болохоор гэрийнхнээс нь ч гэсэн эсэргүүцэл ирж байсан л байх.
-Гэсэн ч Д.Галсанбат агсны хөдөлмөрийг төрөөс үнэлж гавьяат цолоор шагнасан шүү дээ?
-Монголын рок попынхноос хамгийн анхны гавьяат цолыг авч байлаа. Шагнуулаад Төрийн ордноос гарч ирээд филармони орох замд нь талбай дээр байсан хүн  бүр баяр хүргэж байсныг санаж байна. 1990-ээд оны үед Галсанбат  гавьяат цол хүртсэнээр рок поп урлаг айлын шоовдор хүүхэд шиг байхаа больсон. Тиймээс бид Галсанбатыгаа “Монголын рок поп урлагийн загалмайлсан эцэг” гэж үздэг юм.
-Тэрээр Монголын рок поп урлагт олон шавь, олон сайхан уран бүтээл үлдээсэн?
-Тэгэлгүй яахав. Хүмүүс дууг дуучнаар нь л мэддэг шүү дээ. Ая зохиогчийг нь төдийлэн сонирхдоггүй. “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Тэмээн жингийн цуваа”, “Хайрын хишиг”, “Үйлчин бүсгүй”, “Миний аз жаргалын дуу” гээд олон сайхан уран бүтээл үлдээсэн дээ.
-Энэ жил Д.Галсанбат агсны 60 жилийн ой тохиож байна. Түүний дурсгалыг хүндэтгэж хэд хэдэн ажил хийж байгаа гэсэн. Энэ талаар...?
-Галсанбаттай нөхөрлөж явсан хэсэг хүн нэгдээд гурван ажил хийхээр төлөвлөөд эхнээс нь хэрэгжүүлж байна. Галсанбатынхаа аав Дэмчигдорж гуайн нутаг Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийг хөөцөлдөж байгаад Галсанбатынхаа нэрэмжит болгосон. Мөн түүний амьд ахуй үеийн мөрөөдлийг биелүүлж, уран бүтээлээр  нь “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” нэртэй цомог гаргаад гэр бүлийнхэнд нь гардуулсан. Маргааш /өнөөдөр/ түүний идэр насаа өнгөрөөсөн Сансарын 56 дугаар байрны хананд дурсгалын самбар байрлуулах гэж байна.
-Яагаад тэр байрыг сонгох болсон юм бэ. 40 мянгатын байранд нь байрлуулбал зүгээр байсан юм биш үү?
-Их зөвлөлдөж байж шийдсэн. Галсанбат бага насандаа 40 мянгатад, идэр залуудаа Сансарт, сүүлийн жилүүддээ гуравдугаар хороололд амьдарч байсан. Сансарт байхдаа рок попыг үндэслэж байлаа. Тэнд аав, ах, дүү нартайгаа амьдарч байсан юм. Анх гал голомтоо бадраасан, анхны хүүхдээ өлгийдөн авсан болохоор тэр байрыг нь сонгосон доо.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан