Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН ОДОО Л АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ АЖИЛЛАХ НЬ

УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдал МАН-ынханд их зүйлийг ухааруулж, намаа шинэчлэхэд хүргэсэн гэдгийг олон хүн хэлдэг. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар өчигдөр МАН олон нийтэд нээлттэй нам болж, ард түмний эрх ашиг, тусын төлөө ажиллана гэж мэдэгдлээ. Ухаарал нь тэднийг намаа шинэчлэх ажилд хөтөлсөн ч гэж хэлж болох нь. Долоо хоног бүрийн мягмар гарагт сэтгүүлчидтэй “болзож”, намынхаа дотоод болон цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож байхаар болов. Энэ удаад МАН-ын генсек орон нутгийн сонгуулийн асуудлаар намынхаа байр суурийг илэрхийлсэн юм.  

МАН-ын хүчийг сулруулж, саналыг нь хуваах хууль

МАН-ын генсек Г.Занданшатар саяхан батлагдсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг МАН-ын хүчийг сулруулж, санал хуваах хууль болсон хэмээн дүгнэж буйгаа илэрхийллээ. Тэрээр “Энэ хуулийг АН-ынхан дангаараа, чуулганы хуралдааны ирц бүрдүүлэхгүй, ард иргэдээр хэлэлцүүлэхгүйгээр өөрсдийн таашаалд нийцүүлж баталсан. УИХ хүчний байгууллага болж хувирчээ. Асуудлыг хүчээр шийдэж байгаа. Тиймээс Монголын ардчилал эрсдэлд орлоо гэж дүгнэж болохоор байна” гэв. Аймаг, сумын Засаг даргыг ард иргэд өөрсдөө сонгодог болъё, орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын эхээр явуулъя гэж МАН-ынхны тавьсан саналыг хүлээж аваагүй нь тэднийг ийн эгдүүцэхэд хүргэжээ. Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд зохион байгуулахаар товлочихоод буй. Өвлийн хүйтэн ид эхлэх үеэр малчид сонгуульд яаж саналаа өгөх юм бэ гэдгийг ч хөндөв. МАН-ынхны үзэж буйгаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа гэнэ.     

Зөвхөн олны тусын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ

МАН шинэчлэлийн бодлогын үндсэн зарчим бол “Олны тусын төлөө, хүний төлөө нам байх”. Орон нутгийн сонгуульд “Ард түмнээсээ сонгоё” гэсэн бодлого, зарчим баримталж оролцох юм байна. Тэдний уриа нь ч бас энэ гэв. Орон нутгийн сонгуульд зөвхөн олны тусын төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг нэр дэвшүүлэхээ ч мэдэгдэв. Орон даяар МАН-ын бүх үүр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг намын жирийн гишүүд нууц санал хураалтаар тодруулж байгаа гэнэ. Үүнд намын удирдлага, Удирдах зөвлөл оролцохгүй хэмээн МАН-ын генсек Г.Занданшатар мэдэгдлээ.
Энэ намынхны баримталж буй зарчмаар бол аймаг, сумын Засаг дарга, иргэдийн төлөөлөгч нь зөвхөн олны төлөө ажиллах сэтгэлтэй хүн байх ёстой гэнэ. Жишээ нь, Баян-Өлгийн Цэнгэл суманд хүчтэй аадар бороо орж үер бууж, иргэн Дондогт зовлон учирвал сумын Засаг дарга нь л усны гутал, борооны цув өмсчихөөд иргэн Дондогийн төлөө ажиллана. Ийм л хүн Засаг дарга болох ёстой гэнэ. Тиймээс ийм л хүнийг олж МАН орон нутгийн сонгуульд сойх нь.

“Албан тушаалын төлөө яваа бол манай намаас гарч болно”

МАН-ын 400 орчим гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээчихээд буй. Тэгээд ч ардчилсан нийгэмд аль намын үзэл баримтлалыг дэмжих нь тухайн хүний эрх. Аль нэг намд элсч, гарах эрх нь ч нээлттэй.
МАН-ын генсекээс цөөнгүй гишүүнээ МАХН-д элссэнд ямар байр суурьтай явааг нь асуухад “Манай намд олон хүн элсэхээр ирж байна. Элсүүлж ч байна. Үүнийг нэг их сүр дуулиан болгомооргүй байна. МАН мөнхөд Засгийн эрх барихгүй. Сөрөг хүчин болсон энэ цаг үед намаас гарах тохиолдол гарч л байна” гэж хариулав.  Цаашид МАН олны төлөө ажиллах хүмүүсийн нам болж шинэчлэгдэх юм гэнэ. Тиймээс “Олны төлөө гэсэн сэтгэлгүй, зөвхөн албан тушаалын төлөө яваа хүмүүс байвал манай намаас гарч болно” гэсэн үгийг ч генсек нь сэтгүүлчдээр дайлаа.

0 Сэтгэгдэл
МАН зайл о
Хамгийн их уншсан