Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын үүд хаалга нээлттэй, явж ч болно, орж ч болно

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар уламжлалт мэдээллээ сэтгүүлчдэд хийлээ. Ирэх сарын 21-нд болох Орон нутгийн сонгуульд МАН олны тусын төлөө гэдэг зарчим баримталж орох болсоноо мэдэгдсэн юм. Түүний хэлснээр МАН-ын шинэчлэл олны тусын төлөө байх аж. Тиймдээ ч орон нутгийн сонгуульд МАН ялсан газар болгонд нутгийн өөрөө удирдах зарчмыг баримталж аймаг, сумын Засаг дарга нарыг ард иргэдийн санал асуулгаар, иргэдийн өөрсдийнх нь саналаар сонгоно гэдгээ мэдэгдлээ. АН-аас баталсан орон нутгийн сонгуулийн хууль нь аймаг, сумыг намын харьяаллаар хэтэрхий их талцуулсан гэдгийг тэрээр өгүүлсэн юм. Түүнчлэн энэ сонгуулийн хуулийг АН олонхиороо хүч түрэн, шөнө оройгоор хуралдаж, ирцгүйгээр үүр цүүрээр, сэм баталсан хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар дүгнэв.
Эл хуулийн хувьд давуу тал гэхээсээ илүүтэй, сул тал олон байгааг МАН-ын гишүүд дэмжигчид санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрчээ. Нэг ёсондоо МАН-ын хүчийг сулруулах гэсэн хууль болсон гэж үзэж байгаа аж.
Хэдийгээр ийм хууль болсон ч МАН сонгуульд оролцох тактикаа боловсруулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулж СЕХ-нд батлуулахад бэлэн болжээ. нэр дэвшигчдээ харин намын удирдлагууд бус жирийн гишүүд нууц санал хураалтаар тодруулах юм байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас дараахь асуултад хариу авсан юм.

-Орон нутгийн сонгуульд МАН ялсан газар болгон тухайн орон нутгийн Засаг даргыг олон нийтээс сонгоно гэлээ. Энэ нь хуульд хэр нийцэж байгаа юм бол. Хууль зөрчсөн асуудал биш биз дээ?
-Энэ хууль зөрчихгүй. МАН-ын хуульчдын баг үүнд анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Тухайн орон нутгийг ямар хүнээр удирдуулахаа иргэд л сонгогдог байх ёстой. Тэр утгаараа бид ийм шийдвэрт хүрсэн. Иргэд хэнд итгэж байна түүнийгээ л сонгог. Түүнээс намын харьяалалаар гээд сайд дарга нар өөрийнхөө хамаатан садныг араас нь түлхээд байх хэрэггүй. Ер нь, тэгээд энэ асуудлаар иргэдээс санал асуулга явуулна.

-МАН-аас маш олон хүн МАХН руу явж байна. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
-МАН бол нээлттэй ардчилсан нам. Энэ намд чин сэтгэлээсээ итгэж, МАН л эх орныг удирдах юм байна гэж итгэж байгаа мянга мянган гишүүн бий. МАН-ыг төрийн эрх барихаар элсч ордог, сөрөг хүчин байх үед нь гардаг хүн ч бий. Ийм хүмүүс одоо хэрвээ байгаа бол, МАН-д итгэхгүй байгаа бол явж болно. МАН-ын үүд хаалга нээлтэй. Мөн гудамжинд явж байгаад МАН-д элсэе гэж орж ирэх хүн ч бий. Энэ хүмүүсийг бид элсүүлж байна. Гэхдээ түүнийгээ сүр дуулиантай зарлахгүй. МАН бол хэлмэгдсэн нам. 1921 оноос хойш анхны долоотойгоо хэмлэгдэж байсан. Тэглээ гээд бидний, энэ намын ноён нуруу хугараагүй.

-МАН-аас УИХ-д дөрвөн суудал авах уу үгүй гэдэг асуудал эргэлзээтэй байна. Намын удирдлагын хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?
-МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан Чинзориг, Төмөрхүү хоёрыг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад АН-ынхан улс төрийн зорилгоор буруутай мэтээр нийгэмд сөрөг мэдээлэл цацаж байгаа. Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулахгүй удаашруулж байгаа нь бас л улс төрийн зорилготой шүү дээ. Тиймээс бид буруу бүхний төлөө тэмцэнэ. Шударга үнэнийг тогтоохын төлөө тэмцэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан