Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЙГАЛИЙН БАЯЛГАА ТҮҮХИЙГЭЭР НЬ ЗӨӨВӨРЛӨХГҮЙГЭЭР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ.
Хатагтай, ноёд оо,

Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулган эхэлж байна. Та бид анхдугаар болон ээлжит бус чуулганаар сонгуулийн үр дүнг баталгаажуулж, бү­рэн эрхээ хэрэгжүүлж эхэл­сэн. Мөн Засгийн газрыг эмх­лэн байгуулах, мөрийн хө­төлбөрийг нь батлах, төс­вийн тодотгол хийх зэрэг улс орны тулгамдсан асуудлууд, шаардлагатай хуулиудыг хэлэлцэн баталсан билээ.

Сүүлийн гурван жилд Монгол Улсын эдийн засаг эрчимтэй тэлсэн хэдий ч, дотоодын эдийн засгийн дархлааг сайжруулах, эрсдэ­лийг багасгах замаар эдийн засгийн урт хугацааны тэнцвэртэй бөгөөд хүр­тээмжтэй өсөлтийг хангах, гадаад зах зээлийн сөрөг нөлөөлөл, хямралыг зөөллөх хариуцлагатай цаг үе тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний болон үйлчилгээний үнийн өсөлт, инфляцын төвшин хоёр оронтой тооноос давж, ард иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөн ядуурал, амьдралын төвшний ялгааг улам нэмэгдүүлсээр байна. Иргэдийн орлого амьдралд нь хүрэлцэхгүй, үнийн өсөлт, авлига, хээл хахууль, хүнд сурталд да­рамт­лагдаж, өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн онгон байгаль маань сүйдэн бохирдож, монгол хүний аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.  Цөөн тооны уул уур­хайн бүтээгдэхүүний экспорт, тэдгээрийн дэлхийн зах зээл дэх үнийн төлөв байдлаас хамааралтай манай улсын эдийн засаг эмзэг, хараат байдалтай байсаар байна. Иймээс иргэдийнхээ санал санаачлагад суурьлан тэдний оролцоотойгоор эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн бод­логыг эхлүүлэх, хэрэгжүүлэх зорилт биелүүлэхээр Улсын Их Хурал, Засгийн газраас дорвитой шийдэмгий алхмууд хийх шаардлагатай байна.

Энэ намрын ээлжит чуулганаар ирэх 2013 оны Улсын төсөв, төрөөс  мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Хүний хөгжил болон Нийгмийн даатгалын сангийн төсөв, 2011 оны улсын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан зэрэг хуулиар тогтоогдсон асуудлуудыг хэлэл­цэн батлах болно.
2013 оны төсөв нь шинээр батлагдсан Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн тогт­вортой байдлын тухай хуулиар тогтоогдсон шаардлагад ний­цүүлэгдэн батлагдах ёстой. Төсвийн бодлогыг оновчтой тодорхойлон хэрэгжүүлэх үүд­нээс эдийн засгийн хямрал, экс­портын гол нэрийн бараа, бү­тээгдэхүүн болсон зэс, бүх төрлийн нүүрсний эрэлт ба­гасч, үнэ буурснаас төсвийн ор­лого төлөвлөж байснаас ба­гасч байгаа нь төсвийн ор­логыг нэмэгдүүлэх, бусад бо­ломжит эх үүсвэрүүдийг дайч­лах, зардлыг хэмнэх шаардлага үүсч байна.

Төсвийн тогтвортой байд­лын тухай хуулийн дагуу 2013 онд “Төсвийн тогт­вор­жуу­­лалтын сан”-д нэлээд их хэмжээний хөрөнгө төв­лөрүүлэхээр тооцоолж байгаа нь зөвхөн төсөвт өөрт нь үүсч болзошгүй эрсдэл тө­дийгүй  төс­вөөс шалтгаалан эдийн засаг, нийгэмд үүсч болзошгүй эрсдэлээс хам­гаалах чухал баталгаа болно.
Төсвийн хөрөнгө оруу­лалтын үр ашиг, сахилга ха­риуц­­лагыг дээшлүүлэх, “Орон нутгийн хөгжлийн сан”-д олгох хөрөнгийг ихээхэн нэ­мэг­дүүлэх замаар орон нут­гийн хөгжлийг дэмжих, төсвийн ил тод байдал, иргэдэд төсвийн төлөвлөлтөнд оролцох, гүйцэтгэлд хяналт тавих боломжийг олгох зэрэг шууд ардчиллын зарчмууд Төсвийн тухай шинэ хуулиар хэрэгжиж эхлэх болно.
Дэд бүтэц болон бүтээн бай­гуулалтын томоохон төс­лүү­дийг санхүүжүүлэхдээ зөв­­­­­­­­­­­­­­х­өн төсвийн хөрөнгө бо­лон Засгийн газрын бон­дыг зарсан хөрөнгөөр хяз­гаар­­­­лагдахгүйгээр эдийн зас­­­гийн болон мөнгөний бод­логын хүрээнд бусад арга механизмыг эрэлхийлэн олж, ашиглах шаардлагатай.

Монгол Улсын эдийн зас­гийн голлох хүч болсон уул уурхайн салбарт байгалийн баялгийг түүхийгээр нь зөөвөрлөж, богино хугацаанд шавхах биш,  харин нэгдсэн, цэгцтэй бодлогын үндсэн дээр эдийн засгийн тогтвортой өсөлтөд чиглэгдсэн, байгаль ор­чинд ээлтэй, ногоон хөгжлийн загварт суурилсан бо­ловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх бодлогыг хэрэг­жүүлнэ.  Халамжийн бодлогын хү­рээнд хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгох, “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийн дагуу 2010-2012 онд хувь, хишгээ аваагүй иргэдийн мөнгийг 2013 онд нөхөж олгохоор төлөвлөж байна.
Санхүүгийн тогтвортой байд­лыг хадгалсан, эрэлтийн гарал үүсэл, нийлүүлэлтийн хомс­­долоос үүдэлтэй инф­ляцыг хязгаарласан, бараа бүтээгдэхүүний үнийг бү­хэлд нь тогтворжуулахад чиглэ­сэн, шинэлэг бөгөөд идэвхтэй мөнгөний бодлого  баримтална.

Макро эдийн засгийн түв­шинд хөгжлийн урт хугацааны зорилт тавьж, ирээдүйгээ харсан, хэтийн өсөлтийг баталгаажуулсан, харилцан уялдаатай төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоом­жийг эргэн харах, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч байна. Үүний тулд 2016 он хүртэл хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг энэ удаагийн чуул­ганаар хэлэлцэж батална. Энэхүү үндсэн чиглэлийг ба­талс­наар ирэх дөрвөн жилд нийгмийн харилцааг зохи­цуулах хууль тогтоомжийн эрэмблэлийг тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг сис­темтэй, төлөвлөгөөтэй явуу­лах,  нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг зохицуулах хуулиудыг батлах өргөн утгаараа эрх зүйн шинэчлэлийн дараачийн үе шатыг эхлүүлэх чухал ач холбогдолтой юм.

Өнгөрсөн жилүүдэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч болон хууль сахиулах байгууллагуудтай холбоотой шүүмжлэл тасралтгүй гарч, эдгээр шүүмжлэлүүдийн цаана иргэн хүний хамгийн үнэт баялаг болох эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж ирлээ.
Мөнгөтэй хөрөнгөтэйд нь үйлчилдэггүй атлаа эгэл борчуудыг олон жилээр торны цаана суулгадаг манай эрүүгийн хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаа бизнес эрхлэгчдэд хүртэл дарамт саад учруулж, эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болж байгааг бид харсаар, мэдсээр байсан хэрнээ олон жилийн туршид энэ байдлыг засах, шинэчлэх талаар ямар нэг алхам хийгээгүйгээс болж, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаалтнууд хуулийг үл хүндэтгэх хандлага газар авч байна. Иргэдийн хууль, хууль хяналтын байгууллагад итгэх итгэл суларч байгаа нь нууц биш. Иймээс шүүх болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улс залгамж чанараа хадгалсан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлнэ. Дэлхийн улс орнуудтай эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрсаг харилцаагаа бэхжүүлнэ. Бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэхэд Улсын Их Хурал анхааран ажиллана. Хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрх ашгийг тууштай хамгаалж, иргэдээ гадаадад зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлүүлэхэд санаачлагатай ажиллах, Монгол эх орноо гадаад улс оронд  сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрдэс баялгийн болон бусад салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллах ёстой. Стратегийн болон иж бүрэн түншлэлийн харилцаагаа хоёр хөрш болон гуравдагч хөрш улс холбоодтой бататган бэхжүүлж, тэнцвэртэй, нэгдмэл гадаад бодлого, гадаад харилцааны зарчмыг баримтална.

“Хадгаламжийн даатгалын тухай”, “Үнэт цаасны зах зээлийн тухай”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурал үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Улсын Их Хурлын Тамгын газраас Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд үзүүлж буй мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэгийг үр дүнтэй, оновчтой, шуурхай болгох зорилгоор Тамгын газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох саналыг боловсруулж байна.
Удахгүй улс орон даяар Орон нутгийн Хурлын сонгууль болно. Сонгуулийг цаг хугацаанд нь сонгогч иргэдийн оролцоог бүрэн хангасан, элдэв зөрчил, хууль бус үйлдлийг гаргахгүй, шударга зохион байгуулах нь Сонгуулийн Ерөнхий Хороо болон бүх шатны сонгуулийн байгууллагуудын үүрэг юм.
Эрхэм Улсын Их Хурлын гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.      

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан