Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Содхүү нойрноосоо сэрлээ, харин бусад нь хэзээ вэ

Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгаас болж хүний амь эрсдээд байгаатай холбогдуулан Улсын Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү НМХГ-ын барилгын хяналтыг өөрийнхөө мэдэлд ажиллуулж 10 хоногийн хугацаанд энэ барилгуудыг шалгаж нягтлахыг үүрэг болгож байна.
Тэр бас зөвшөөрөлгүй барилгуудын барилгын ажлыг зогсоохыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд “үүрэгдлээ”.
Уг нь Р.Содхүү УМХГ-ын даргаар томилогдоод бас ч гэж хэдэн жилийн нүүр үзсэн билээ. Зөвшөөрөлгүй баригдаад байгаа барилгууд ч гэнэт л өчигдөр уржигдар босоод эхлээгүй. Аль аль нь МАН-ыг засгийн эрх барьж байхаас л үүдэлтэй.
Тэгэхээр УИХ-ын сонгууль болтол, барилгын ажлаас болж хүний амь эрсдэх энэ есдүгээр сарыг хүртэл Р.Содхүү дарга ажлаа яаж явуулж юу хийж байсан юм бол гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна.
Р.Содхүү дарга ийнхүү нойрноос гэнэт сэрж, энд тэндэхийн хүнд үүрэг өгөхөөс өмнө харин ч Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ асуудлыг анхааралдаа авч Нийслэлийн МХГ-ын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Харамсалтай нь намаараа цус ойртож нэг нэгийгээ ивээлд авсан болохоор Р.Содхүү тэр хатагтайг халаагүй, тэр нь ч сандалдаа шигдчихээд идээд сууж байх хооронд нь дахиад хоёр ч осол гарчихлаа.
Ер нь МАН эрх барьж байх үед мэргэжлийн хяналт гэдэг байгууллага энэ намын томцуулын ах дүү, хамаатан садан, найз нөхдийн шургалж амжиргаагаа дээшлүүлэх үүр болсон гэхэд хилсдэхгүй.
Мэргэжлийн хяналтын байцаагч, улсын байцаагч гэдэг дархан эрхтэй хүмүүс. Тэдэнд торгууль бичихээс эхлүүлээд ажил үйлчилгээг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах эрх бий. Харамсалтай нь Мэргэжлийн хяналт гэдэг байгууллага, энд ажиллаж байгаа хүмүүс энэ эрх мэдлээ нийгэмд шударга ёс тогтоох, хууль дүрмийг мөрдүүлэх, улмаар хүн ардын эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөөнөө бус өөрсдийнхөө амжиргааг дээшлүүлэх хэрэгсэл болгочихсон нь яван явсаар өнөөдрийн ийм байдал хүрч байна.
Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид зоогийн газар, дэлгүүр, массаж, үсчний газруудыг  хаана, зөвшөөрлийг нь хураана хэмээн дарамталж түүгээр үнэгүй үйлчлүүлдэг, бэлэг сэлт авдаг, баяр ёслол, хүүхдийнхээ хичээл сургуулийн хэрэгслийг бэлтгүүлдэг гээд хийдэггүй муу зүйл гэж байхгүй. Ингэснээрээ ч тэр газруудаа хаацайлан халхалж толгойг нь илдэг. Нийслэлийн Багануур дүүрэгт ”Азийн чоно” архинаас өчнөөн хүн хордож амь насаа алдаж байхад тэр аж ахуйн нэгж нь өчнөөн өргөмжлөлтэй, “тэргүүний” газар байсан жишээ үүнийг гэрчилнэ.
Зөвшөөрөлгүй барилга нийслэл хотод 70 гаруй баригдаад ажил нь явсаар байхад УМХГ, нийслэлийн МХГ хаагуур нь өнгөрч юу хийж байсан хэрэг вэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч нөхөр “манайх 10-аадхан байцаагчтай. Барилга бүр дээр очоод хараад зогсч байж чадахгүй” хэмээн хэдэрлэж сууна. Уг нь өдөр бүр дэргэд нь зогсч бай гээгүй, анхнаас нь шалгаж нягтлаад ном журмаар нь бариулах, зөвшөөрөлгүй, хууль бус бол эхлүүлэхгүй байх, зогсоох ажлыг хариуцдаг газар байлтай. Тэгтэл 70-80 барилгыг зөвшөөрөлгүй бариад бүр арван хэдэн давхар болгочихоод байхад сайндаа л 250 мянган төгрөгөөр торгоод, толгойг нь илээд сууж байсныгаа юугаар тайлбарлах вэ.
Юутай ч хөрөнгийн биржийн захирал гэж байгаад гэнэт л МХЕГ-ын даргаар очсон Р.Содбаатар гэдэг хүн ямар ажил хийх ёстойгоо сая л нэг юм гэнэт ухаарч нойрноос сэрж байгаа бололтой. Хожуу ч гэсэн ухаарч байгаа нь бас яахав дээ. Гэхдээ л мэргэжлийн хяналт гэдэг байгууллага хянаж шалгах, бүх зүйлийг ном журмын нь дагуу байлгах ёстой байгууллага болохоос биш хэн нэгэн даргын нөмөр нөөлөгний хүний амжиргаагаа дээшлүүлдэг газар биш гэдгийг ганцхан Р.Содхүү даргад биш энэ байгууллагын бүхий л ажилтнуудад ухааруулах хэрэгтэй байна.

Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан