Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хэн нь бяртай вэ?


БНХАУ ба Япон хоорондын газар нутгийн маргаан улам ч ээдрээтэй болсоор. Хоёр талын аль нь түрүүлж буулт хийсэн нь олон улсын тавцан дээр нэр, нүүрээ алдаж зиндаа буурах дээрээ туллаа. Иймд үед зэр зэвсгийн техник ба технологийн “ботенциал” шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Япон дэлхийн хоёрдугаар дайны үед “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” улсын нэг байсан болохоор үндсэн хуулиар зэвсэгт хүчинтэй, өөрөөр хэлбэл армитай байхыг хориглосон улс. Тиймдээ ч өөрийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахаас бусад зориулалттай зэвсэг, техник боловсруулах хориотой. Манай урд хөрш элдэв зэвсгийг хэний ч хяналт, хоригоос айлгүйгээр боловсруулах боломжтой.
Япон нь Өрнөдийн ертөнцийн тун ч чамин шигтгээ болоод удсан. Тиймдээ ч зохиогчийн эрхээс эхлээд бүх л хорио цээрийг ягштал мөрддөг. Хүний санааг хамаагүй хулгайлаад байж чадахгүй. Үгүй бол эдийн засгийн, улс төрийн гээд олон хориг арга хэмжээнд өртөн тун ч таагүй байдалд орно. Харин БНХАУ нь Наран улсаас давуутай.

Хэний ч хамаагүй ямар ч зэвсгийг дуурайлган хийж чадна. Хэн ч торгууль нэхэгүй, уурлаж ч чадахгүй. Зөвлөлтийн үеийн бараг бүх зэвсэг, техникийг дуурайлгаж, өөрийн болгож хийсэн байдаг нь үүний тод жишээ.
Бас нэг ноцтой зүйл бол БНХАУ цөмийн зэвсгийн хүчин чадлаараа Орос, АНУ-ын дараа орох хүчирхэг гүрэн. Тиймээс ч Япончууд Хойд Солонгосын аюул гэдгээр халхавч хийж байгаад пуужингийн дайралтаас эсэргүүцэн хамгаалах системийг АНУ-аас худалдан авсан. Америкчууд ч ойрын хэдэн жилийн дотор пуужингийн довтолгооноос хамгаалах нэмэлт радарыг Японд байрлуулахаар болсон.
Зөвлөлт задран унасны дараа тэдний техник, технологийг эрчимтэй худалдан авч, өөрийн болгосноор Японы нисэх хүчинд байгаа Америкийн сөнөөгч онгоцуудтай эн тэнцэх өөрийн гэсэн онгоцуудтай болоод авсан. Хариуд нь Япончууд F-35 гэсэн нэршилтэй тав дахь үеийн сөнөөгч онгоцын ойрын хоёр гурвын жилийн дотор зэвсэглэлдээ авах гэж байна. Үүний эсрэг Хятадын тал ойрын 5-7 жилийн дотор өөрийн гэсэн тав дахь үеийн сөнөөгчтэй болох хөтөлбөрөө ид хэрэгжүүлж байна. БНХАУ  нь Зөвлөлтийн үеийн Т-80 танк дээр суурилаад өөрийн гэсэн орчин үеийн танктай болж байгаа сургаар Япончууд ч зөвхөн өөрийн ололт дээр суурилсан “Түре-10” гэдэг танктай болсон.
Япон электрон технологи өндөр хөгжсөн улс болохоор Хятад ч энэ талаархи хоцрогдлоо нөхөх гэж уйгагүй ажиллаж байна. Жишээлэхэд, өөрийн гэсэн хиймэл дагуулуудаас бүрдүүлсэн “Бэйду” нэртэй GPS системтэй болох гэж байна.  Харин Япончууд энэ тал дээр АНУ-ын амыг харахаас өөр аргагүй.
Япон арлын улс болохоор Тэнгисийн цэргийн хүчин өндөр хүчин чадалтай байхаас ч өөр аргагүй. БНХАУ ч энэ хоцрогдлоо нөхөхөөр уйгагүй ажиллаж байна. Өнгөрсөн зууны 80-аад оны эхээр Зөвлөлтийн технологийн дагуу цөмийн шумбагч завьтай болсон. Ийм шумбагчууд Японы аюулгүй байдлын гол баталгаа болсон АНУ-ын адил шумбагчуудтай зүйрлүүлэх ч аргагүй байсан нь мэдээж. Зөвлөлт улс задран унасны дараа Оросуудын арчайгүйдлийг далимдуулан олон технологийг асар хямд үнээр өөрийн болгосноор хамгийн сүүлийн үеийн цөмийн шумбагч онгоцтой болох төсөл нь төгсгөлийн шатандаа явж байна.
Эцэст нь дэлхийн хэмжээнд нөлөөтэй улсуудын бярыг илтгэх нэг зүйл байдаг. Энэ бол байлдааны онгоц тээгч аварга усан онгоцууд. Орчин үед ийм онгоцтой АНУ, Их Британи, Франц, Орос гэсэн дөрвөн улс л байдаг. Эдгээрээс хамгийн хүчирхэг нисэх онгоц тээгчтэй гүрэн бол АНУ. Иймдээ ч энэ улс өөрт нь заналхийлж байна гэсэн дурын улсаа бөмбөгдөж дарамтлах боломжтой, боломжоо ч чадварлагаар ашиглаж байгаа. Харин өчигдөр Хятадын Тэнгисийн цэргийн хүчин анхныхаа нисэх онгоц тээгчээ албан ёсоор эгнээндээ авлаа. БНХАУ нь Зөвлөлтийн үед баригдаж байсан “Варяг” нэртэй нисэх онгоц тээгчийг 1998 онд төмрийн хаягдлын үнээр худалдаж аваад өөрийн болгож, шинэчлэн өөрчлөх ажлыг 2005 оноос эхлээд өчигдөр дуусч байгаа нь энэ юм. Ингэснээр БНХАУ нь эдийн засаг, зэвсэгт хүчний чадлаар яалт ч үгүй их гүрэн болж хувирч байгаа билээ. Харин Японд ойрын долоо найман жилдээ л нисэх онгоц тээгчтэй болж чадахгүй.
Энэ мэтээр байдал тун ч түгшүүртэй. Дээр нь хэдхэн хоногийн дараа БНХАУ байгуулагдсаны баяр болох гэж байна. Социалист улс хэвээр байгаа болохоор улсынхаа баярыг тохиолдуулаад нисэх онгоц тээгчээс өөр ямар зэвсгийг ашиглах болсноо дэлхийн нийтэд харуулж бяраа илтгэх бол гэдэг л хамгийнг гол асуудал болж байна. Ямартаа ч ирэх сарын 1 бол хоёр улсын хоорондох зөрчилдөөний хамгийн оргил үе болно.
Харин Япон, БНХАУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн болбол АНУ яалт ч үгүй нарангуудын талд орохоос өөр аргагүй. Ингэвэл зүгээр нэг мөргөлдөөн бус цөмийн дайн болж хувирах аюултай. Хөгжил гэдэг ямагт хоёр талтай байх юм даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан