Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орос монголын өрсөлдөгч болох уу


Дэлхийн 20 орны уул уурхай, нүүрс үйлдвэрлэлийн 176 фирм, байгууллагын төлөөлөгч оролцсон олон улсын нүүрсний форум ОХУ-ын Кемеров мужийн нүүрсний том хот Кузбасст болж буй. Уурхайчид, уул уурхайн машин үйлдвэрлэгчид, цахилгаан эрчим хүчний салбарынхан, нүүрс олборлогч, боловсруулах салбарын томоохон компанийн төлөөлөгчид дөрөв хоногийн хугацаанд танилцаж, харилцан санал бодлоо солилцон энэ салбарын хөгжлийн төлөв, цаашдын зорилт, хамтын ажиллагааны талаар ярилцаж эхэллээ.
ОХУ-ын Эрчим хүч­ний яамны нүүрсний үйлд­вэрлэлийн газрын дарга Константин Алексеев форумыг нээж хэлэхдээ ”Одоо нүүрсний салбарт хэдийнэ нүүрлэж эхлээд  буй эдийн засгийн шинэ хямралын үед дотоодын борлуулалтаас гадна зүүн өмнөд Азид борлуулах ажилд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа, нүүрсний хэрэгцээ нь өссөн Хятад, Өмнөд Солонгос, Япон болон Ази номхон далайн бусад орны зах зээлд гаргах хэрэгтэй байна” гэжээ.
Эндээс харахад, бидний сонирхож буй зах зээлийг умард хөрш маань хэдийнэ сонирхоод бүр судлаад эхэлчихэж. Орос түүн дотроо баруун Сибирь нүүрсээр баян нутаг. Оросын нүүрс үйлдвэрлэл жилээс жилд өсч, экспортолдог хэмжээ нь ч өссөөр байгаа. 1997 онд ердөө 23 сая тонн нүүрс гадаадад гаргаж байсан бол энэ 15 жилийн хугацаанд нүүрсний экспортынх нь хэмжээ тав дахин өсч, 2010 он гэхэд 116 сая тоннд хүрчээ. Бидний маш том зах зээл гэгддэг Хятадад коксжих нүүрс гаргадаг хоёр дахь том түнш нь Орос. Нөгөө талаар, умард хөрш ОХУ бидэнтэй адилгүй далайд гарцтай. Энэ нь, бидний “Манайхаас нүүрс авах болов уу” гэж горьдоод байгаа Япон, Солонгос улстай үндсэндээ хил залгаа орны нэг давуу тал нь.
Мэдээж, экспортолж буй, авч байгаа орон ч богино зам туулсан зардал багатай, хямд нүүрс л илүүтэй сонирхоно. Юутай ч, Оросын нүүрс үйлдвэрлэгчид өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэл, экспортоо тооцоод дотоодын зах зээлтэйгээ хамт гадаад зах зээлээ нарийн тооцож эхэлсэн байна. Хамгийн гол нь, эдийн засгийн шинэ хямрал, ялангуяа нүүрсний салбарын  талаар энд ярьж байгаа нь олон орны сонирхлыг татаж байна. Харин манай улсын хувьд төрийн мэдлийн хувь хишгийн мөнгө олж өгдөг “Эрдэнэс Таван толгой” компани экспортолно гэсэн хэмжээндээ хүрээгүй.
Үүнээс болж анх төлөв­лөсөн үнээ ч бууруулаад буй. Энэ мэт нүүрсний экспорт буурснаас үүсээд буй нөхцөл байдлын талаар нэг зорилготой, бас өрсөлдөгчид нэгэн танхимд цугларан жаргал зовлонгоо хуваалцаж байна. Форумын үеэр “Нүүрсийг гүний хэлбэрээр олборлох нь”, “Уурхайн барилга бай­гууламж”, “Нүүрсний сал­барын үйлдвэрлэлийн аюулгүй байдал”, “Нүүрсний уурхай дахь  метаны аюулгүй байдал” зэрэг салбар хуралдаан болох аж. Ирэх зууны Монголын хөгжлийг уул уурхай тодорхойлно, үүний нэг нь нүүрсний салбар гэж ярьдаг ч Налайх, Шарын голын техник технологи нь хоцрогдоод буй. Хэдийгээр олон улсад Монголын нэрийг таниулж буй Таван толгой цоо шинээр үйлдвэрлэлээ эрхэлж байгаа ч нүүрсний экспортоороо сан хөмрөгөө арвижуулдаг манай улс уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлье гэвэл шинэ техник технологи хамгийн чухал гэдгийг олон улсын энэ форум сануулж байгаагаараа ач холбогдолтой болж байна хэмээн манай улсын төлөөлөгчид үзэж байлаа.
Хамгийн гол нь, нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, түнш, өрсөлдөгчид цугларсан энэ форум эдийн засаг, экспортын гол түүхий эдээ ямар чиглэлээр хөгжүүлэх, хаанаас зах зээлээ яаж хайх талаар мэдээлэл өгсөн хурал болж байна гэдгийг оролцогчид ч дуу нэгтэй баталж байв.

Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан