Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН шинэчлэлийн Засгийн газраас гарах уу

УИХ-ын ээлжит сонгуульд дангаараа засгийн эрх барихаар ялалт байгуулсан улс төрийн хүчин гараагүй. АН-ын хувьд парламентад хамгийн олон суудал авч, бусад нам, эвсэлтэй хамтран Засгийн газраа эмхлэн байгуулах эрх өвөртөлсөн. Тиймээс ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран олонхийг бүрдүүлж, Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ханцуй шамлан ажиллаж байна.
Гэхдээ олны дунд энэ Засгийн газар хэр үр дүнтэй ажиллах бол гэхээс илүү хугацаанаасаа өмнө ямар нэг шалтгаанаар задрах вий, өмнөх хамтарсан Засгийн газар шиг хэврэг байх вий гэсэн болгоомжлол үүсээд буй. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн нам эвсэл ирэх дөрвөн жил хамтран ажиллахаар болсон учир тэднийг нэг шуудайнд хийсэн үхрийн эвэртэй зүйрлэж болох нь. АН-ын удирдлагууд ч аль нам нь хэзээ, юунаас болж Шинэчлэлийн Засгийн газраас гарна гээд хэлчих бол гэсэн айдас, түгшүүртэй яваа гэдгийг үгүйсгэх аргагүй.
Парламент дахь сөрөг хүчин болох МАН-ынхан УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөс хойш чуулганы хуралдаанд суухгүй, “Манай хоёр нэр дэвшигчийн асуудлыг хурдан шийдвэрлэж өг”. “Манай намын бүлгийг албан ёсоор байгуулагдсан гэж зарла”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олго” гэх мэт шаардлага тавьж, тулгалт хийсэн шигээ намын эрх ашгаа нэгдүгээрт эрэмбэлчихсэн яваа. Ийм байдлаар тэд парламентын ажлыг нэг хэсэг гацаанд оруулсныг уншигчид маань мэдэж буй биз.
Харин дараагийн шантааж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс ирэх вий гэсэн болгоомжлолын тухай сарын өмнө манай сонин хөндсөн удаатай. Тухайн үед “МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд ял оноож, хэлмэгдүүлэх юм бол манай эвсэл Хамтарсан Засгийн газраас гарах болно” хэмээн тус эвслийн зарим гишүүн ярьсан удаатай. Энэ тухай бүр Удирдах зөвлөл нь хуралдаж, гаргасан тогтоолдоо хүртэл  тусгасан байгаа.Тодруулбал, эл тогтоолд “Засгийн газар байгуулахад болон түүний үйл ажиллагаа явж байх хугацаанд төр засгийн аливаа институцийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлт гаргах аваас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцаж буй хэлэлцээг зогсоох бөгөөд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэдгээ ил тод мэдэгдсүгэй” гэсэн байгаа.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр даргад холбогдох хэргийг маргааш /өнөөдөр/ давж заалдах шатны шүүх хэлэлцэж, шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаа. МАН-ын олон арван гишүүн өнөөдөр /өчигдөр/ МАХН-ын гишүүнчлэлээ сэргээлээ. Энэ үеэр ахмад гишүүд маань саналаа хэлсэн. АН ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан. Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээнд шударга бус үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй гэдгийг тусгасан байгаа. Бид ч хэлмэгдүүлэлт, шударга бус үйлдлийн эсрэг байна гэсэн байр сууриндаа хатуу зогсоно. Тиймээс давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргахыг хүлээнэ. Удахгүй болох намынхаа бага чуулганаар Шинэчлэлийн Засгийн газар хамтран ажиллах гэрээгээ хэр биелүүлж буйд дүгнэлт хийнэ” гэж өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
Түүний энэ ярианаас хэрэв давж заалдах шатны шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт оноосон ялыг хэвээр үлдээвэл, намынхаа Бага чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрын хамтран ажиллах гэрээг дүгнэж, цаашид хамтран ажиллах эсэхээ шийднэ гэсэн санаа цухалзаж байна гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй л байх.
“Шударга ёс” эвслийн тэр дун­даа МАХН-ын зарим гишүүн АН хэлмэгдүүлэлт, шударга бус зүйлийн эсрэг байна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаснаа хэрэгжүүлэхгүй бол Шинэчлэлийн Засгийн газраас гарч МАН-ынхантай ч хамтарч ажиллахад болохгүй гэх газаргүй хэмээн ил цагаан ярьж бай­на билээ. Энэ бүхнээс үзвэл, МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан өдгөө шоронд суугаа Н.Энхбаяраас энэ Засгийн газрын ирээдүй шийдэгдэх нь бололтой.     

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан