Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцэг эхчүүд ээ. Хүүхдийнхээ мөнгийг хэрхэн яаж авахаа эндээс хараарай

Шинэчлэлийн гэх эвслийн Засгийн газраа эвсэлтэй нийлж байгуулсан АН-ынхан 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг өгөхөөр болоод байгаа. Энэ бол анх өгч байгаа нэр томъёо биш. Өмнө ч Ардчилсан нам “Хүүхдийн мөнгө”-ийг санаачилж хэрэгжүүлж байсан. Тэгвэл энэ мөнгөө хэрхэн авах талаар уншигчдад дараахь мэдээллийг хүргэж байна.

Хүүхдийн мөнгөө хэзээ авах авч эхлэх вэ?

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байгаа хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэх үед улсын төсөвт суулгасан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг энэ сарын 20-оос авч эхлэх нь. Нэг талаас энэ мөнгөөр дамжуулан иргэдээ халамжилж, нэг ёсондоо аавынх нь архины мөнгийг бэлдэж өгч байна гэсэн шүүмжлэл гарч бий. Тэгвэл үүнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Тийм шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ арай ч хүүхдийнхээ мөнгөөр архи уугаад байдаг эцэг эх байхгүй байх” гэсэн юм.

Хүүхдийн мөнгөө хэрхэн хаанаас авах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

Хүүхдийн мөнгийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Ингэхийн тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр дээр өөрийн сонгосон дурын банкинд очиж данс нээлгэнэ. Өмнө нь хүүхдийн мөнгө олгох гэж банкны үүдэнд урт дараалал үүсгэж, эцэг эхчүүдийг бухимдуулдаг байсан. Харин энэ удаад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Төрийн сан, Монгол банк, Нийгмийн хамгаалал, үйлчилгээний ерөнхий газар хамтран ажлын хэсэг гаргаж энэ мөнгийг цахимаар өгөх нь иргэдэд ямар нэгэн чирэгдэл үүсгэхгүй юм байна гэсний үндсэн дээр арилжааны банкуудад данс нээх нь зөв гэдэгт хүрчээ. Тэгвэл арилжааны банкуудад данс нээлгэхэд ямар нэгэн хураамж авахгүй байхаар тохиролцжээ. Зөвхөн эцэг, эхчүүд данс нээлгэх маягт бөглөөд иргэний цахим үнэмлэхтэйгээ очиход л хангалттай. Мөн насанд хүрч мөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон 16 насныхан мөн цахим үнэмлэхтэйгээ очиж данс нээлгэх нь. Хамгийн гол нь иргэний цахим үнэмлэхээ авсан байх шаардлага тавьж байгаа гэнэ. Мөн эцэг эхчүүд зөвхөн нэг банк л сонгох ёстой аж. Хэрэв хоёр өөр банкинд нэг хүүхдийн нэр дээр данс нээлгэсэн бол тухайн мөнгө шилжихгүй болохыг албаныхан анхааруулж байна.

Хүүхдийн мөнгийг нийт хэдэн хүүхэд хүртэх эрхтэй вэ. Нийтдээ хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?

Улсын хэмжээнд хүүхдийн мөнгийг 170 орчим мянган хүүхэд авах эрхтэй болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ мөнгийг жилийн хугацаанд өгөхөд 59 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэж үзжээ. Мөнгө өгч байгаа зорилго нь хүн амын нөхөн үржихүй, өсөлтийг дэмжих гэдгийг салбарын сайд хэлсэн. Нэг талаараа хүүхдийн эрх зүйн болон эдийн засгийн таатай орчинг дэмжих зорилготой гэдгийг санаачлагчид өгүүлэв.

Хүүхдүүд өөрийнхөө нэр дээр байгаа хадгаламжийн данс руугаа мөнгөө хийлгэж болох уу. Өмнө нь авч байсан хүүхдийн дэвтэрийнхээ дансаар авах боломжтой юу?

Эцэг эхчүүд хүүхдийнхээ мөнгийг хэрхэн ашиглах нь дурын асуудал байх. Гэхдээ төрөөс хүүхдэд нь өгч байгаа мөнгийг хадгаламж руу хийж болно. Ингэхийн тулд хуучин дансаараа мөнгө авч болохгүй. Заавал арилжааны банкинд данс нээлгэснээр мөнгө авах эрх нь нээгдэнэ. Харин тухайн банктайгаа ярьж тохиролцоод мөнгөө хадгаламжийн данс руугаа шууд шилжүүлэх эсэхийг эцэг эхчүүд өөрсдөө шийдэх боломжтой гэнэ.

Эрх чөлөөгөө хасуулсан хүүхэд энэ мөнгөнөөс хүртэх эрхтэй юу?

Хүүхэд л бол хүүхэд. Эрх чөлөөгөө хасуулж, хорих газар хүмүүжиж байгаа хүүхэд энэ мөнгөөс хүртэх эрхтэй. Ингэхийн тулд ШШГЕГ-ын харьяа тухайн анги нь 0-18 насны хэдэн хүүхэд байгаа болох тоогоо гаргаж, тэднийхээ нэр дээр хадгаламжийн данс нээлгэх ёстой гэнэ. Ингэснээр тухайн хүүхэд хэзээ эрх чөлөөтэй болно тэр болтол нь төрөөс өгөх мөнгө нь дансанд нь хадгалагдаж байх юм байна. Мөн асрамжийн газарт байгаа хүүхдийн нэр ч дээрхтэй адил хадгаламжийн данс нээх аж. Хүүхэд насанд хүрч мөнгөө захиран зарцуулах эрхтэй болсон хойноо хадгаламжийн данснаасаа мөнгө авах боломжтой гэнэ. Түүнээс тухайн байгууллагын удирдлагууд хүүхдийн мөнгөнд гараа дүрэх эрхгүй байхаар хуульчилжээ.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан