Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БҮЖИГЛЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ЖҮЖИГЛЭХ АВЬЯАС ШААРДДАГ БАЛЕТ “СПАРТАК”


Ромын эзэнт улсын цэргийн жанжин Красс ёс зүйг уландаа гишгэж, зэрлэг араатан мэт авирлана. Түүний явж өнгөрсөн газар бүрд хот тосгон үнс нурам болж, хүн ард нь эрх чөлөөгүй боол болж байлаа. Түүний дээрэнгүй зан газар авч эрчүүдийг бүгдийг нь  гянданд хорьсноор хүчинд автагдсан Спартак хайрт Фригиягаасаа хагацав...

Красс үзэсгэлэнт Фригия­гийн гоо үзэсгэлэнд унаж, шунал хүслээ барьж ядан байхад татвар эм Эгина түүнд саад хийж, хайр сэтгэлээ Крассад илчилнэ. Энэ мөчийг ашиглан Фригия оргож чаддаг. Зугаа цэнгэлд мансуурсан Красс цус үзэж сэтгэлээ хангахаар шийдэж, баг өмссөн хоёр гладиаторыг ордонд авчирч, аль өрсч нэгнийгээ ялсан нь  амьдрах ёстой гэнэ. Амь өрссөн тэмцэлдээний эцэст ялж гарсан Гладиаторын багийг авахад Спартак байлаа.

Спартак “Би чинь өөр шигээ эрх чөлөөгүй нөхрийнхөө амь насыг хөнөөсөн яргачин боллоо” хэмээн ихэд шаналах авч хэсэг боолын хамт шоронгоос оргодог. Тэд малчид дээр ирж, эрх чөлөөг нь хамгаалснаар зоригт Спартак тэдний удирдагчаар өргөмжлөгдөнө. Тэрээр өөрийн гэсэн цэргүүдтэй болж Крассын ордонг эзлэн түүнийг шударга тэмцэлд дуудаж тэд тулалдана. Тэгээд Крассыг ялдаг. Боолынхоо өмнө ингэж шившгээ тарьснаас алж өгөхийг гуйх боловч Спартак шившигт Крассыг хөөж явуулав. Удалгүй Крассынхан босогчдыг хүйс тэмтрэхээр хөдлөхөд, Крассад дурласан Эгина түүний өмнө гавъяа байгуулахаар шийдэж Спартакчуудын хуарангийн зүг хөдлөв. Эгинагийн алхам бүр “Спартак болгоомжил! Уур хорслоор дүүрэн эмэгтэй хүн юу хийж чаддагийг чи үзэх болно” гэх шиг...

Ялагдалд хүрч бол­зош­гүйгээ ойлгосон Спартак “Эрх чөлөөгүй амьдарснаас эрэлхгээр тулалдаж үхсэн нь дээр” гэхэд үнэнч нөхөд эцсээ хүртэл тулалдахаар тангараглав. Гэсэн ч Эгина сээхэлзүүр хүүхнүүдээ дагуу­лан Спартакийн хуаранд очиж малчид голдуу цэргүүдийг урвуулан хүчийг сэлбэхэд, Красс Эгинаг хөхүүлэн шагналаа. Сүүлчийн тулаан. Крассын дайчид Спартакийн бүлгийг бүслэн авч, хүч тэнцвэргүй тулаанд Спартакийн үнэнч нөхөд амь эрсдэв. Ганцаар үлдсэн Спартак ариун үйлсийн төлөө өвдөг сөхрөлгүй тэмцсээр атаат дайсны гарт амь эрсдэв.

Хэдий эмгэнэлтэйгээр төг­сөх боловч үнэнч хайр дурлал, эр зоригийг харуулж чадсан гэдгээрээ мөн бүжигчнээс жүжиглэлт хамгийн их шаард­дагаараа  бусад сонгодог бүжгэн жүжгүүдээс ялгаатай. Хөгжмөөр амьдралын баяр баясгалан, дайн тэм­цэл, хагацлыг хүчтэй, хурц, өнгөлөг, яруу тодоор илэрхийлдэг учраас мөн хөгжмийн гайхамшигт бүтээл ч гэж үнэлэгддэг. УДБЭТ маргааш болох 50 дахь улирлын тоглолтуудаа хүчирхэг “Спартак”-аар нээ­хээр бэлтгэж байхад нь очлоо. XXI зууны уран бүтээлчид анх тоглож байгаа  гэдгээр нь онцлон түүхэн ойгоо нээхээр болсон нь энэ. Тайз засал, хувцас хэрэглэл гээд бүх зүйл нь шинэчлэгдсэн “Спартак”-ыг балетмейстер Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвагийн цомнолоор, манай анхны “Спартак”-ын Эгина, Монгол Улсын гавьяат жүжигчин, балетмейстер Х.Гэрэлчимэг сэргээн тавих тавих гэж байгаа юм. Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ,ерөнхий зураачаар Ч.Гун­гаасүх нар ажиллах бол юм.  УДБЭТ-ын гоцлол балетчин О.Ганцоож Спартакд тоглох бол хорон муу санаат Крассын дүрд А.Өлзий-Орших бүжиглэхээр бэлтгэлээ хийж байна. Спартакын дурлалт бүсгүй болох үзэсгэлэнт Фригияд Г.Цолмон, хайр дурлалынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй Эгинад Ч.Ганчимэг нар бүжиглэх юм.

Бэлтгэлийн үеэр балет­мейстер Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва гуай байнга хамт байж залгамж халаа залуу уран бүтээлчдэд үнэтэй сургаалиа хайрласан. Тэрээр “Энэ балет бол сайн бүжиглэхээс илүү маш сайн жүжиглэл шаарддаг болохоор дүрдээ сэтгэлээсээ орох ёстой. Тэгэхгүй бол сармагчин шиг л харагдана шүү” хэмээн аминчлан захиж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан