Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Гансүх сайд ХБНГУ-д айлчлав


ХБНГУ-ын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд П.Рамзауэрын урилгаар Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохиогдсон төмөр замын олон улсын “Инно Транс” үзэсгэлэнд оролцож, энэ үеэр зохиогдсон төмөр замын байгууллагуудын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцов.

Сайд А.Гансүх энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцохын зэрэгцээ Холбооны Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд П.Рамзауэр, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн германы талын ахлагч Б.Хайтцер нартай уулзаж,  хоёр болоод олон талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Уулзалтын үеэр сайд А.Гансүх Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, Засгийн газраас хэрэгжүүлэх дэд бүтэцийн болон ялангуяа төмөр замын салбарт хэрэгжүүлэх гэж байгаа том төслүүдийн талаар мэдээлэл хийв. Уулзалтын явцад германы талаас төмөр замын салбарт техникийн туслалцаа үзүүлэх, мөн түүнчлэн төмөр замын салбарын боловсон хүчнийг сургах, давтан сургах асуудлаар тодорхой баримт бичиг байгуулахад бэлэн буйгаа мэдэгдэв. Хоёр тал төмөр зам болон авто замын салбарт европын стандарт, ялангуяа германы стандартыг Монгол Улсад нутагшуулах асуудлаар хамтран ажиллах бололцоотойг тэмдэглэн, ойрын хугацаанд энэ асуудлуудыг ажлын шугамаар хэлэлцэхээр тохиролцов. Мөн түүнчлэн германы талтай урьд өмнө нь байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгүүдийг шинэчлэн байгуулахаар санал солилцов.
Сайд А.Гансүх германы төмөр замын "Дойче Баан" ХК-ын Ерөнхийлөгч Р.Грубэ болон ОХУ-ын "Оросын төмөр зам" ХК-ны Ерөнхийлөгч В.И.Якунин нартай уулзаж, монголд төмөр зам шинээр барих, УБТЗ-ыг шинэчлэхэд хамтран ажиллах санал тавьж, дээрх асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцав. Зам тээврийн сайд А.Гансүх "Дойче Баан" ХК-ны Ерөнхийлөгч Р.Грубэг Монгол Улсад айлчлан, монголын төмөр замтай газар дээр нь танилцах саналыг тавьж, түүнийг албан ёсоор  урив.

Олон улсын төмөр замын технологи, шинэчлэлийн дэлхийд тэргүүлэгч болох “Инно Транс” үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдож ирсэн Төмөр замын байгууллагуудын тэргүүн нарын дээд хэмжээний энэхүү уулзалтад улс гүрнүүдийн зам тээврийн сайд нар болон төмөр замын удирдлагууд оролцдог бөгөөд энэ удаагийн уулзалтанд ОХУ, Франц, Испани, Монгол Улсын зам тээврийн сайд нар оролцов. “ИнноТранс” үзэсгэлэнг 1996 оноос хойш зохион байгуулж буй бөгөөд энэ жилийн үзэсгэлэнд 50 орчим орны 2510 гаруй байгууллага оролцож, төмөр зам, нийтийн тээврийн техникийн шинэчлэл болон ирээдүйн төмөр замын тээврийн үйлчилгээ, тасалбар түгээх шинэ технологи, туннель барих технологи, бүтээгдэхүүн зэргийг сурталчлан таниулах юм байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан