Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таныг дуудахад хүүхэд тань эргэж харахгүй бол

Бяцхан дүү минь хорвоо ертөнцийн анхны дуу авиаг хоёр хоногийн өмнө сонслоо. Энэ өдрийг хүртэл ээж, аавынхаа дуу хоолойг бүү хэл өөрийнхөө уйлахыг ч сонсоогүй дүү маань айх, гайхах нь зэрэгцэн анх  удаа өөрийнхөө нэрийг сонссон юм. Оюу-Эрдэнэ гэж...
Таван сартайгаасаа эмээгийнхээ гар дээр өссөн тэр үеийнхнээсээ өсөлт муутайгаас зуны сувилал, элсэн эмчилгээнд явснаар сая нэг сонсголгүй гэдгийг нь мэдсэн хэрэг л дээ. Бид итгэхгүй л байлаа. Итгэхийг ч хүсээгүй юм л даа. Харахад цоо эрүүл хүүхэд, инээнэ, уйлна, шулганана. Гэхдээ л сувиллын эмчийн зөвлөсний дагуу ЭХЭМТ-д бага насны хүүхдийн сонсголыг шалгадаг анхан шатны шинжилгээ “Вера”-г хийлгэв. Бас сонсголгүй гэдэгтэй нь ч эвлэрэв. Хүүхдийг унтаж байхад хийдэг энэ шинжилгээ  гадна орчны дуу авиаг хүлээж авч байгаа төвшинг  тогтоодог ажээ. Шинжилгээний хариугаа  чих хамар хоолойн “ЭМЖЖ” эмнэлгийн Сонсгол судлалын эмч, анагаах ухааны докторант М.Заяа эмчид үзүүлэв. Тэрээр “Хоёр чих нь сонсголын бууралттай. Зүүн чих нь арай дээр. Ямартай ч зургаан сар сонсголын аппарат зүү. Нэг аппарат нь 350 мянган төгрөгийн үнэтэй. Хоёр чихэнд нь зүүлгэвэл сайн.  Хэрэв үр дүнгүй бол дунгийн суулгацын хагалгаанд орох шаардлагатай. Хагалгааг гурав хүртэлх насны хүүхдэд хийвэл зургаан настайдаа жирийн сургуульд орох боломжтой. Хагалгааны үнэ 19500 ам.доллар. Эртнээс мөнгөө бэлдсэн нь дээр” гэсэн нь муу бас сайн мэдээ байлаа.  Муу нь  бусдын л адил орлоготой манайх шиг айлд 19500 ам.доллар гэдэг тийм ч амар цуглуулчих мөнгө биш. Харин сайн нь сонсголтой болно гэдэг итгэл найдвар байсан юм.
Ингээд хорооны тодорхойлолт, эмнэлгийн дүгнэлтээ дүүргийнхээ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст өгснөөр улсаас 90 хувийн зардлыг нь гаргаж, бид  70 мянган төгрөг төлөөд л дүү маань аппараттай болов. Гэвч аппаратдаа дасахгүй аваад шидчихнэ, амандаа үмхчихнэ. Сар бүр эмнэлэгтээ хянуулна. Нэг л мэдэхэд зургаан сар өнгөрч  “Вера” шинжилгээгээ ахин хийлгэлээ. Ахиц гарсан юм алга. Тиймээс “Дунгийн суулгац”-ын хагалгааг эрчимтэй сонирхож эхлэв. Чихний дун дотор байрладаг олон эс гадна орчны дуу чимээг тархинд дамжуулснаар хүн сонсдог ажээ. “Дунгийн суулгац”-ын хагалгаа бол тэр эсүүдийн оронд дуу дамжуулах үүрэгтэй электродуудыг дун дотор суулгаж гадна талын аппараттай холбосноор механикаар сонсголтой болгож буй хэрэг гэнэ. Биднийг хандахаас өмнө “ЭМЖЖ” эмнэлэг уг хагалгааг 2009 оноос хойш 15 хүүхдэд хийжээ. Дэлхийн зах зээлд нэг бүрийн үнэ 29500-30000 ам.доллараар худалдаалагддаг “Дунгийн суулгац”-ыг Эрүүл мэндийн яам Австралийн “Кохлеар” фирмтэй санамж бичиг байгуулж нэг бүрийн үнийг 19500 ам.доллараар тооцон 50 ширхгийг худалдан авах эрхийг “ЭМЖЖ” эмнэлэгт авч өгсөн нь энэ аж. Ер нь, дэлхийд уг хагалгааг хийх эрхтэй цөөн эмч байдгаас манайд Австрали, Хятад, Солонгос, Герман, Америк эмч нар ирж хагалгаа хийдэг гэнэ.
Өнгөрсөн зургадугаар сард ийм эрхтэй эмч нар Монголд семинар зохион байгуулж түүнийгээ тохиолдуулан “Дунгийн суулгац”-ын хагалгаа хийлгэхээр хүлээж буй гурав хүртэлх насны цөөн хүүхдэд хоёр мянган ам.долларын хөнгөлөлт үзүүлэх эрхийг олгоход дүү маань багтав. Бас дээрээс нь “ЭМЖЖ” эмнэлгийн зүгээс уян хатан хандаж гэрээ байгуулан үлдсэн төлбөрөө хагалгааны дараа төлж болохыг дуулгасан нь баяртай мэдээ байлаа. Учир нь, манай гэр бүлийнхэн өөрсдийн хураасан хэд дээрээ хамаатан садан, найз нөхдийн өгсөн хандив тусламжийг нэмээд үнэд хүрэх бүх зүйлээ зарж байж арай гэж 15000 ам.доллар цуглуулсан байв. Гэсэн ч өнгөрсөн зургадугаар сард хагалгаанд орохоор төлөвлөгдсөн дүү маань ханиад хүрч, чих нь үрэвссэн учир хойшлогдсоор энэ сарын 17-нд хагалгаанд орсон нь бас л аз дагуулав. Европын орнуудад л хийгдсэн хамгийн сүүлийн үеийн суулгацыг Азийн орнуудаас Монголд анх удаа тэгээд бүр миний дүүд суулгасан юм. Энэ шинэ суулгац өндөр үнэтэй ч гэсэн анх удаа болохоор өмнөх суулгацын үнээр ирсэн. Хамгийн бага алдаа заадаг бас өмнөх суулгацуудаас хамгийн нимгэн нь тул хагалгааны дараа шарх бага үүсдэг. Тиймээс хагалгааны маргаашаас л дуу чимээг сонсох боломжтой гэдгээрээ давуу байв.  Өмнө нь, “Дунгийн суулгац”-ын хагалгаанд орсон хүүхэд 15 хоногоос сарын дараа дуу чимээ сонсдог байсан аж. Гурван цаг үргэлжлэх энэ хагалгаа харьцангуй хөнгөнд тооцогддог. Гэсэн ч чихний ойролцоохь мэдрэлийн гурван судасны дундуур хийгддэг болохоор хүндрэл гарвал арга хэмжээ авах боломжийг олгодоггүй биеийн байдал нь маш хурдан мууддаг эрсдэлтэй гэв. Гэхдээ өмнө нь Монголд хийгдэж байсан хагалгаануудын үед хүндрэл гарч байгаагүй учраас айх зүйлгүй гэдгийг эмч нар сануулж байлаа.
“Дунгийн суулгац”-ын хагалгааг хийх олон улсын эрхтэй, Хятадын эмч Сао Кэй Ли, “ЭМЖЖ” эмнэлгийн гүйцэтгэх захирал, хүний их эмч, доктор Э.Жаргалхүү нар хамтран дүүд маань “Дунгийн суулгац”-ын хагалгааг амжилттай хийснээр энэ хорвоо дээрх дуу чимээг өөрийнхөөрөө сонсч, аавынх нь өгсөн нэрээр нь Оюу-Эрдэнэ ээ гэж дуудахад эргэж хардаг, хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгдэхгүй, жирийн хүүхдүүдийн адил сургуульд сурах боломжийг олгож өгсөн билээ.
Дүү маань одоохондоо дуу чимээг сонсч байгаа ч дөнгөж төрсөн хүүхэд шиг сонссоноо ялгаж чадахгүй байгаа. Хагалгааны дараахь хэл заслын хичээлд явсны үр дүнд юм ярьж сурах учиртай. “ЭМЖЖ” эмнэлэгт хагалгаанд орсон хүүхдүүдэд зориулсан хэл заслын сургалт явуулдаг сургууль ч байдаг. Гэхдээ хамгийн гол хэл заслын багш нар нь гэр бүлийнхэн нь. Өчигдөр дүүгээ эргэхээр очихдоо хоёр сарын өмнө “Дунгийн суулгац”-ын хагалгаанд орсон дөрвөн настай Цагаанбаяртай таарлаа. Ээж нь “Миний хүү хоёр сарын дотор дөрвөн үг хэлж чаддаг болсон” гээд л бөөн баяр явна билээ. Миний дүү ч гэсэн удахгүй олон үг сурна.
Дүүд минь олдсон энэ боломж олон бяцхан хүүхдэд ч бас тохиогоосой гэсэндээ тоочин бичлээ. Ээж, аав та хүүхэд тань таныг дуудахад эргэж харахгүй бол эртхэн эмнэлэгт хандаарай.

Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
АЗ жаргал хүсье.
uneheer saihan niitlel bna. tanai ger buliinhend hamgiin gol ni byachan duud chini bayar hurgeed, az jargalyg husii
Хамгийн их уншсан