Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анир чимээгүйн ноёрхол аравдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ

Парламентын үйл ажиллагаа зогсолтгүй байх ёстой. Хором цаг мөч бүртэй уралдан ажиллаж, улс орноо хөгжүүлэх нь эрхэм түшээдийн үүрэг болохоор тэр. Гэхдээ энэ нь зөвхөн билгэдлийн чанартай, цагаан дээр хараар бичсэн тунхаг болов уу. Учир нь, ээлжит бус чуулган өндөрлөснөөс хойш төрийн түшээдийн бараа сураг алдарлаа. Тоотой хэдэн гишүүн л хаа нэг парламентын шаргал ордонд байх өрөөгөөрөө үзэгдэх. Сайд нар ч яахав яам, агентлагуудын ажилтай танилцах, өвлийн бэлтгэл ажил хангах, салбарын шинэчлэл гээд явж байгаа. Харин эрхэм гишүүд нь хаана явна вэ. Өнөөдөр Төрийн ордон ийм л дүр зурагтай, хууль тогтоох өргөөнд ажин түжин ноёлсоор байна. Хааяа нэг хурал зөвлөлгөөн болж байгааг эс тооцвол Төрийн ордонд ялаа нисэх чимээ ч сонсогдохоор. Ерөнхийдөө эрхэм түшээд маань амралттай байгаа нь энэ. Арга ч үгүй биз. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, амралтын цагаас нь хумсалсан болохоор багагүй ядарсан байж таараа. Иймээс л хонх дуугарахтай зэрэгцэн амралтаа авч, тэмдэглэхээр одсон бололтой.
Одоогоор төрийн гал голомтыг сахин үлдсэн хүн ховорхон байна гэхэд хилсдэхгүй байх. Төрийн тэргүүн АНУ-д айлчилж байгаа бол Засгийн газрын тэргүүн хөдөө орон нутагт ажиллаж байгаа. Одоогоор гал голомтоо сахиж байгаа нь УИХ-ын дарга л болж байх шиг. Тэрээр орон нутгийн ажил байдал, ургац хураах ажилтай танилцаж яваад саяхан ирсэн. Ерөнхийдөө гишүүд амралттай байгаа тул туслахууд нь ч үзэгдэхгүй. Дарга нь байхгүй юм хойно тэд юу ч хийх билээ. Өрөөний мухар сахин суух залхуутай байдаг болов уу. Тиймээс ч даргатайгаа зэрэгцэн амралт зохион хаа нэгтээ явсан бололтой.
Харин зарим түшээ ажлын байрныхаа орчинг сайжруулж, тухтай болгохоор өрөөндөө засвар хийлгэж байна. Магадгүй өмнө нь тухалж байсан эрхмийн зассан байдал нь таалагдахгүй, тухайн орчинд ажил хийж, хүнтэй уулзахад тухгүй байсан тул өөрчлөлт хийхээр шийдсэн биз. Өөрөөр хэлбэл, ханын өнгө, хаалганы бариул нь шинэхэн түшээдэд таалагдахгүй байгаа гэсэн жиг жуг яриа хэсүүчилнэ. Иймээс ч ээлжит чуулган эхлэхээс урьтан засвар хийлгэж, ажлаа хийх таатай, тавлагхан нөхцөлийг бүрдүүлэхээр шийдсэн гэнэ. Юутай ч, ажиллах орчноо өөртөө тохируулан бүрдүүлчихэж байгаа юм хойно ирэх дөрвөн жилд ихийг хийж бүтээх нь гарцаагүй биз. Мөн тэдний амрах агшин маш зөв цагаар таардаг гэж ярих хүн ч бий. Зуны сар зургаа, намрын сар найм биш хахир өвлийн хүйтнээс өмнө тархиа сэргээн амрах нь түшээдийн түмэн зөв байлгүй яахав. Хууль тогтоох гэж тархиа гашилган суудаг тэд түрхэн заяах энэхүү хугацаанд элдвийг бодолгүй амрах хэрэгтэй. Намрын ургац хураах, өвлийн бэлтгэлд санаа зовоод ч хэрэггүй шүү дээ. Болдог зүйл ёсоороо л явна гэж өмөөрөх. Ээлжит чуулган эхлэхээр өвлийн бэлтгэл хангагдсан уу, үр тариа, ногоо хэдэн тонныг хураав гээд л биелэлтийг нь мэдчихнэ. Хэрэв дутуу дулимаг бол биелүүл гэж үүрэгдээд л гүйцээ. Яагаад гэвэл гишүүд ярьж, бусад нь гүйцэтгэх жамтай. Тиймээс хийх ажилгүй тэд амарч зугаалахаас өөр яах ч билээ. Гэхдээ хэт назгай байгаа мэт. Уг нь, өдийд ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа бэлтгэж, ядаж ажлын хэсгүүд хуралдаж байх учиртайсан. Ийм ажил хийж байгаа талаар огт сураг ажиггүй. Намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр 11 асуудал жагсаасан байгаа.
Хэлэлцүүлэгт бэлтгэх, боловсруулах ажил хаана хийгдэж байгаа юм бүү мэд. Хууль тогтоох дээд байгууллагын шаргал ордон доторхи өрөө танхимд л лав ийм ажил огт явагдахгүй байна. Ажлын хэсэг цуглаж ярилцана, хуралдлаа гэсэн мэдээлэл ч алга.
Ээлжит бус чуулганы хугацаанд алжаасан гишүүд нь намрын налгар өдрүүд дуусахаас өмнө ядаргаагаа тайлахаар амраад ажиг сураггүй алга болчихлоо. Анир, чимээгүйн ноёрхол аравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бололтой.

Э.Мөнгөн
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан