Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИНФЛЯЦЫГ ГАНЦ ОРОНТОЙ ТООНД БАРЬЖ ЧАДАХ УУ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогын төслийг хэлэлцлээ. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын  талаар төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Байнгын хорооны хуралд оролцсон гишүүдэд танилцуулсан юм. Төв банкнаас оруулж ирсэн төсөлд амаа булаан давхидаг адуу мал шиг инфляцыг мөнгөний бодлогоор чөдөрлөж, тогтоохоор тусгаж. Тодруулбал, иргэдийн амьжиргааг доройтуулагч нөхөр инфляц гуайг нам төвшинд байлгах юм байна.

Мөн Засгийн газартай хамтран ажиллаж аливаа нийлүүлэлтийн гаралтай инфляцын нөлөөллийг хязгаарлаж, хазаарлах бодлого баримтална гэж байлаа. Ийнхүү засагтай хамтрах нь маш үр дүнтэй гэж үзсэн байна. Ерөнхийдөө хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн буюу мах, шатахуунаас маш их хамааралтайгаар инфляц өсөх, уруудах нь шийдэгддэг. Иймд дээрх бүтээгдэхүүний ханшийг хэлбэлзүүлэхгүй байлгаж, тодорхой хэмжээгээр буулгах ажлыг Засгийн газар зохион байгуулах үүргийг хүлээж байна. Уг шаардлагыг биелүүлчихвэл Монголбанкныхны төсөөлж байгаа зүйл биелнэ. Инфляц найман хувиас элэн хальж, өндөрт гарч, хаданд авирахгүй нь. Хэрэв ирж буй онд дээрх байдлаар чөдөр аргамжаагаа хийж чадвал 2014-2015 онд өшөө ч буулгах боломж бүрдэх юм байна. Бүр 5-7 хувьд инфляцаа барих гэнэ. Үүнийгээ ч Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлдөө тусгажээ. Яагаад ийнхүү тооцох болов, хоосон амлалт уу гэх асуулт хариу нэхэв. Тэгвэл судалгаагаар инфляцын босго тогтоолт нь бэхжиж буй орон 7-12 хувь, дэлхийн дундаж нь найман хувь байдаг аж. Иймд уг жишгийг харгалзан үзэж ирэх онд найман хувиас хэтрүүлэхгүй хэмээн ам бардам хэлж, хийж хэрэгжүүлэхээр зориг шулууджээ.

Үе үеийн Засгийн газар үнийн хөөрөгдлөөс үүсдэг нөхцөл байдлыг ганцхан оронтой тоонд барих төсөл сугавчлан оруулж ирдэг байсан. Гэвч тэр нь хэзээ ч ажил хэрэг болж байгаагүй. Аргамжиж, чөдөрлөсөн инфляц нь оосор, уяагаа тасдан хадуурч 20 түүнээс дээш хувьд хүрч байсан тохиолдол олон. Чухам ямар учраас хараандаа байлгах ёстой инфляцаа алдчихав гэсэн асуулт тавихад хойд хөршийн шатахууны үнэ нэмэгдсэн, ченжүүд махны ханш хөөрөгдсөнөөс гэсэн бусдад буруугаа бухсан хариулт өгдөг байсан. Бидний буруу гэж хэлж байсан түүхгүй. Үүнийг зарим гишүүн хэлж, шүүмжилж байлаа.

Харин энэ удаад шинэчлэлийн Засгийн газар, Төв банкнинд шинээр томилогдсон ерөнхийлөгчтэй хамжиж, дэмнэн амлаж буй найман хувьдаа барьж чадах болов уу гэсэн таавар уралдаж эхлэлээ. Ямартай ч, тэд амлаж байна. Хэрэгжүүлж чадахгүй бол хариуцлагаа ч хүлээх биз. Харин одоо үр дүнг нь хүлээх л үлдэж байх шиг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан